ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хагас жарныг тээвэрлэгч”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-07

Их хотынхон нойрноосоо сэрж амжаагүй үүрийн гэгээнээр тэр ажилдаа гардаг. Амьдрал буцалсан Улаанбаатарын өглөөг бүхнээс түрүүлэн угтаж, бүгдийг амарсны дараа л гэртээ харина. Нойрмог хотыг хөл хөдөлгөөнд оруулж ажилтайг ажилд нь сургуультайг сургуульд нь хүргэдэг автобусны жолооч. Өглөө, оройн хоёр бүрэнхийн хооронд ажилладаг энэ ажилдаа тэр үнэхээр хайртай. Хариуцсан ажилдаа эзэн байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа эгэл жирийн энэ жолоочийг Э.Очирхуяг гэдэг. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазын жолоочоор 32 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай, тулхтай жолооч нарын нэг аж. Хагас жарны турш нийслэлчүүдийг зөөсөн түүгээр уншигч та ч бас нэг бус удаа үйлчлүүлж байсан болов уу. Амьдралынхаа ихэнх цагийг жолооны ард өнгөрүүлж, ар гэр үр хүүхдээ сэрэхээс нь өмнө гараад унтсаны дараа очдог ийм ажлыг жолоочийн мэргэжилд үнэнхүү дурласан хүн л хийж чадна. Э.Очирхуяг бол мэргэжилдээ дурласан, мэргэшсэн нэгэн мөн. Тиймгүйсэн бол амьдралын­хаа бүтэн 32 жилийг энэ ажилд зориулахгүй байсан нь мэдээж. “Зундаа мандах нар, өвөлдөө үүрийн гэгээтэй уралдан бүхнээс түрүүлж ажилдаа гарахдаа дуртай. Автобусууд баазаас нэгэн зэрэг хөдлөн зүг бүрт гарах нь хамгийн сайхан мэдрэмж” хэмээн ярих нь түүнийг ажилдаа хэрхэн ханддагийг харуулах. Түүний хэлсэн энэ ганцхан өгүүлбэрээс хандлага гэдэг ямар ч энгийн зүйлийг ер бусын гайхалтай мэдрэмж болгож болохыг харуулж буй. Магадгүй ажлыг хийхээс л өөр сонголтгүй зовлон мэтээр хардаг хэн бүхэнд түүний энгийн хэрнээ манай нийгэмд  хамгийн их дутагдаж байгаа талыг олоод хэлчихсэн энэ өгүүлбэр маш том эргэлт болох ч юм билүү хэн мэдлээ. Ажилдаа дуртай байна гэдэг жаргал. Үүрэг гүйцэтгэх төдий бус дурлаж хийнэ гэдэг гайхамшигтай. Тэр хэрээрээ амжилттай, үр дүнтэй байдаг гэдгийг жолооч Э.Очирхуяг өөрийн биеэр үлгэрлэж яваа нэгэн аж.

Тийм ч учраас түүний хөдөлмөрийг төр үнэлж саяхан Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол” тэмдгийг олгосон юм. Тэрбээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөснийхөө үр дүнд ийнхүү нийтийн тээврийн салбараас төрсөн анхны Үйлчилгээний гавьяат болсон билээ. Хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, түүгээрээ ажиллаж, бүр салбартаа гавьяатай нэгэн гэдгээ батлан харуулах нь  хэн хүнд тохиогоод байхгүй ховорхон хувь заяа. Өнөө цагийн Э.Очирхуяг гавьяат тэртээ 1966 онд жирийн нэгэн тээвэрчний гэрт төржээ. Түүний аав н.Эрдэнэхүү мөн л жолоочийн ажилд дурласан, түүндээ насаараа зүтгэж үр хүүхдээ хүний зэрэгт хүргэ­сэн энгийн нэг жолооч байж. Аав шигээ жолооч болохыг ухаан орсон цагаасаа мөрөөд­сөн Э.Очирхуяг зурга­дугаар ангиасаа эхлэн аавыгаа даган тээвэрт явж эхэлжээ. Түүний аав Барилгын гуравдугаар баазын жолоочоор насаараа ажил­ласан нэгэн аж. Жолоочийн мэргэжилд дур­ласан залуу хүү 1984 онд арван жилийн сургуулиа төгсүүт цэргийн албанд татагджээ. Энэ үед ч тэрбээр дурласан ажлаасаа хөндийрөөгүйгээр үл барам Ардын армийн 089-р ангид жолооч, байлдагчаар алба хааснаа одоо ч бахархан ярьж байна. Нийтийн тээврийн гавьяат жолооч болсноосоо илүү ардын армид жолооч байснаараа бахархан суух энэ эгэл хүн монголын тээврийн салбарт хийсэн зүйлтэй, үлдэх мөртэй нэгэн мөнөөс мөн. 
Амьдрал руу та инээм­сэг­лэж чадвал, эргээд танд алгаа дэлгэнэ гэдэг. Хэний ч танихгүй жолооч Э.Очир­хуяг амьдрал руу инээм­сэглэж чаджээ. Тийм учраас түүнд сайхан хамт олон, сайн хань, үр хүүхэд гээд бүхнийг өгсөн гэлтэй. Түүнийг ажлынхан нь Очироо хэмээн дууддаг. Түүний тухай нийтлэл бичих хүсэлтэй байгаагаа уламжлахтай зэрэгцэн ажлын хамт олон нь түүнийг хэрхэн үнэлдгээ өөр өөрийнхөөрөө бичээд манай сонинд ирүүлсэн байлаа.

Том жижиг, хазгай муруй, гаргацтай гаргацгүй ч гэлээ тэр олон гар бичмэлээс тэр сайн жолоочоос гадна сайн сурган хүмүүжүүлэгч, ах, багш, найз гэдэг нь харагдаж байв. Хамгийн гол нь хүн бүрийн ирүүлсэн бичигт хариуцлагатай байдлыг үлгэрлэдэг гэх өгүүлбэр байсныг энд зориуд өгүүлье гэж бодсоноо нуух юун. Хамт олноос нь ирүүлсэн сэтгэлийн үгсээс Э.Очирхуяг гэдэг жолооч зүгээр ч нэг ажилдаа дуртай жолооч бус хүрээлэн буй хүмүүстээ сайхан энерги түгээж байдаг гэрэлтэй хүн юм даа гэсэн бодол төрж байлаа. Магад тийм ч учраас өмнө нь хэлсэнчлэн амьдрал түүнд алгаа дэлгэж сайхан хүмүүсийг илгээсэн болов уу. Амьдралаас олсон хамгийн сайхан бэлэг нь мэдээж түүний хань. Гурван хүүхэд нь. Тэрбээр Зорчигч тээврийн нэгтгэл гэх энэ их айлд 21-хэн настай орж ирж байсан гэдэг. Энэ л үед тэр насны ханьтайгаа энэ байгууллагад учирч, хөл алдан дэрвэж явжээ. Автобус-1 баазад ажилд орох үед түүний ирээдүйн гэргий тус байгууллагад тогоочоор ажилд ороод удаагүй байж. Дурлалт бүсгүйгээ харах гэж цайны цагийг тэсгэл алдан хүлээдэг байсан үеэ Э.Очирхуяг гуай уяран дурсах дуртай аж. Тэрбээр “Харанга” хамтлагийн үнэнч фэн бөгөөд автобус баазаас төрсөн залуу хос анхны болзоогоороо “Харанга” хамтлагийн тог­лолт үзэж байжээ. Гэтэл Э.Очирхуяг тээврийн сал­барын гавьяат ажилтан цол тэдгийг авсан тэр билэгт өдөр тус хамтлагийн хоёр гишүүн мөн гавьяат цол хүртэн, Төрийн ордонд тэд хамтдаа дурсгалын зураг татуулж байсан нь сонин тохиол хэмээн ярив. Үнэхээр ч амьдралд утга учиргүй зүйл гэж байхгүй мэт. Ерөөс Э.Очирхуягийн ярианаас ажилдаа дуртай байх, түүндээ хариуцлагатай байна гэдэг хэчнээн сайхан болохыг мэдэрнэ.

“Сэтгэл гаргаад, ажилдаа эзэн болоод хийвэл ямар ч ажил сайхан. Миний хувьд мандах нарнаар ажлаа эхлэх сайхан байдаг. Өглөө эрт бүх автобус шугаманд зэрэг гарч явааг харах дуртай. Бидний ажил хариуцлага өндөртэй. Хүний амь нас тээж явна гэдэг асар том хариуцлага. Нийтийн тээврийн жолооч хүн амьдралынхаа ихэнхи цагийг автобусандаа өнгөрөөдөг. Жолоочоос ур чадвар, харилцааны соёл шаардана. Хамгийн чухал нь хүний амь нас хариуцдаг хариуцлагатай ажил. Би 32 жил ажиллахдаа дөрвөн автобус барьсан байдаг. Бүгдийг нь гүйлтийн нормыг нь дуустал зогсолтгүй явуулсан даа. Автобус бүрийн норм өөр. Энэ автобусаа бариад 10 жил болж байна. Автобусныхаа эвдрэл гэмтлийг тухай бүрт нь засварлаж, засвараа чанартай хийлгэхэд жолооч хүн анхаарч байнга шалгах хэрэгтэй. Өглөөд тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, асааж үзээд гардаг. Оройдоо бааздаа орж ирээд цэвэрлэгээгээ хийдэг. Өдөр зав гарвал гадна талыг нь арчиж зүлгэхийг хичээдэг. Гэхдээ замын түгжрэл их учраас тухтай зогсох зав гарахгүй юм. Аль болох зорчигчдод хүлээлт үүсгэхгүй явахыг зорьдог. Манай хамт олон ч хариуцлагатай, олны итгэлийг дааж ажиллаж чаддаг,  нөхөрсөг найрсаг ажилсаг хүмүүс. Энэ хамт олны нэг хэсэг болж ажиллаж байгаадаа баяртай байдаг. Хамт олондоо болон ханьдаа хөдөлмөрийн минь үнэлсэн төрдөө талархлаа илэр­хийл­мээр байна” хэмээн сониноор дайсан түүний сэтгэлийн үгийг дамжуулахгүй байж яахан болох билээ. Түүний ярианаас эрч хүчийг мэдэрч, ажилдаа дурлахын сайхныг мэдэрснээ нуун юун. Дотроосоо гэрэлтэж чадвал, гэрэл таныг хүрээлсээр байдаг ажээ. Туулах зам бүхэн гэрэлтэй байг.