ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Оркуудын орон

O.Admin
2018-04-30

Эрт урьдын цагт бус энэ хэдхэн жилийн өмнө юмсанж. Замбуутивийн зүрхэн тушаа, умард зүгийн магнайд Орклэнд буюу Оркуудын орон хэмээх нэгэн улс байдаг ажээ. Оркуудын орны иргэд мангас язгууртай, махан идэштэй тул омог ихтэй, олон таван үгэнд дуртай, оюунаас илүү бяр хүчийг эрхэмлэдэг, ёс суртахуунаас түрүүлээд ёрын зальжин занг шүтдэг хүмүүс аж. Гадны хүнийг найз хэмээн эндүүрч хамаг байдгаа бардаг. Дотны нөхрөө дайснаа хэмээн эндүүрч хамраа барьдаг хүмүүс байдаг гэнэ ээ. Худал боловч нялуун үгэнд дуртай, үнэн бөгөөд хатуу үгэнд харшилтай тийм л хүмүүс аж. Эв нь усны хөөс мэт хэврэг, үг нь хараал агаад хэрүүлч, шунал нь сансрын од мэт арвин гэнэ, тэд. Байгаа байдал нь заваан бөгөөд залхаг, ажил үйлс нь болхи агаад бүдүүлэг, дээшлэх нэгнээ доош нь чангаах орь ганц хүсэлтэй, тийм л ардтай орон гэнэ.

Тэдний явдал нь зааны дайтай хайвганах авч үлдэх мөр нь үлийн цагаан оготны дайтай. Ярих нь арслан, барсын архиралт мэт сүртэй авч ашиг өгөөж нь алаг цохны далавчны дуунаас ч сул, шимгүй гэнэ. Санаа нь сансар огторгуйн дайтай атал үйлийн үр нь үлгэрт гардаг өтний дайнд ч хүрдэггүй аж. Нялхсын дэргэд омог ихтэй агаад дээрэнгүй авиртай. Ихсийн дэргэд зориг үгүй агаад бялдууч зантай хүн ардтай гэнэ. Санаа нь ядуу тул түүнийгээ дагаад заяа нь ч ядуу аж төрөн амьдардаг ажээ, тэд. Оркын орны хаан нь намхан биетэй, налчгар хамартай, “элбэг” нэртэй ч элбэггүй сэтгэлтэй, элбэггүй эрдэмтэй ч элбэг баян хаан хэдэн жилийг удирдан өнгөрчээ. Тэр хаан болбоос үгэнд цэцэн боловч худалч, үйлс нь жижиг боловч асар хор хөнөөлтэй нэгэн болой. Орондоо унтахдаа идэж, уухаас өөрийг үл зүүдлэх авч босохдоо “оркуудынхаа орныг бодож сэрлээ” гэж мунхруулагч, сэрүүндээ та бүхэн “гурван сая хаан билээ” хэмээн хошгоруулагч, тун овтой зальжин, есөн шид нь бүрдсэн хаан бөлгөө.

Тэрбээр анхандаа оркуудыгаа цөмөөрөө эндээсээ “нүүх үү, үлдэх үү” гэж уриалж гэнэ. Удаад нь шунал тачаал, шулам чөтгөртэй тэмцэнэ гэж амлаж. Сүүлд нь овоо тахихгүй, одон тараахгүй гэж хэлэн хаан болсон түүхтэй. Гэвч хаанаар суух хугацаандаа хоолныхоо тогоонд хор найруулахаас өөрийг хийлгүй байсаар, одон тэмдгийг оддын тоотой адил хэмжээгээр тарааж, овоо тахилгыг уулын оргилын тоогоор хийж, шулам чөтгөртэй тэмцэж биш нөхцөж үерхсээр он жилийг барсан гэнэ. Харин оркуудын орны иргэд хааныгаа сайн, муу хэмээн хоёр хуваагдан өөр хоорондоо хэрэлдэн тэмцэлдсэнээс өөрөөр гийгүүлсэнгүй өдийг хүрчээ. Харин хааныг тойрон 76 худалч буй бөгөөд өдөр бүр 1001 шөнийг үлгэр хүүрнэн жил сарыг улираадаг амой. Тэдний дунд балиар хорон үгтэй, албан тушаал гэхээр авахаас өөрийг мэдэхгүй, алба гувчуур гэхээр бултахаас өөрийг гадарлахгүй, төрөхөөсөө авахуулаад төрд түшсэн, улаан хэрүүлч, цагаан хараалч нэгэн түшмэл бий. Тэрбээр “кэн, кэн” хэмээн хэрүүлээс өөрийг хийлгүй, “би, би” гэж “би”-гийн өвчнөөр өвчилсөөр өдийг хүрчээ. Амбаар барьж амьтны амь тасалдаг, айлын гэрт үнэгүй амьдардаг, үнэтэй хөлөг унаж, үзэх зүйлгүй суудаг, хүүхэддээ туслах гэж шантааж хийдэг, хууль орондоо зохиодог, хүний түүхийг цээжилж түүгээрээ бахархаж байдаг айхтар амьтан гэнэ.

Хэргээ болохоор дуу ороод хэрүүл хийдэг, хэрэггүй үедээ дуугаа хураагаад нуугдаад суучихдаг ийм л түшмэл ажээ. Бас нэг Бат нэртэй батгүй түшмэл бий. Олон хүнтэй газар ярихаараа хоолойгоо шахдаг, алхаагаа цэгцэлж, нүдээ хурцалдаг. Сүржин сүржин даржин зүйл байнга ярьж явдаг. Сүрхий мэдлэгтэй хүн болох гэж зүтгэнэ. Ханилж суусан нөхрөө гарч очоод тонгордог. Эрх мэдлийн төлөө эхийгээ зарахаас ч буцахгүй сонин түшмэл бий. Оркуудын орон болсон хойно том, том биетэй барилдаж ноцолддог түшмэлүүд олон. Хөл орохоосоо ноцолдохоос өөрийг хийгээгүй, хэлд орохоосоо ном эрдэм сураагүй. Баяр болохоор дэвж явснаас сууж сурч яваагүй, тийм түшмэдүүд олон. Төрд ирчихээд түшмэлийн ажлаасаа илүү, бөх засах гарын даа, хөлийн цэцээ хийхийг илүү гэж боддог. Төр түшиж байгаагаа цол нэмж байна гэж баясдаг. Барилдахыг таахалзах, ярилцахыг хэрэлдэх, хүн дийлэхийг зодолдох гэж ойлгодог. Эвээр дийлэхгүй бол “ална, тална” гэж айлгадаг. Айлын авгай шиг хэрүүл хийж явдаг. Эхнэрээ солин жаргал хөөж ташуурдаг, аатай, аатай түшмэдүүд оркуудын оронд их буй. Мөн архидаж, ууж идэж цэнгэдэг, авгай хүүхдээ хаяад айлаар хоноглож тэнэдэг. Айлын охиныг айлгаж ичээж хаячихаад, ах нь “бандаашаа өмсөөд гарсан” гэх түшмэлүүд ч байна. Тэр бүү хэл бөгсөн биенийхээ зургийг бүсгүй хүнд явуулаад, “хэлнэ” гэхээр нь хэлүүлэхгүй гэхдээ алгадаж, тамладаг түшмэлүүд ч байна. Төрийн ордонг урлагийн тайз гэж эндүүрээд, гараг андуурч яваа түшмэлүүд ч байна.

Ардын дуугаа дуулаад алга ташуулдаг шигээ, ардын их хурлын танхимд алга ташуулна гэж эндүүрч орж ирээд, гэлэн гуай бүү хэл гөлөг гуай ч гэхгүй болохоор нь бөөлж уулан дээр гардаг, буйлж нохой загнадаг, эхнэрээ арга түшүүлж төрүүлдэг, өөрөө хятад даавуугаар дээл хийж өмсчихөөд, өрөөлийг хятад хувцас өмссөн гэж буруутгадаг, морь унаж чийчаан замаар давхидаг, морин тэрэгтэй өрөвдүүлж айлд очдог, үсээ хусуулж, ургуулж олны анхаарлыг татдаг орк түшмэл ч байна. Мөнхүү хурлын танхимыг хэрүүлийн талбар гээд ойлгочихсон. Худлаа үнэнийг хольж ярихаар сайн гээд бодчихсон. Дундах нэр нь ч гоёдмоор түшмэдүүд ч байна. Энэ мэт 76 худалч энэ Оркуудын оронд, ордонд заларч, амгалан идэж суусаар. Хамгийн гол нь хаанаасаа эхлээд түшмэд, хажуугаар нь бас харц ардаа хүртэл энэ оронд талд бэлчдэг мал шигээ хотдоо бэлчиж явна, та минь. Хамар өмхийрөм үнэрт, хаашаа ч хөдөлдөггүй түгжрэлд, утаанд, угаарт, захаар, замын голоор, зайсангаар хаа сайгүй бэлчиж байна. Тэгээд бас оркуудын оронд төрөөгүй хүүхдийг авахуулж, төрсөн хүүхдийг хаяж, хүчиндэж, заазуурдаж, зарж, алга болгож, хөнөөж байна. Оркуудын орноо “Аз жаргалтай” гээд нэрлэчихжээ.