ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үг бүрийг минь өвтгөж унагасан хайр

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-25

Одоогийнх шиг утас, интернет, чат, мессеж аль нь ч байхгүй хөдөөгийн сургуульд захиа илгээж, сургуулийн коридорт тааралдхаараа эргээд алхчихдаг байсан ичимхий хэрнээ хэрсүү хүү өөртэйгөө усны дусал шиг адилхан жаахан шар жаал  хөтөлчихсөн охины маань сурдаг цэцэрлэгийн үүдэнд таарснаас болоод хайрын тухай ийн бодов. Хайр их олон янз. Харсаар яваад хагацдаг хайрыг магадгүй хүн бүр мэдэрсэн, амссан байдаг болов уу. Эхэлж ч амжилгүй төгссөн олон арван хайрын түүхийг сонсож байлаа. Зах зухаас нь ч мэднэ.  Хамгийн хачин нь яагаад ч юм ийм хайр их амьдралын аль ч цэгт эргээд таарахад нахиалж ядан хөндүүрлэж асан тэр л үеээ мөнхөд хадгалж байдаг хачин гэгээн увидастай. Өрнөөгүй, бүр эхлээ ч үгүй мөртлөө энэ бас л хайр гэж боддог.

Хачин хүн үү, би. Магадгүй ариун гэх тодотгол хамгийн сайхан зохих хайр энэ болов уу. Дүрэлзээд өнгөрөх мэт гэнэтхэн учирсан хайрын түүхийг ч нэг бус удаа сонсож байлаа. Мэдэрч ч байлаа. Ийм хайртай учирсан дэврүүн охинтой мөрөө түшилцээд оюутны байранд уйлж хоносон хөгтэй ч юм шиг, хөндүүр ч юм шиг урт шөнө дурсамжийн гүнээс одоо ч өндөлзөн байна. Минийхээр энэ ч бас хайр. Гэнэт сэтгэлд нар тэвэрч ирчихээд амьсгаа давхцтал гэгэлзүүлж орхидог хайр. Хачин сайхан хайр. Гэм нь ийм хайр үг болгоныг өвдөж унагадаг, үлдсэн ул мөр бүхэн нь зовиур тээдэг мөртлөө сэтгэлд хамгийн тод үлддэг нь гайхмаар. Тийм биш гэж үү.

Ерөөс хайрыг, хайрлахын үнэ цэнийг хугацаагаар хэмжихэд голоосоо дургүй хүний нэг нь би. Тиймээс хайрыг, хайраас үлдсэн дурсамжийг зөвхөн сэтгэл тэмтрэх мэдрэмжээр л үнэлдэг хачин гэмээр зуршилтай. Хэзээ ч байгаагүй юм шиг, дурсамжийг тоосонд дарагдан анзаарагдахаа больсон хайр ч байдаг. Бүтэлтэй, бүтэлгүй, мартсан, мартахгүй, магадгүй маргааш ирэх хайр бүхэн өөр өөрийн өнгөтэй. Өөр өөрийн түүхтэй. Бас өөр өөрийнхөөрөө мөрөө үлдээдэг. Хамгийн сайхан нь хайр бүхэн биднийг сэрээдэг, хүн гэдгийг мэдрүүлдэг. Хайр бүхэн...