ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Илчлэг өндөр, үнэргүй ч, өө хэлсэн хүнд үнс ихтэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-24

Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулах зорилгоор Засгийн газраас энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах, түлшинд хэрэглэхийг хориглосон билээ. Нүүрсийг халж, оронд нь “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан  түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд үүнийг тойрсон үнэн, худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл хэвлэлүүдээр  гарч  байгаатай холбогдуулан энэ талаар бодит мэдээллийг хүргэхээр манай сонины сурвалжлах баг өчигдөр   нийслэлийн хамгийн их хүн амтай  Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй  дүүргээс мэдээлэл бэлтгэлээ. Мэдээллийг ямар ч нэмэлт хачиргүйгээр уншигч танд хүргэж байна.

 

Хамгийн зөв шийдэл нь сайжируулсан түлш

Өглөөний 07 цаг 10 минут: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII, VIII  хороо буюу   олны нэрлэж заншсанаар Зурагтын Шинэ эцсийг зорилоо. Өглөө эртлэн гарсан болохоор зам түгжрэлгүй зорьсон газартаа 20 минутын  дотор хүрэх нь тэр. Биднийг ирэхэд олны хөл хөдөлгөөн нэгэнт эхэлчихсэн нийтийн тээврийн автобус нааш,  цааш сүлжилдэнэ. Хажуугаар микро автобусны кондукторууд “зуу айл, зуу айл” , “хадварт, хадварт” хэмээн дуудаж, ээлж дараалан орилно. Сургууль, цэцэрлэгийн багачууд аав, ээждээ хөтлүүлчихсэн чиглэл, чиглэлийнхээ унаанд сууж харагдана. Зарим нь унтаагаараа тэврүүлчихсэн явахад, нэг хэсэг нүдээ хагас нээчихсэн зам дээр тэнтэр, тунтар гишгэж, өмнөх замаа арай хийж ононо. Биднийг ирэх үед Зурагтын Шинэ эцэст сэрүүхэн байсан ч агаар тогтуун, үзэгдэх орчин хэвийн байлаа. Эргэн тойрныг ажиглавал сайжруулсан түлшний  хоёр борлуулах цэг харагдана.  Тэд аль хэдийнэ хаалгаа нээчихсэн ажиллаж байв. Хэн ч хаанаас нь ч  харсан сайжруулсан түлшний борлуулах цэг гэдэг нь илт. Гаднах хаяг дээрээ “Сайжруулсан түлш” хэмээх бичигтэй байх бөгөөд яндангаас нь үл ялиг саарал утаа уугина. Эхний борлуулах цэгийн гадна цагаан, саарал өнгийн  хоёр жижиг тэрэгтэй хүмүүс картаа үзүүлэн, тус бүр гурав,  гурван түлш худалдан авч, ардаа хийчихээд давхиж одов. Тэдэнд 40 гаруй насны  өндөр бор залуу үйлчилж байгаа харагдав. Ингээд бид тус борлуулах цэгийг зорилоо. Түүнийг Г.Батбаатар гэдэг бөгөөд нүүрсний худалдаагаар мэргэшсэн нэгэн аж. Тэрбээр түүхий нүүрсний ченжээр олон жил ажиллажээ. Харин өнгөрсөн тавдугаар сараас эхлэн түүхий нүүрсийг нийслэлд худалдаж, борлуулахыг хориглосонтой холбогдуулан тус компанийн үндсэн борлуулагчаар ажиллах болсон байна. Г.Батбаатар “Сайжруулсан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа нь сайн хэрэг. Улаанбаатарчууд утаанаас салахын тулд ийм шийдэлд хүрэх цаг нь болсон. Утаанаас салах гэж олон жил ярьсан. Харин хамгийн зөв шийдэл нь сайжруулсан түлш юм. Утаа бага гарахаас гадна илчлэг өндөртэй. Дулаанаа удаан барьдаг. Өрхийн эдийн засагт нэмэртэй. Харин өө хэлсэн хүнд үнс ихтэй. Миний хувьд хоёр гэрээт ажилтантай бөгөөд савлагаагаа өөрсдөө хийж байгаа.  Нунтагыг нь сайтар шигшиж, үйлдвэр рүү буцааж явуулж байгаа” гэж ярив. Иргэдээс хэр их санал гомдол ирж байгаа талаар лавлахад “Манай үйлчлүүлэгчид ам сайтай байгаа. Эхэндээ түлэх аргаа мэдэхгүй жаахан мунгинасан. Одоо бол гаршиж байна” гэсэн юм. Угаартаж, амиа алдсан асуудал гарсан  уу, энэ талаар мэдээлэл байна уу гэхэд “Түй, түй, манай энэ хавиар ийм зүйл гараагүй. Иргэд пийшин, зуухныхаа бүрэн бүтэн байдалд сайтар анхаарч байгаа. Хэт их нунтагыг түлэхгүй байх хэрэгтэй. Бидэнд шуудайлаад аваад ирэх ёстой. Зарим мэдээлэл дутуу иргэд нунтагыг нь түлэх, пийшингээ хаах зэргээс болж, угаартах, амь насаа алдах эрсдэл гарч болзошгүй” гэсэн юм. Тэрбээр өдөрт 2-3 тонн сайжруулсан түлш борлуулдаг байна. Иргэдийн худалдан авалт сайн, хариуцлагатай хандаж байгаа. Нийт 300-400 өрхийг түлшээр хангаж байгаа  талаар дурдаж байлаа.

 

Түр оршин суугчид картгүй учир мод түлж байна

Өглөөний 10 цаг 15 минут: Сонгинохайрхан дүүргийн XIV хороог зорилоо. Тус газарт ирэхэд тэнгэр цэлмэг, тунгалаг харагдана.Тус газар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай ойролцоо бөгөөд нийт 400 орчим айлыг түлшээр хангадаг гэж борлуулагч Х.Сэржмядаг ярьж байлаа. Тэрбээр “Иргэдийн худалдан авалт гайгүй. Өдөрт 3-4 тонн сайжруулсан түлш борлуулж байгаа. Цалин, халамж буух үеэр иргэдийн худалдан авалт эрс сайжирдаг. Нунтаг нүүрс зарахгүйн тулд сайтар шигшиж байж савладаг” гэх мэдээллийг өгөв. Харин иргэдийн зүгээс  түүнд “Айлын хашаа түрээслэн түр оршин суудаг хөдөө, орон нутгаас ирсэн хүмүүст сайжруулсан түлшний карт олдохгүй байна. Хөлдөж үхэхгүйн тулд мод түлж, хоног төөрүүлж байна. Хэрэв энэ байдал цааш үргэлжилбэл, дугуй түлэхэд хүрч магадгүй байна” гэсэн санал, гомдол салахгүй байгааг дуулгаж байлаа. Тэрбээр “Үйлдвэрийн хангалт сайн байгаа тул түр оршин суугч иргэдэд карт олгох нь зүйтэй. Ингэж байж хамтдаа агаарын бохирдлын эсрэг тэмцэж чадна” гэдгийг ярьж байсан юм.

 

Л.Ойдов: Галлах бүртээ эхнээс нь түлдэг

Өдрийн 12 цаг 30 минут:

Бид Баянзүрх дүүргийн IX хороо­ны оршин суугч Л.Ойдовын­хыг зорилоо. Тэднийх Архангай аймгаас шилжиж ирсэн бөгөөд нийслэлийн иргэн болоод таван жил болж байгаа аж. Л.Ойдовынх өвлийн  байшинд амьдардаг бөгөөд ам бүл тавуулаа. Тэдний хоёр том нь их сургуулийн оюутнууд бөгөөд бага хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангид сурдаг гэлээ. Тэрбээр техникийн захад эхнэрийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлдэг байна. Улаанбаатарт ирээд төслийн дөл зуухыг хэрэглэдэг болжээ. Тэднийх гурван жил гаруй хугацаанд түүхий нүүрс түлсэн байна. Түүхий нүүрс тортог болон үнэр ихтэй. Тиймээс манайх жил бүр байшингийнхаа обойг сольдог. Харин өнгөрөгч онд сайжруулсан түлш худалдаанд гарсан цагаас эхлэн хэрэглэж эхэлсэн. Илчлэг өндөр, дулаанаа удаан барьдаг. Гэрт нүүрснийх шиг ямар нэгэн эвгүй үнэр гардаггүй. Эхний жил сайн мэдээлэлгүй байхдаа л  хэрэглэж эхэлсэн. Галлах бүртээ эхнээс нь түлдэг. Халуун цогон дээр түлш нэмж чаддаггүй. Өмнө нь хөдөө байхдаа төслийн зуух дэлбэрсэн, буруу галлагаанаас болсон гэх мэдээлэл их сонсдог байсан тул ийнхүү галлах бүрт эхнээс түлж хэвшжээ. Нүүрс түлдэг байхдаа хүртэл ийнхүү галладаг байж. Тэрбээр өрхийн эдийн засагт нэмэртэй байна. Манайх жилд гурван тонн нүүрсээр өвөл, хаврыг давдаг байсан. Харин одоо нэг уут түлшээр дөрвөн өдөр болж байна. Өвлийн эд хүйтнээр хоёр хоног түлнэ гэсэн тооцоо бий. Тэгэхээр манайх сардаа 3750 төгрөгийн түлшээр 56250 төгрөг зарцуулна  гэсэн үг. Өнгөрсөн өвөл манайх хоёр тонн сайжруулсан түлшээр өвөл, хаврыг давсан. Давхар байшингийнхаа цонх, хаалгыг сайтар дулаалсан гэсэн юм. Та бусад иргэдэд сэрэмжлүүлж хэлэх зүйл байна уу гэхэд “Хэзээ ч битгий залхуур. Галлагаа эхлэх бүрт шинээр түл. Их хэмжээгээр түлш хийж болохгүй. Яндандаа саалтуур битгий хий. Өөрсдийнхөө эрүүл аюулгүй байдлыг бодож, хариуцлагатай хандахыг уриалав. Иргэн бүрийн хүчин зүтгэл оролцооноос хамаарч агаарын бохирдол буурна” гэсэн юм. Тэрбээр “Заримдаа түлшний картаа мартчихдаг. Тэгэхээр борлуулагч нар  түлш өгдөггүй. Нэгэнт үйлдвэрийн хүрэлцээ хангалттай байгаа бол картаар худалдан авалт хийхийг болиулж болохгүй юу. Мөн өдөр бүр шуудай, шуудайгаар зөөж байхаар өнгөрсөн жилийнх шиг тонн, тонноор худалдаж авч болохгүй байгаа нь хүндрэлтэй байна” гэсэн шүүмжлэлийг давхар дайж байлаа.