ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Захирал "аав"

Ц.ЭНХТҮВШИН
2019-10-21

Нийслэлээс баруун зүгт 130 километрт орших Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Наранцогт хэмээх эгэл нэгэн эрхэмтэй уулзаж, өдөр тутмын амьдралынх нь талаар хуучлах завшаан тохиолоо. Аль ч газрын сумын сургуулийн захирлуудын амьдралын жишиг гэмээр санагдах хэдий ч хувь хүн бүрийн амьдрал давтагдашгүй юм даа гэх бодол түүнтэй хөөрөлдсөн цөөн хэдэн цагт төрж суулаа. С.Наранцогт захирал энэ нутгийн унаган хүүхэд. Ээж аав нь Лүнгийн сургуулийн сахиул, галчаар ажиллаж байжээ. Ээж аавынхаа тулж байсан тулганы галыг үргэлжлүүлэн асааж, бадрааж яваадаа тэр жигтэйхэн бахархдаг гэдгээ хэлж байсан юм. Нутгаасаа огтхон ч холдож үзээгүй шавилхан бор хүү дунд сургуулиа төгсөж, Багшийн сургуульд элсэн суралцахаар нийслэл хотын зүг хүлгийн жолоо залснаар түүний амьдралын түүх бичигдэж эхэлсэн юм. 

400 гаруй сурагч, 40 гаруй багш ажилчдын амьдрал хувь заяаг дааж яваа “эцэг” 

Багшийн мэргэжил бол түүний хүсч мөрөөдсөн мэргэжил. Улмаар, сургуулиа төгсөөд эр цэргийн албанд мордсон аж. Харин ажлын гараагаа Сүхбаатар аймгийн Халзан сумаас эхлүүлж байжээ. Амьдралын ханиа ч тэр нутгаас олсон гэдэг. Жирийн багшаас сургуулийн захирал хүртэлх зам дардан байсан хэмээн бахархан ярьж сууна билээ. Арга ч үгүй. Нэг л өглөө түүнийг захирлаар дэвшүүлчихээгүй нь тодорхой. Дээш татах “арын хаалга”, доош зуурах муу муухай зан байгаагүй учраас замаараа, жамаараа явсаар өдгөө төрсөн нутгийнхаа, төрөлх сургуулийнхаа захирлын үнэ хүндтэй, нэр төртэй албыг хашиж явна. Тийм ч учраас “миний сургууль” хэмээн бахархалтайгаар хэлдэг биз. Тэртээ 1923 онд Богдхан уулын аймгийн “Яамны бага сургуулийн танхим” нэртэйгээр анх байгуулагдсан 100 дөхсөн настай сургуулийн захирлын албыг 13 жилийн өмнө буюу 2006 оны аравдугаар сарын 13-нд хүлээж авчээ. Тэр цагаас хойш өдөр тутмын амьдралынх нь арав болон түүнээс дээш цаг сургууль дээр хүүхдүүдийн дунд өнгөрдөг болсон аж. 400 гаруй сурагч, 40 гаруй багш ажилчдын амьдрал хувь заяаг дааж яваа “эцэг” хүн ингэхгүй гээд ч яах билээ. Сурагчдын сурлагын чанар, багш ажилчдын ажлын бүтээмж, амьдралын тав тух энэ хүнээс хүссэн ч, эс хүссэн ч хамаардаг. Лүнгийн сургууль 75 хүүхдийн ортой дотуур байртай. Дотуур байрны хүүхдүүдийн хоол, дулаан ая тух гээд захирал “аав”-ын санааг чилээхгүй зүйл тэнд байхгүй. Тэрбээр, энэ талаар ярихдаа “Төвлөрсөн халаалтад ороогүй үед тог тасрах, мотор шатах гээд санаа чилээх зүйл бишгүй л байсан. Одоо харин нэг үеэ бодвол сайхан болсон доо. Дотуур байрны сурагчдын хоол хүнсний үндсэн түүхий эд болох мах сүүгээ орон нутгаасаа хангачихна. Нэг сурагчийн өдрийн хоолыг 2315 төгрөгөөр хангадаг юм шүү дээ. Олуулаа тулдаа л болох юм даа” хэмээн тэр ярилаа. Хүүхдүүдийн төлөө гэсэн халгисан сэтгэл нь магадгүй хэзээ ч “одоо боллоо” хэмээн ханахгүй байх. 

Аймгийн “шилдэг менежер” 

Лүнгийн сургууль нь аймгийнхаа баруун бүсийн төв. Тэгэхээр энэ сургуулийн үйл ажиллагаа зөв байх ёстой. Мөн хамгийн чанартай, бусдад бүх зүйлээр үлгэрлэх ёстойг С.Наранцогт захирал мэддэг. Тийм байхын тулд хүүхдүүдтэйгээ, багш ажилчидтайгаа хамт хичээн ажиллаж байна. С.Наранцогт захирлын хийсэн ажил хөдөлмөрийг аймаг, орон нутгийнхан нь хүлээн зөвшөөрч, бас хүндэтгэдэг учраас хоёр удаа “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарч, аймгийнхаа “Шилдэг менежер” болжээ. Тэр хоёр хүү, нэг охинтой. Хүүхдүүд нь аавын гэрээс эрт гарцгааж, тус бүртээ ажил хөдөлмөр эрхлэн улс орныхоо хөгжилд гар бие оролцон явцгааж байгаа аж. Ажил үйлс нь сайн сайхан яваа хүн бүхний ард сайн хань гол тулгуур нь болж байдаг гэдгийг уншигч та мэдэх биз. Үүнийг батлах хүн бол түүний хань н.Оюунчимэг. Домогт Ганга нуур, дуунд мөнхөрсөн Шилийн богдоор овоглодог төрсөн нутгаа “орхиод” Төв аймгийн энэхүү буйдхан суманд ханиа дагаад иржээ. Ханийнх нь халамж, түшиг бас ижил мэргэжилтэй хүний хувьд өгдөг зөвлөмж, дэмжлэг юу юунаас илүү чухал байдгийг С.Наранцогт захирал хэлж байсан юм. Сүхбаатар аймгийн Халзан суманд багшилж байхдаа анхны харцаар дурлалцсан хос хоёр хамтын амьдралын галаа өрдөөд өдгөө 30 жил болж байгаа гэнэ. Тэд хамтдаа сумын сургуулийн хүүхэд багачуудын төлөө зүтгэж явна. Аймаг, сумандаа явуулж буй ажлаараа шилдэг байгаад зогсохгүй БНСУ-ын Инчон хотын хоёр ч сургуультай олон талаар хамтран ажиллаж байгаа аж. Өнгөрсөн зун тус хотод зочилж, хамтран ажилласан дөрвөн жилийнхээ ажлыг дүгнэн цаашид үргэлжлүүлэн ажиллахаар болоод иржээ.  

С.Наранцогт: Чадах ганц ажил минь багш 

“Удирдагч хэр хүн бэ” гэдгийг хамт олны ажил байдал, ажилдаа хандах хандлага, итгэл сэтгэл илэрхийлдэг. Сайн удирдагчтай хамт олон үргэлж шинийг эрэлхийлж, манлайлж, ажилдаа дуртай байдаг билээ. Лүнгийн сургууль мэргэжлийн багш, ажилтнаар 100 хувь хангагдсан. Нийт багш нарын 67 хувь нь тэргүүлэх зэрэгтэй, 37 хувь нь магистр зэрэгтэй юм билээ. Сайн багшийн гараас сайн шавь төрдөг нь бичигдээгүй хууль. Тиймдээ ч төгсөгчдийн 90 гаруй хувь нь их, дээд сургуульд элсэн суралцаж, төгсөөд ажилд ордог аж. Тэгэхээр сайн удирдагч сайн хамт олныг бүрдүүлжээ гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг юм. Энэ бол тус сургуулийн багш нарын ур чадварыг харуулах хамгийн тод жишээ юм. Лүнгийн сургууль 2016 онд “Хүүхдэд ээлтэй сургууль”-иар шалгарч байжээ. Тэр хийсэн ажлаа тайлагнаж, “Би бүтээж байгаа, чадаж байна...” гэх мэтээр өөрийгөө дөвийлгөөд байдаггүй тун ч даруухан нэгэн юм билээ. Сурагчидтай нь уулзаж, ганц нэг багш нараас нь тандсаар эгэл жирийн нэгэн багшийн тухай “мэдээлэл” цуглуулсан нь энэ юм. С.Наранцогт захирал “Би ч чадах юмаар маруухан л хүн дээ. Наймаа хийж чадахгүй, улс төрөөр оролдож бүр ч барахгүй. Чадах ганц юм маань багшийн ажил, энэ ажил минь юм даа” хэмээн даруухан инээмсэглэн суусаар үлдэв. Бидний дунд өдөр бүхэн эгэлээс эгэл ажиллаж, хөдөлмөрлөж буй олон зуун бүтээгчдийн нэгэнтэй уншигч таныг танилцуулсандаа баяртай байна. Их хотоос холгүйхэн эрмэлзэл дүүрэн ажиллаж буй захирал “аав”-тай дараа баяртай уулзахаар “болзоо” тогтоон, их хотын зүг давхилаа.