ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Уучлаарай, үзвэр үзэж байхад театр нурж мэднэ, гэсэн ч та тавтай морил”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-15

Хэн ч харсан өнгөлөг, загварлаг, давтагдашгүй архитектурын шийдэл бүхий соёлын өв. Гар хүрэхээс ч хайран түүх, дурсамжийн гэрч. Гэвч дотроо цуурсан хана, цөмөрсөн шал, дээврээсээ салхи нэвт үлээсэн хүйтэн орчин. Яг л нүүрээ угаагаад, цэмцгэр хувцасласан хэдий ч өвчинд нэрвэгдэн өдрөөс өдөрт дотроосоо элэгдэн, өнөө маргаашгүй үхэлтэй улаан нүүрээрээ тулах гэж буй нэгэн мэт. Будаг нь халцарч, мод нь цухуйсан хуучин шатыг даган уруудахад чийг, хөгцний үнэр хамар цоргих. Бүтэн жарныг элээсэн хуучин модон шал нь завсар гарч, дээгүүр нь өдөр өнжихгүй бэлтгэл хийн, үсэрч харайх уран бүтээлчдийн хөлийн аяыг дааж ядан, “зогс зогс” гэх мэт алхах тоолонд чихран дуугарах нь дасал болоогүй хүнд түгшүүртэй. 

Дахиад нэг алхвал цөмөрчих юм шиг санагдаад тухгүй аж. Энэ бол тэр­тээ 1960 онд Хувьсгалт залуу­чуу­дын санаачилгаар баригдсан Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/. Засварлан шинэчлэхийг эсэр­гүү­цэж, хөрөнгө оруулалтыг нь буцаа­гаад буй өвгөн барилга. Хана нь цуурч, шал цөмөрч эхлээд даруй таван жилийг үдсэн ч уран бүтээлчид айдсаа ардаа орхиод, аз эзийн дэнсэнд уран бүтээлээ туурвисаар байна. Та биднийг цэнгүүлсээр. Хэзээ мөдгүй нуран унахад бэлэн энэ газарт бүтээж туурвин, урлагийн тэнгэрт ид хаваа гайхуулан цойлж яваа 400 гаруй уран бүтээлч амьдарч байна. Амралтын өдөр гэж байдаггүй хагас цэргийн зохион байгуулалтаар ажилладаг тэд энэ л байшинд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг. Шөнийн 23:00 цагт харихдаа эрт харилаа хэмээн баярладаг, хааяа нэг 12:00 цагт ажилдаа очихдоо амарлаа хэмээн ханадаг урлагийнханд аюулын харанга дэлдээд олон оныг үдсэн энэ байшин хоёр дахь гэр нь.

Гэтэл одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын суурь хэсэгт суулт өгч, зарим газар цөмөрсөн, хананд ан цав үүсч, даац бүхий тоосгон ханануудад хүчитгэл хийх шаардлагатай  хэмээн дүгнэжээ. Хамгийн аюултай нь тайзны хэсгийн болон үзвэр, бэлтгэлийн танхимын хананд ихээхэн ан цав үүсэж, гажсан нь хэзээ мөдгүй нурах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллага 10 жилийн өмнө анхааруулсан аж. Гэтэл өнөөдрийг хүртэл тэнд 400 гаруй уран бүтээлч, театрын ажилчид амь нас, эрүүл мэндээ хоёрдугаарт тавьж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явна. Тэд дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийг “ёолсон” шалтай хуучин тайзандаа амилуулсаар л байгаа. Монголын нэрийн хуудас болохуйц уран бүтээлүүдийг ч тасралтгүй бүтээж байгааг та бид харж байгаа.

Тэд ийнхүү ар гэрээ, тэр бүү хэл амьдрал, амь насаа эрсдэлд оруулан цаг наргүй хөдөлмөрлөснийхөө төлөө сард ердөө 400-хан мянган төгрөгийн цалин авдаг. Тэглээ гээд өнөөдрийг хүртэл цалин нэмсэнгүй, ажил хаялаа гээд бусад шиг гудамжинд гарч жагссан нэг ч болов уран бүтээлчийг та үзсэн үү. Үзэх нь бүү хэл сонсож байв уу. Сонгосон мэргэжил, хүлээсэн үүрэгтээ эзэн нь байхаас өөрийг хальж, давж шунаагүй даруу гэвч дэндүү даруухнаар бүтээлээ туурвиж буй жинхэнэ одод тэд мөн. Энэ барилга 200-500 хүний багтаамжтай хоёр их танхимтай. Танхимууд дүүрэн үзэгчтэй байлаа гэж тооцвол мянга гаруй үзэгч, 400 гаруй уран бүтээлчийн амь нас дээсэн дөрөөн дээр байдаг гэсэн үг. Энэ олон хүний амь нас, эрүүл мэндийг үл тоон, барилгын шинэчлэлийг эсэргүүцэн тэмцэж буй эрхэм та нэг удаа ч болов театрын жүжиг үзэж байсан уу.

Магад та салхи сийгэж, чийг ханхалсан хүйтэн зааланд нэг удаа ч болов жүжиг үзсэнсэн бол энэ барилгыг шинэчлэх болсонд, тэнд ажиллаж буй зуу зуун уран бүтээчийн нөхцөл байдал сайжрах болсонд баярлаж суух байсан биз ээ. Хүний аминаас давсан байшин барилга гэж байхгүйг ойлгох байсан болов уу. Гишгэх бүрт түгшүүр зарлан чихарч буй шалан дээгүүр нэг удаа ч болов явж үзээгүй байж, өвөлдөө жавар сийгэж, зундаа дусаал гоожин, хүчтэй гишгэхэд шал нь цөмөрч байгаа танхимд амьдралынхаа өдөр бүрийг биш юм гэхэд нэг өдрийг ч өнгөрүүлж үзээгүй байж, олны салхи даган ийн дарцаглахгүй ч байсан юм билүү. 

УДЭТ-ын байрлаж байгаа хэсэг газарзүйн байршлын хувьд газар хөдлөлтийн долоон баллын бүсэд оршдог. Гэтэл өвгөн барилга дөрвөн баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд учирласаар. Хоногт 6000-8000 удаа газар хөдөлдөг гэх одон орон судлаачийн яриаг сонсоод айх гайхах зэрэгцэж байсан минь саяхан. Гэтэл энэ олон тохиолдлын ганц л дөрөв  хүртэлх баллын хүчтэй байвал яах вэ. Найман мянгад нэг тохиолдвол яах вэ. Зуун зуун хүний амь нас, эрүүл мэндээс илүү барилгын шийдлийг эрхэмлэн суугаа хүмүүс хариуцлага хүлээх үү.

Эсэргүүцэгчдийн амь нас биш бусдын амь нас эрсдэлд орж байгаа учраас л шинэчлэн засварлахыг эсэргүүцэж суугаа болов уу. Хүн гэдэг иймхэн л ухаан дорой амьтан. Магадгүй та бидний ойр дотны хэн нэгэн тэнд ажилладаг бол хэдэн өдөр суулт зарлаж, улсаас төсөвлөсөн хөрөнгийг цуцлахад хүргэх байсан уу, бодоод үзээрэй. “Зарим нь эсэргүүцээд байгаа учраас шийдвэрээсээ ухарч, хөрөнгө оруулалтыг татахаас өөр арга байсангүй” хэмээн мэдэгдэж буй салбарын сайд та ч бас шийдвэрээ эргээд хараарай. Уг нь театрын барилгыг одоогийн загвар, хийцийг нь хэвээр хадгалж, орчин үеийн дэвшилтэт техник, төхөөрөмжөөр тоноглон дэлхийн стандартад нийцүүлэн шинэчлэх шийдвэрийг төр засаг гаргаад, хөрөнгийг ч төсөвт тусгаад байлаа.

Барилгыг 20.8 мянган квадрат хүртэл томсгож, 500-1000 хүний суудалтай жүжгийн их бага хоёр танхим, бэлтгэл сургуулилтын заал, жүжгийн үйлдвэрлэл явуулах цех, тасгуудтай байхаар төлөвлөж байсан юм. Харамсалтай нь цөөхөн хүний хэдхэн хоногийн суулт энэ шийдвэрийг өөрчилж орхив. Ийм хүчгүй төр байгаад хэрэг юун. Зуу зуун уран бүтээлчийн эрүүл мэнд, амь насыг хэдхэн хүний эрх ашгаас доогуурт тавьж буй мохоо зоригтой салбарын сайд байгаад ч яах юм бэ. Соёл урлагийн салбарт хандуулсан шийдэл ингэтэл өндөр авч, эцэстээ улс төрийн хэмжээнд нам хоорондын тэмцлийн оч болж байгаа хэрэг үү.

“Хэзээ бол...” гэх айдастайгаар өдөр бүрийг өнгөрүүлдэг театрынхны хэлсэнчлэн “харамсаж байна” сайд аа. Яах вэ, шийдвэрийг дагая, хэсэг бүлгийнхний эрх ашгийг бодоод хэвээр нь үлдээе. Харин энэ улаан байшинд үйл ажиллагаа явуулдаг УДЭТ, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театрынхан “Уучлаарай таныг үзвэр үзэж байхад байшин нурж мэднэ. Гэсэн та театрт тавтай морил” гэсээр үзэгчдийг угтах нь ээ.