ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюутны гудамжны гуталчин

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-10

"Гутал тосолдог гудамнаа сургууль минь байдаг

Гунигийн дуу шиг алсад ижий минь суудаг" гэх давилуун ч юм шиг гэгэлгэн ч юм шиг энэ мөрийг уншигч авхай та санаж байна уу. МУИС-ийн хоёрдугаар байрны хажууд байдаг хятад гуталчинг магадгүй та андахгүй биз. Тийм ээ энэ бол оюутны хөлд элэгдсэн, их сургуулийн гудамж. Гутал засдаг өвөөгийн гудамж. Був буурал тэргүүнтэй туранхай гуталчин өвөө жилийн дөрвөн улиралд их сургуулийн гудамжийг эзэнтэй байлгадаг. Түүнийг танихгүй оюутан ч гэж үгүй. Яг л энэ байрандаа тэрбээр 35 дахь жилдээ гутал засаж байгаа юм. Хачин юм шүү. Хаа байсан Хятад улсын хөдөөгийн нэгэн жижигхэн мужид төрсөн хүү Монголд ирж насаараа гутал засварлаж амьдарна гэж хэн санах билээ. Намар шувтарч, өвөл эхэлж байсан үе санагдана. МУИС-ийн хичээлийн хоёдугаар байрнаас гараад дараагийн цагийн хичээл эхлэхээс өмнө зургадугаар байранд амжиж очихоор харайлгаж явтал өндөр өсгийтийн минь өсгий салаад ойчих нь тэр. Олны дунд тун ч эвгүй байдалд орсон би дэмий гайхахдаа буцаад алхаж орхисон юм. Өсгийгөө барьсаар дотуур байраа бодон алхаж явтал хажууханд гутал засвар байсан нь Лю-Ру-Жин өвөөгийнх. Ингэж л би түүнтэй таарч билээ. Тэрбээр 1957 онд буюу зургаахан настай байхдаа аав ээжийгээ дагаад анх удаа Монголын хилийг алхаж байжээ. Тэр цагаас хойш зургаан настай жаахан хүү буурал толгойтой өвгөн  болтлоо бүтэн жарныг энд өнгөрүүлсэн юм. Лю-Ру-Жин гуайн Монголд ирсэн түүх их л сонин.

Түүний өвөө Хятадын Хэбэй хэмээх мужид тариа тарьж амьдардаг ядуу ард байжээ. 1945 онд худалдаачдын гарын үзүүрт зарцлагдаж яваад Монгол Улсад ирсэн аж. Ингэж л Лю овогтынхон Монгол Улсад нутагшсан байна. Лю-Ру-Жин гуайн ээж хятад тариаланчийн ганц охин байж. Аав нь харь Монголд нутагшиж, нас доройтохын цагт ганц охин нь асарч тойглохоор нөхөр хүүхдээ дагуулан Монгол Улсыг зорьсон нь 1957 он. Аав ээжийгээ дагаад хилийн дээс алхаж асан жаахан хүү бол Лю-Ру-Жин гуай. “Миний амьдралын бүх зүйл Монгол Улстай холбоотой. Надад бүгдийг өгсөн сайхан газар” хэмээн дотночлон ярих энэ өвөө бидний дунд нэгэн жарныг өнгөрүүлжээ. Харь оронд аав ээжээсээ хагацан, тэнгэр хол газар хатуу байсан өдрүүд ч энд л өнгөрсөн байна. Амьдрал алгаа дэлгэж аав болж, айлын эзэн гэгдсэн үе ч энд л өрнөж. Тийм ч учраас тэр эх нутгаа тэмцэхээс илүү ч утаатай гэлээ Улаанбаатарт үлдэхийг эрхэмлэдэг гэлтэй. Түүний хэлснээр Монголд тэрбээр эрхэм нандин гэх бүх зүйлээ олсон. Бас үлдээсэн. Аав ээжийгээ харь оронд нутаглуулчихаад төрж өссөн Хэбэйдээ буцахаар сэтгэл шулуудаад байсан тэртээ 1969 онд насны ханьтайгаа учирчээ. Түүний гэргий Хятадын бас нэгэн жижигхэн мужид төрсөн аж. Монголд оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа Лю-Ру-Жинтай танилцсан байна. Харьд учирсан хоёр 1970 онд гэр бүл болж, гурван жилийн дараа анхны хүүгээ өлгийдөн авчээ. Эдүгээ дөрвөн хүүхдийн аав ээж болцгоож, ач зээгээ тойруулан жаргаж сууна. 

Лю-Ру-Жин гуай залуудаа Ахуй үйлчилгээнд ажиллаж байсан гэнэ. 1984 оноос гуталчин болжээ. Эх нутаг элгэн саднаасаа хол бүтэн жарныг туулна гэдэг амаргүй даваа. Гэхдээ л тэр эрхэм бүхнээ эндээс олсон, энд л үүрд үлдээсэн болохоор нутгаа гэж тэгтлээ тэмүүлдэггүй аж. Хэдий тийм байлаа ч сэтгэлийн мухарт нь эх нутаг, тэнд өнгөрсөн дурсамж дурдатгал нь уяатай нь илт. Одоогоос арван жилийн өмнө буюу 2009 онд нутагтаа очиж, аав ээжтэйгээ тариа тарьж амьдарч байсан тосгондоо очсон тухайгаа ярихдаа өвгөн гуталчны нүдэнд нулимс дүүрэх. Тэрбээр “Өтөлсөн болоод ч тэр үү 60 жилийн өмнө гарсан нутагтаа очиход нулимс тогтдоггүй юм билээ. Хэдий ижил дасал мэт санагдахгүй ч ээж аавтайгаа элэг бүтэн амьдарч байсан тариан талбайгаа хараад сэтгэл хөдөлсөн. Гэхдээ би нэгэнт монгол хүн болсноо бас ойлгосон” хэмээн ярих нь өрөвдмөөр ч юм шиг. Гайхмаар ч юм шиг.  Дахиад нутагтаа очих эсэхийг нь асуухад “Гутал засварлаж амьдралаа залгуулдаг надад ойр ойрхон нутаг явах боломж тэр бүр байхгүй. Онц шаардлагагүй бол явахгүй” хэмээн ярина. Лю-Ру-Жин гэх энэ өвгөн гуталчин ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голдоггүй гэдгийг амьдралаараа харуулж яваа нэгэн аж. Тэр амьдралынхаа 35 жилийг гутал засварлаж өнгөрүүлжээ. Гутал зассаар тэр дөрвөн хүүхдээ өсгөсөн. Гутал зассаар л амьдралаа айлын дайтай авч яваа эр хүн. Одоо ч тэр “Нүд харж, гар хөдөлж байгаа цагт гутлаа зассаар л байна” хэмээн ярьж байна. Жинхэнэ ариун цагаан хөдөлмөр гэж энэ л гэлтэй. Хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулж, түүнийхээ үр шимийг хүртэж амьдарна гэдэг сайхан. 

Их сургуулийн гудамжийг гутал тосолдог гудамж болгон яруу найрагт мөнхөлсөн хүн бол Лю-Ру-Жинг өвөө. Мянга мянган залуусын оюутан насны дурсамж, дуртатгалыг Лю-Ру-Жин өвөөгийн өнгө муутай жижигхэн “оффис” хадгална. Оюутны гудамжинд өрнөсөн он цагийн түүхийг ч энэ жижигхэн байшин, туранхай өвгөн хоёр л гэрчилнэ.