ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголоор дүүрэн “бууны ноход”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-02

Намайг хүүхэд байхад манай нутагт тун ч доожоогүй, барагтай л бол дуу гардаггүй туранхай бор ах байж билээ. Нутгийн залуус түүнийг “бууны нохой” хэмээн нэрлэцгээж, тун ч дургүй хандацгаана. Хүүхэд байсан учраас энэ үгний утгыг ч ойлгохгүй, ийм өрөвдмөөр дуугүй болохоор нь тэгж хочилдог юм байлгүй дээ хэмээн бодож явж билээ. Хожмоо өсвөр насанд хүрсэн хойноо тэр ах нутгийн залуусын тухай муу, муухай мэдээллийг сумын хэсгийн төлөөлөгчид өгдөг, хэн хаана юу хийсэн, хэнтэй архи уусан, ямар хэрэг зөрчил тарьсныг нь нэгбүрчлэн хэлдэг учраас тийн нэрлэдэг байсныг мэдэж билээ.

Ер нь сум орон нутагт манай нутгийн ах шиг мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэдэг хүн социализмын үед хожмоо ардчилсан хувьсгалын дараах он жилүүдэд ч цөөнгүй байсан гэлцдэг. Харин цаг үе өөрчлөгдөхийн хэрээр ийм хүмүүс ч цөөрч билээ. Тэгвэл XXI зууны Монгол Улс дахиад л нөгөөх “бууны нохой”-нуудаа бэлтгэж эхлэх нь тэр. Үүнийгээ иргэний хяналт, иргэн бүхэн төрийн бүх үйл ажиллагаанд ижил тэгш оролцох ёстой гэж тайлбарладаг ч нэгийгээ матсан, муу муухайг нь ухсан хүмүүст хэзээ ч монголчууд сайн, сайхнаар хандаж байгаагүйг түүх гэрчилнэ. “Түгжил” хэмээн нэрлэж, тун ч цэрвэж харьцдаг нь худлаа биш билээ. Улс төрийн намууд нь дотроо хэд хэдээрээ хуваагдаж, шинэ цагийн “түгжил”-тэй болцгоолоо. Бүлэглэл, фракциараа хуваагдчихаад хэн хаана юу хийж яваа, даргынх нь талаар юу гэж хэлснийг нэгбүрчлэн дамжуулж байх жишээтэй. 

Төрийн албанд заавал “сайдын хүн” гэх автортай нэг нөхөр байх бөгөөд түүний үндсэн үүрэг нь ажил хийх бус харин сайддаа сайн, муу мэдээлэл дамжуулах. Хэн ч түүнийг нь үгүйсгэдэггүй, бас ил хэлж зүрхэлдэггүй. Нам дотроос мэдээлэл задрахад нөгөөх л “бууны нохой” нар ажлаа хийсэн байх жишээтэй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч М.Энхболдыг дандаа дэргэд нь байсан “бууны нохой” нар нь хутгалсан гэвэл худлаа гэж хэлэхгүй биз ээ. Ирэх сонгуулиар ч эдгээр ноход ажлаа хийхээр хаа сайгүй эзнийхээ дэргэд “шарвацгааж” байгааг хүн бүхэн мэддэг ч ил ярьдаг нь ховор ажээ. Хэдэн нам, яам тамгын газраар хэмжигдэж байсан эдгээр нохдын өвчин өдгөө гурван сая иргэндээ халдварлаж эхлэв. Үүнд хэд хэдэн жишээг нэрлэж болно. Хэдхэн өдрийн өмнө УИХ-ын дарга авлигын хэргийг илчилбэл тухайн мөнгөн дүнгийн 10 хувийг мэдээлэгчид өгөх хуулийн төсөл санаачилснаа танилцуулжээ.

Нийгэм түүний санаачилсан гэх хуулийг “алгаа ташин” хүлээж авлаа. Нэг талаас харвал авлига, албан тушаалын наймааны хэрэг буурч, төрийн өндөр албан тушаалтнууд баригдахаас айгаад авлига авахгүй болно хэмээн зөвтгөж болмоор. Гэвч нөгөө талаас харвал хулгайч, хулгайчаа бариарай гэдэг л болох биш үү. Авлига өгсөн нэг этгээд авлига авсныгаа барьж өгөх болж байгаа юм. Авлигын хэрэг хэзээ ч нийтийн нүдэнд болдоггүй юм. Хоёр хүний дунд л асуудал өрнөдөг. Тэгэхээр 10 хувиа авах гэсэн нэг нөхөр авлига өгсөн нэгийгээ барьж өгөх л болох нь. Нөгөөх л “бууны нохой” нэг биш нэлээд хэдээр, мянгаар нэмэгдэнэ дээ. Зарим нь энэ авлига авсан байж болзошгүй гэж гүтгэж ч магадгүй. Ер нь цэцэрлэгийн нэг багшид хүүхдээ өгөх гэж 50 мянган төгрөг өгчихөөд матаж гүйвэл АТГ шалгах уу, төр 10 хувийг нь өгөх юм уу. Эмчийн гарыг цайлгаж набор, дарс өгчихөөд түүнийгээ баримтжуулан АТГ-т хандах ёстой болж байна уу.

Цаашлаад, энэ өвөл хэрэглээнд гарч, зах зээлд борлуулагдаж байгаа сайн түлшийг борлуулахдаа хүртэл “матаач”-дыг бэлтгэх гэнэ лээ. Учир нь Ерөнхий сайд өнгөрөгч оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэл хот руу түүхий нүүрс оруулахыг хориглох шийдвэр гаргасан. Тэгэхээр Улаанбаатар хотод амьдарч байгаа айл өрх бүхэн нэг ч удаа хар утаа гаргах болон нүүрс түлж болохгүй. Хэрвээ хажуу айл нь нүүрс түлж байгааг хөрш нь мэдээлэх юм бол сайн түлшээр урамшуулна гэж “тэнэгтэв”. Өнөөдөр сайн түлш байтугай, түүхий нүүрсээ ч дийлэхгүй хогийн цэгээс дугуйны олгой, гутал зэргийг түлэн амь зогоож буй айл олон бий шүү.

Тэр болгоныг төр торгож, тэднийг мэдээлсэнд нь түлш өгөх хэрэг үү. Ийм ч тэнэг төртэй байх гэж. Нам доторх нохдынхоо халдварыг нийгэмд ингэж тарааж болохгүй ээ, дарга нар аа. Г.Доржзодов шиг залуусыг тэгж олноор нь бэлтгэж яах гэсэн юм бэ. Газар ширтэн чимээгүй гэлдэрч явах атлаа суманд өрнөж буй үйл явдал нэг бүрийг хэсгийн төлөөлөгчид мэдээлж байсан ах хүү шиг хүмүүс хэдэн зуугаараа бэлтгэгдэх юм байна, энэ байдлаараа. Бэлтгэгдэх ч гэж дээ, угаасаа төр нь хэдийнэ бэлтгэчихсэн. “Иргэний мэдээллээр замын торгууль бичнэ” гэсэн журам гарснаас хойш гар утастай бүхэн сайн дураараа замын цагдаа хийдэг болчихоод байгаа.

Энэ журамд мэдээж сайн тал байсныг үгүйсгэхгүй. Иргэд зөрчил гаргахаа больж эхэллээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, улаан гэрлээр орох гэх мэтээр олон зөрчил багассан. Гэвч тусламж хүссэн нэгэндээ тусламжийн гараа сунгахын орон бушуухан л зураг, бичлэг хийж соошл орчинд оруулах гэж улайрдаг бүхэл бүтэн нэг үе бий болов. Замын голд согтуу хэвтэх нэгэнд тусламж үзүүлэхээр машинаа зогсоож орхиод гүйсэн залуу бүсгүйн оруулсан постыг уншсан хүн олон байгаа байлгүй. Тухайн чиглэлийн замд түгжирч байсан олон зуун машинтай иргэдээс нэг нь ч гарч ирж, туслаагүй бөгөөд бүгд л гар утсаараа бичлэг хийж, зарим нь “чамайг ална аа, машинаа холдуулаач” гэх мэтээр хараал урсган бичлэгээ тасралтгүй хийсээр байсан тухай залуухан бүсгүй халаглан бичсэн байна билээ. Монголчууд улам бүр л нэгийгээ ад үздэг, нийгмээрээ хэн нэгнийг зүхэж занадаг харгис авиртай болж байна.

Арга ч үгүй. Төр нь тэднийг алхам бүртээ, гаргасан шийдвэр бүрээрээ бэлтгэж байна шүү дээ. Нийгмийн сүлжээнд оруулсан худал мэдээлэлд ямар ч шүүлтүүргүйгээр итгэж, бүгд яллагч, шүүгч болон хувирч бараг л нүдэн дээр цаазлах нь дутуу байгаа. Залуу жүжигчин Сөрөлт, Ганбаа нарын шоу тоглолтдоо зориулан хийж байсан рекламны шторкийг нийт нийгмээрээ бухимдаж, уурлан шэйрлэж, түгээсэн бодит кэйсээс харсан байх аа. Өөрсдийгөө эх оронч хэмээн нэрлэсэн хэсэг бүлэг нь ардчилсан Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил хийж байгаа гадны иргэдийн паспортыг хурааж, дөвчигнөж байсныг уншсан л байх.

Тэд өөрсдийгөө цагдаа гэдэгт дэндүү итгэчихэж. Олон нийтийн үүрэг оролцоо, иргэний хяналт тавьж байна гэсэн дүрдээ хэтэрхий орчихсныг энэ мэт жишээ харуулахгүй байна уу, улстөрчид өө. Үндсэрхэг үзэлтэй хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг хэсэг бүлэг нь бэлгийн цөөнхийг хүртэл очиж шүүн тунгааж, хятад иргэдийг зодох, дээрэмдэх гэх мэтээр тэнэгээ гайхуулцгааж байлаа. Тэдгээр эх орончдыг Ерөнхий сайд нь хүртэл өөгшүүлж, мессеж бичилцээд сууж байдаг гэх. Хамгийн хачин нь матаач, мэдээлэгч асар их хэрэгтэй байгаа гэр бүлийн хүчирхийллийн асуудалд төрийн хууль тун сонин хэрэгждэг юм билээ. Миний нэг танил бүсгүй хөрш айлд нь хүүхэд уйлж, эрэгтэй хүн том дуугараад байхаар нь цагдаад дуудлага өгчихжээ.

Гэтэл цагдаагийн албан хаагч ирэхэд залуус эвлэрсэн үү, эсвэл цагдаа хараад дүр эсгэсэн үү муудалцаагүй гэж мэлзсэн байгаа юм. Улмаар, хэн тийм мэдээлэл өгсөн бэ гэхэд нь манай танил бүсгүйн хаалганы тоотыг хэлчихжээ. Ингээд л хороолол даяараа танил бүсгүйг маань худлаа мэдээлэгч хэмээн адалж, хөршийнх нь хүүхэд нь удаа дараа охиныг нь дээрэлхэж, “чиний ээж бол ховч” хэмээн шоглож байсан жишээ ярив. Мөн хуурамч дуудлага өгсөн хэргээр өөрөө буруутан болж, 500 мянган төгрөгөөр торгуулах шахсанаа ч ярьж байсныг нь төрийн нэг сайд хоёр чихээрээ сонсож суусан юм шүү.

Иймээс л мэдээлэх үүргээсээ татгалзаж, “эр эмийн хооронд илжиг бүү жороол” хэмээн үл тоож байгаа юм. Гаргасан хууль болгоноороо матаачдыг, бууны нохдыг бэлтгэдэг төрийн мулгуу, муйхар шийдвэр эцэстээ хэдэн зуун доржзодовуудыг бэлтгэхийг таашгүй. Тэр залууг “60 тэрбум”-ын булхайг илчилсэн, эх оронч хэмээн бодож яваа хүн цөөнгүй ч эцсийн дүндээ муухайгаар бол “түгжил” байсныг нуугаад яах билээ. Одоо байтлаа төр нь “түгжил”-үүдээ хамгаалахаар “Шүгэл үлээгчийг өмгөөлөх хууль” батлахаар ярьж байгаа гэнэ.

Шударга үнэний төлөө шүгэл үлээсэн үү, эсвэл өрсөлдөгчид нь өөрийг нь матаж, тав арван төгрөг олсон “түгжил” үү гэдгээ ч ялгаж чадаагүй атлаа одоо хуулиар хамгаалах талаар ярьж эхлэв. Нэг хүнээр нөгөөг нь матуулах гэж төр байдаггүй биз дээ. Төрийн үндсэн үүрэг бол иргэн нэг бүрийнхээ амьдралыг аз жаргалтай болгох, дутагдах гачигдах зүйлгүй амьдруулах юм. Мөн тэднийг соён гэгээрүүлж, хүнлэг энэрэнгүй хүн бэлтгэх байдаг. Гэтэл гаргасан хууль болгоноороо “бууны ноход” бэлтгэж, төрийн албан хаагчдын хийх ажлыг иргэдээрээ хийлгэх нь шог байна, дарга нар аа. Мэргэжлийн хяналт, дүүрэг хорооны ажилчид, цагдаагийн албан хаагчдаараа ажлыг нь хийлгэ.

Хэдэн сэтгүүлчийг нийтлэл бичсэний төлөө дуудаж байцаадаг бүхэл бүтэн алба 805 дугаар ангийн хажууд байдаг юм билээ. Тэр байгууллагын цагдаа нараараа нүүрсээ хянуулж, авлигын асуудлаа шалгуулъя. Фэйсбүүк өдөржин ухаж, ширхэгийн тамхи зарж байсан иргэнийг шалгаснаа ажил мэтээр ярьж, бичиж, мэдээлж суугаа байцаагч нараараа ажлыг нь хийлгэе. Иргэн нь иргэн шиг, төр нь төр шиг, цагдаа нь цагдаа шиг байж, эрхэлсэн ажил үүргээ дор бүрнээ гүйцэтгэе. Паспорт хураах ажлаа цагдаа нь хийг. Нүүрсний хяналтаа байцаагч нар нь тавиг. Харин иргэн та бүхэн дор бүрнээ хариуцлагаа ухамсарлаж, хууль зөрчихгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй амьдрахад л болно доо.