ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ганцхан асуултад цахимаар хариулчих чадамж бидэнд бий

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-16

Нийгмийн сөрөг үзэгдлүүдийн эх үүсвэр болсон Үндсэн хуулийн зарим заалтыг халж, хөгжил дэвшил авчрах нэмэлт өөрчлөлтийг оруулна хэмээн ханцуй шамлан орсон нь чухамдаа энэ парламентын хамгийн том ажил байлаа. Гэвч халтай заалтыг өөрчилж, түмний амьдралд наалдуулах их ажил түгжирсээр бүтэн хоёр улирлыг дамнав. Өөр өөрийн дэвшүүлсэн саналаа барьж хэдэн тийш гэдийсний эцэст сая нэг зөвшилцөлд хүрлээ гэтэл бас л үгүй. Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан болсон заалтууддаа гацсаар эцэст нь бүгдийг нь шахам унагааж орхих нь тэр.

Уг нь анхны чиг шугамаасаа хазайгаагүй бол Үндсэн хуулийн халтай заалтуудыг халж, энэ парламент гавъяа байгуулах байлаа. Сая нэг хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч амласан ёсоор ард нийтээс асуух гэтэл зардлын хэмжээг харилцан адилгүй тооцоолсноос дахиад л түгжрэх тийшээ ханджээ.

Ард нийтийн санал асуулгыг 12.5 тэрбум төгрөгөөр зохион байгуулах боломжтой гэж СЕХ тооцсон байдаг. Эрх баригч нам харин 29 тэрбум төгрөгөөс нааш хүрэхгүй гэв. Тэднийхээр бол 29 тэрбум дээр нэмээд бүртгэлийн газар, цагдаагийн байгууллагын зардалд орох гурван тэрбумтай нийлээд үндсэндээ 32 тэрбум төгрөгөөр санал асуулга явуулна гэж байгаа юм. Энэ 32 тэрбумын 10 нь орон нутгийн Засаг дарга нарт хуулийн төслийг сурталчлан таниулахад зориулна гэж тооцжээ. С.Эрдэнэ гишүүний хэлдгээр эрх баригчдын энэ тооцоолол шалтаг мэт санагдах юм.

Ийм хэмжээний зардал гаргах нөөц хөрөнгө бидэнд байхгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга мэдэгдлээ. Харин Сангийн сайд хэмнэлт гаргах замаар шийдвэрлэж болно гэснээр дахиад л түгжрэл үүсэх нь. Цахим орчин, мэдээллийн эх сурвалж хөгжсөн өнөө үед санал асуулгыг цахимаар авчихаж болмоор. Төсөв, зардлаа ч хэд дахин хэмнэнэ. Хүн амын 90 гаруй хувь нь фэйсбүүк хэрэглэж байгааг ам булаалдан шүүмжилж байсан үе саяхан.

Ийм байхад хуулийн төслийг танилцуулах, сурталчилах ажлыг соошлоор зохион байгуулах нь сумын дарга цаасан дээр хэвлээд айл айлын хаалга тогшиж явснаас хавьгүй үр дүнтэй болмоор. Зардал ч шалихгүй. Дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёрхон асуултыг ойлгоод, цахимаар саналаа өгчих чадамж монгол түмэнд бий. Их бага, идлээ уулаа гэж маргалдаж сууснаас цахим орчин хөгжсөн эриний төрийн түшээд байна энэ зэргийг санахгүй баймааргүй. Гар утсаараа ч гэсэн ганцхан хариулт бичээд явуулчих сэтгэл байгаа л байх. Гэтэл шалтаг юундаа...