ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөөд зайлцгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-13

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонсов.

Гэвч, архитектор болон захиалагч талын хооронд үл ойлголцол гарсан бөгөөд Байгалийн түүхийн музейг 10.8 мянган м.кв болно гэсэн зураг төслийг гаргаж өгчээ. Харин захиалагч тал буюу Байгалийн түүхийн музейн талаас 33.2 мянган м.кв гэсэн захиалга өгчээ. Эндээс болж хоёр тал ойлголцолд хүрч чадаагүй байсан нь Ерөнхий сайдын бухимдлыг төрүүлэв. Тэрбээр, ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өгөөд зайлцгаа хэмээн бухимдлаа.

Ерөнхий сайд “Засгийн газар бүх асуудлыг чинь шийдэж өгсөн. Мөнгө төгрөг, газрын асуудлыг. Хэрүүл маргаантай бүх асуудлыг чинь шийдлээ. Нураад унаж байгаа музей дээр чинь би өөрөө хүртэл очиж ажилласан. Одоо яагаад ажиллахгүй байгаа юм бэ. ажлаа хийвэл хий. Чадахгүй бол больцгоо. Та нарын цаана зөндөө олон залуус ажил хиймээр байна гээд гудамжинд явж байна. Зайгаа тавьж өгөөд зайлцгаа. Хамтраад ажиллавал болно оо гэсэн юм одоо яриад сууж байдаг. Арваннэгдүгээр сараас хойш хамтраад ажиллахгүй яасан юм. Төрийн ордонд оруулаад тавьчихсан тэр макетаа хар. 10 жилийн хүүхэд ч тийм макет хийхгүй за. Чингис хааны музей шиг ганц юм хийгээд тавьж болохгүй байна уу. Хүн хараад ойлгохоор. Үүнийг би олон удаа хэлсэн, Б.Ганбаяр дэд сайд аа. Улсад битгий гай болоод бай. Ажлаа хийвэл хий. Ард түмний хөгжилд битгий садаа бол. Ийм байдалтай төсөл хөтөлбөр удирдах юм уу” хэмээн уурлав.