ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бид тавын цуурхал

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-12

Үсчинд зэрэгцэн суугаад үйлчилгээ авч байгаа хижээл насны ах бид хоёрын дунд ийм нэгэн яриа өрнөв. 

Ах: Дүү хүүхэн сонсов уу. Японд 31-37 хэм хүрч халж байгаа гэнэ. 
Би: Үгүй сонссонгүй. Хар салхи болж байгаа гэсэн байх шүү. 
Ах: Харин тийм ээ. 37 хэм хүрч халахаар нөгөө чийглэг уур амьсгалтай орон чинь хэт халаад ирэхээр ус нь дээшээ хөөрөөд тун удахгүй маш аймшигтай бороо орох гэнэ. Энэ улс ер нь юу л болоод байна даа. Тэнгэр хангай хилэгнүүлж дээ. 
Би: Хмм. 
Ах: Тэр яахав. Үндсэн хуулийн талаар ард түмнээс санал асуулга авна гэж байна. Та нар мэдсэн үү. 
Үсчид: Сонссон. Гэхдээ юу гэж хариулах юм бэ. Зөв гэх юм уу, буруу гэх юм уу. Ямар өөрчлөлт орох гэж байгааг мэдэхгүй л байгаа шүү дээ. 
Ах: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав ард түмэнтэйгээ хамт түгжрэх үү, эсвэл түгжрэлгүй явж байх нь зөв үү гэж асуух юм гэнэ лээ. 
Үсчид: Хэрвээ тийм бол зөв л байна шүү дээ. Энэ нь тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлт юм уу. 
Би: Арай үгүй байх аа. Бүрэн эрхийнх нь асуудал байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард түмний санал асуулгыг авах уу гэдгээ шийдээгүй байгаа шүү дээ. Чуулган эцэслэж хэлэлцээгүй байгаа гэж мэдээ уншсан. 
Ах: Үгүй би сонссон. Аравдугаар сарын 30, 31-нд ард түмнээ амрааж байгаад 29 тэрбумаар асууна гэж байна. Эрх мэдлийг нь хумих ёстой гэж би лав санал өгнө. 
Үсчин: За мэдэхгүй юм даа. Энэ дөрвөн ханан дундаа эргэлдэж байгаад л харьдаг бид зөв, буруу гэж санал өгөхөө ч ойлгохгүй байгаа шүү дээ. 
Ах: Өгөх хэрэгтэй шүү. Ялангуяа ард түмэнтэйгээ хамт түгжрээд явах нь зөв гэж саналаа өгнө гэж бодож байгаа, би.

...Бидний дунд ийм нэгэн яриа өрнөв. Ах хүү ч ихэд сэтгэл хангалуун үсээ засуулаад гарч одлоо. Үндсэн хуулийн талаар асар их мэдлэгтэйгээ гурван бүсгүйд харуулчихлаа гэж бодсон уу, эсвэл тив дэлхий дамжиж, гадны улс орны талаар мэдээлэлтэй мундаг гэдгээ харуулчихлаа ч гэж бодсон уу өөртөө тун итгэлтэйгээр явж одов. “Ах та буруу боджээ. Үндсэн хуульд ийм, ийм нэмэлт өөрчлөлт орно. Ингэж асуух учиртай. Энэ бүхнийг яг хэлэлцэх ёстой юу гэдгээ УИХ-ын гишүүд нь чуулганаараа хэлэлцэж чадахгүй гацчихсан. Ард иргэдийн санал асуулга явуулах үед засаглалын асуудлыг ч ярих юм билээ. Төрийн гурван өндөрлөгийн бүрэн эрхийн асуудлыг гэхээс илүү УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох талаар Үндсэн хуульдаа тусгаж байгаа” гэх мэтээр зөв ойлголт өгөхийн тулд олон зүйлийг ярьж болох байв. Мэдээж би иргэн хүний хувьд зөв мэдээлэл өгөх гэж хичээснийг та дээрх харилцан ярианаас уншсан биз. Өөрийнхөө хэвлэл мэдээллээр ч энэ үүргээ биелүүлж байна. Харин уртаашаа 1.5 мерт жижигхэн үсчний өрөөнд үсээ засуулаад сууж байхдаа би ахтай л адилхан энгийн иргэн хүн. Би мэдээлэлд илүү ойрхон, ах харин мэдээллийг амнаас ам дамжин авдаг гэдгээрээ ялгарч байв. Энэхүү харилцан яриаг бичсэнээрээ юуг хэлэхийг хүсч байна вэ гэвэл иргэнээ мэдээлэлтэй болгох ажлыг төр хийх ёстой гэдгийг хэлэхийг хүслээ.

Ах хүү шиг арлын Японы асуудлаас эхлээд Үндсэн хуулийн талаар зөв, буруу ч хамаагүй мэдээлэлтэй байгаа идэвхтэй иргэн олон бий. Түүнийгээ хаана таарсан газраа бусадтай хуваалцдаг, улс төрийн идэвхтэй, мэдээллийг шүүн тунгаахгүйгээр авдаг нэг хэсэг байна. Бидний үсийг засаж зогссон хоёр үсчин шиг ажил, бас дахин ажил, амьдралаа залгуулах гэсэн нийгмийн идэвхгүй хэсэг ч олон байгаа. Мөнхүү ээлжээ хүлээх зуураа бидний яриа огтхон ч хүртээлгүй мэт утсаар завгүй чат бичиж, хааяа нүүрэндээ инээмсэглэл тодруулан фэйсбүүк ухах залуу шиг хэсэг бүлэг ч энэ улсад байгаа. Эдгээр иргэдээ нэгдсэн мэдээлэлтэй, нэг ойлголттой болгох нь угтаа төрийн, тэр тусмаа төрд төлөөлж суугаа улстөрчдийн үүрэг юмсан. Дараа нь мэдээллийг ямар ч цензургүй, хяналтгүй түгээж байгаа соошл орчин ч үүнд буруутай аж. Мэдээж олон нийтэд зөв ойлголт өгч, хүртээмжтэй түгээж чадахгүй байгаад хэвлэлийн бид ч буруутай байх. Тэнд 30 гаруй минут өрнөсөн яриа л Монголын өнөөгийн нийгмийн дүр төрхийг тод томруун харуулж орхив. Бид тавын цуурхал бол энэ нийгмийн дүр төрх. Дийлэнх олонхи нь шууд сонссондоо итгэдэг, эсвэл амнаас ам дамжсан ярианд итгэдэг гэдэг нь эндээс илхэн. Ахын ойлголт лавтай хэвлэлээс авсан зөв ойлголт биш. Найз нөхдөөрөө, эсвэл өөр нэг үсчинд, магадгүй таксинд зорчиж явахдаа л сонссон хэрэг биз.

Үсчинд орж ирэхийнхээ өмнөхөн ч өөр хэн нэгнээс сонсчихоод орж ирсэн ч юм билүү, хэн мэдлээ. Төрийн гурван өндөрлөг ард түмэнтэйгээ түгжрэх үү, үгүй юу гэдэг л хамгийн чухал гэсэн түүний ойлголтыг үсээ засуулах 30 минутын хугацаанд лекц уншиж, эсвэл тулган шахаж ойлгуулах гээд ч хангалтгүй юм билээ. Тэр хүний хувьд түгжрэл хамгийн чухал асуудал учраас үүний төлөө л саналаа өгчихвөл иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг аж. Харин хоёр үсчин эгчид өнөөдрийн ажлаа л амжилттай дуусгаад, орой гэртээ хоолны мөнгөтэй харих, урд суугаа хоёр үйлчлүүлэгчээ сэтгэл ханамжтай гаргах нь чухал. Ээлжээ хүлээн суух залуугийн тухайд энэ бүхэн огтоос хамаагүй. Үндсэн хууль, хар салхины тухай яриа ч тогтож сонсоогүй гэдэгт итгэлтэй байна. Нэг өрөөнд цугласан таван иргэний чинь ойлголт ийм байна, төрийнхөөн. Энэ тохиолдолд бидний хэд нь санал асуулгад үнэнчээр оролцох вэ. Бид тавын хэд нь зөв, хэд нь буруу гэж саналаа өгөх бол. Эсвэл өгөхгүй ч байж мэднэ.

“Урдах ажлаа л хийе. Төрийн ажил надад хамаагүй. Эсвэл найз охинтойгоо л эвтэй байвал надад Үндсэн хууль хамаагүй” гэдэг ч юм уу. Яг ийм өнцгөөр асуудалд хандлаа гэхэд үүнийг бүх ард түмний санал гэж ойлгох уу. Тухайлбал, бид тавыг нэг дор цуглуулж санал авлаа гэхэд “мэдлэгтэй” ах төрийн гурван өндөрлөг түгжрэлд явах ёстой гэдэг заалт, эсвэл тийм үг хайх юм байна. Байхгүй бол буруу гэж үзэх байх. Үсчин эгч нар их зүйлийг мэддэг ахаас тусламж хүснэ. Магадгүй өмнө ярьж байсныг нь сонссон учраас дарга нар адилхан түгжирнэ гэж ойлгоод “зөв” гэж зурах биз. Харин залуу бол шууд нүдэнд ойрхон харагдсанаа л зурчихна. Үлдсэн хугацаанд иргэдээ ойлголттой болгож, энэ бүх толгой эргүүлсэн заалтуудаа нэг болгож, улс төрийн намууд, бүлэглэл фракцийн дунд жонхуурч орхисон Үндсэн хуулийн заалтуудаа цэгцлэхгүй бол түгжрэх, түгжрэхгүйн тухай, тэр нь надад хамаатай юм болов уу гэж тээнэгэлзэж, эргэлзсэн олноос санал асуугаад яах юм бэ. Нийт, нийгмийн нэгээхэн хэсгийн энэ харилцан яриа, хамжааргагүй цуурхал Монгол Улсын өнцөг булан бүрт, айл болгоны гэрт өрнөж, ах хүү шиг их мэдэгчид ахиад л амнаас, ам дамжуулан ярьж яваа байх даа.