ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Түүний шийдвэрүүд Монголын төлөө байгаагүй

А.ОДСҮРЭН
2019-09-05

Чимидийн Сайханбилэг сайхан залуу. Эфирийн төрхтэй, яриа хөөрөө нь яруухан. Нэг тийм сэтгүүлчийн ажилд бол яг тохирохоор. Гэхдээ АН-ын дэргэдэх залуучуудын холбоог түшиж, тэндээс төрийн түшээ болон дэвшсэн нь түүний хамгийн том алдаа байлаа. Саяхан даа, “Бидний цөөхөн монголчууд” төслийн телевизийнх нь захирал болж, телевизийн хүн болох сураг гарч, сэтгүүлзүйд мөрөө, нэрээ гаргах нь ээ гэж баярлаж суулаа. Одоо л зөв дөө. Гэвч засаг төрд суухдаа хэд хэдэн том төсөл, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд ашиг сонирхлын зөрчил гаргаж, залруулж болшгүй алдаа гаргасныг нь бодохоор уучилж боломгүй.


Нэгэн зүйл.


Тавантолгойн стратегийн ордыг Хөрөнгө оруулалтын гэрээ нэрээр “Энержи Ресурс”, Хятадын төрийн өмчит “Чайна Шинхау Энержи” компаниудад өгөх луйврыг Монголын төрийн эрхийг барьж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, сайд М.Энхсайхан нар гардан хийж, тэр нь бүтэлгүйтэв. 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Ц.Элбэгдоржийн түлхээс, даалгавраар Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд болов. Тэр Ерөнхий сайд болонгуутаа ямар ч яамгүй сайд тодруулж М.Энхсайханыг Засгийн газартаа Монгол Улсын сайд болголоо. Ямар ч газар хэлтэсгүй, мэргэжилтэнгүй, оффисгүй, тамга тэмдэггүй сайд.  Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд тэдний луйврыг илчилж, УИХ-ын чуулганы хуралдаанд “Тавантолгойн гэрээг баталбал, батлуулах гэж оролдвол хариуцлага тооцно” гэж мэдэгдсэнээр Тавантолгойн орд Монголдоо үлдсэн гэхэд болно. Спикер тэгж мэдэгдсээр байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүй, зөвхөн Засгийн газрын гишүүдээрээ батлуулах гэж яаравчилж байсан нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд үлдсэн байдаг. Тэрхүү  тэмдэглэлд Ч.Сайханбилэг “Одоо тэгвэл цохичихъё, тэгээд Их хуралд өргөн барихдаа янзалъя. Тэгээд манай өрөөнд албан бус суугаад ярья. Бас тийм горимын санал гэдэг маягаар нь ойлгочихъё”... “Албан бусаар ярья. Нэг ойлголцолтой болъё. М.Энхсайхан сайд саналаа хэл. Одоо би шууд цохилоо. Гурван асуудлаа Засгийн газраас албан ёсоор дэмжлээ гээд цохьё, дараа нь манай өрөөнд цуглая” гэж шавдуулж байсан. Гэвч энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг зогсоож чадсанаар барахгүй өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК хэр ашигтай ажиллаж, Монголын эдийн засагт ямархан ачаа үүрч байгааг монголчууд мэддэг болжээ. 


Нэгэн зүйл. 


Ч.Сайханбилэг нар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ч УИХ-д мэдэгдэлгүй, нууцаар Худалдаа хөгжлийн банкинд өгчихсөн баримт. “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголынх байх ёстой. Гэхдээ төрд байх ёстой юу, хувийн хэвшлийнхэн авах ёстой юу. Ч.Сайханбилэгийн шийдвэрээр бол төрд биш хувьд байх нь илүү дээр байжээ. Монгол Улс хөрөнгөө мэдэх ёстой, УИХ хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэдгийг ойлгоогүй байсан гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. УИХ-аар асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхгүйгээр Засгийн газрынхаа гишүүдээр хэлэлцүүлсэн болоод л шийдвэрлэчихсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр Ардчилсан нам “Эрдэнэт”-ийн 49 хувиа Монголдоо аваад ирлээ хэмээн мэдэгдэл хийсэн нь түүний хамгийн тэнэг алдаа байв. Сонгууль болж байдаг, санал хураах гэж байдаг, Ерөнхий сайд ийм чухал асуудлыг гэв гэнэтхэн зарласан нь олон хүнд эргэлзээ төрүүлж, МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдын супер тэнэглэл нь энэ байв. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувиа Монголын тал авсан нь л чухал болохоос хувийн хэвшил үү, төр үү гэдэг нь чухал биш. Бидэнд сонголт байгаагүй” гэж тавласан нь олон нийтэд таалагдсангүй. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан гэх аж ахуйн нэгж хөрөнгө мөнгөө хэрхэн босгосон, Оросын талаас 49 хувийг хэрхэн худалдаж авсан нь хууль шүүх дээр маргаан болоод явж байна. Хэрхэн шийдэгдэх нь цаг хугацааны асуудал болчихоод байна. 


Нэгэн зүйл.


Монгол Улсад долоон тэрбум долларын хохиролтой алдарт Дубайн гэрээний зохиогч нь Ч.Сайханбилэг. Ерөнхий сайд болонгуутаа хийсэн хоёр дахь хууль бус үйлдэл нь энэ гэрээ. Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэх гэрээг үзэглэж, энэ гэрээний “үр дүнд” Монгол Улс “Рио Тинто”-д найман тэрбум ам.долларын зээлийн өртэй, монголчууд 2048 он хүртэл Оюутолгойгоос ашиг хүртэхгүй нь тодорхой болчихоод, мөн л хэрүүл уруул болж орхисон. Ч.Сайханбилэгийн нэрийн урд мөн л Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Сангийн сайд асан С.Баярцогт хоёрын нэр зүүлттэй яваа.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн төрд байх хугацаандаа хийсэн энэхүү хууль бус шийдвэрүүдийг хууль шүүхийнхэн шүүж байна. Түүний гаргаж байсан шийдвэр, хийж байсан гэрээ хэлэлцээрүүд Монголын төлөө байгаагүй, монголчуудын язгуур эрх ашигт нийцээгүй нь үнэн.