ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Бидний өвөө”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-02

Хотын амьдралд төвхнөх гэсэн шинэхэн оюутнууд бужигнаад л. Бүгд л тэднийг “шинэков”-ууд гэж шоочлох ч автобусны буудал асуугаад зөрж өнгөрсөн хөдөөгийн бор дүүгээс оюутан насаа олж хараад л. Оюутны жилүүдийн гэрэлт өдрүүдээ хүн бүр битүүхэн үгүйлээд л. Үймээнт хотод маань яалт ч үгүй оюутны намар иржээ. Хүн бүрийн залуу нас, гэгээн дурсамжыг тээсээр ирдэг оюутны намраар энгийн хэрнээ эгэлгүй нэгэн өвөөг “Эгэл амьдрал” буландаа онцоллоо. Оюутны намар гэчихээд яагаад буурал өвгөнийг онцлов гэж уншигч та гайхах биз. Олон арван хүний оюутан нас энэ жижигхэн өвөөтэй холбоотой болохоор тэр. Олон арван сэхээтэн түүний гэрээс төрсөн болохоор юм. Түүнийг бид “өвөө” гэж дуудна. Угтаа бол бидний өвөө байхаар насны хүн биш л дээ. Гэхдээ л түүнийг 2000-аад оны оюутнуудаас эхлээд бидний үеийнхэн, бидний дараагийн үеийнхэн ч “өвөө” л гэнэ. Бараг 20 орчим жилийн турш өвөөгийн босгыг элээсэн олон арван оюутнуудын хэнийх нь ч өвөө тэр биш. Гэхдээ бараг л Хөвсгөлийн бүх оюутны өвөө болсон юм. Бидний өвөөг Самбуугийн Дүүжий гэдэг. 

Өдгөө 70 шүргэж  яваа ануухан хөгшин. Ануухнаар барахгүй галтай өвөө. Үе үеийн нутгийн оюутнуудын нэгэн адилаар би ч бас түүнийг өвөө гэдэг ч угтаа бол эмээгийн маань дүү юм. 16-хан настай өнчирч үлдсэн эмээ маань ой гарантай дүүгээ хүлээж авч ээжийнх нь оронд ээж нь болж өсгөсөн нь бидний өвөө. Өвөө 17 настайдаа нутгаасаа гарсан юм гэдэг. 17-хон настай хүү аавыгаа нутаглуулж, эгчийгээ айлын бэр болоход юм үзэж, нүд тайлахаар амьдрал тэмцэж дүнхэр дүнхэр уулсаа, цалгиа долгин Тэнгисээ орхиод Сэлэнгэ аймгийн Дулаанхааныг зорьж байжээ. Тэр нутаг өвөөд маань бүгдийг өгсөн хэмээн өөрөө дурсана. Түүний залуу халуун нас, алдаа оноо бүхэн Дулаанхаантай холбоотой аж. Тэнд л өвөө гэргий авч, айл болж, аав болж амьдралын сайхныг амсаж бус балгалж явсан гэдэг. Ариун цагаан сэтгэл, зөв амьдарсан зам мөр ямагт сүүн мөртэй байдаг хойно манай өвөө одоо ч ач, зээгээ тойруулаад жаргалын далайгаас шанагадаж сууна. Өвөө их уяхан хүн л дээ. Нутгаа дурсахдаа, залуу насаа ярихдаа хоолой нь зангираад л явчихна. Зуны амралт эхэлж өвөлжин бужигнасан бид гэр гэртээ харих болоход автобусанд суулгаж өгчихөөд нулимсаа шудраад л эргээд шогшчихно.

“Юундаа уйлдаг юм бэ өвөө намар хүрээд л ирнэ шүү дээ” гээд бид ч тоохгүй. Хар нялхаараа нутгаасаа гарч, элгэн саднаасаа холдсон болохоор өтлөх тусмаа тэднийгээ санагалздаг байсан нь тэр аж. Хорвоод хүний төлөө л гэсэн ховор заяанд төрсөн хүн дээ бидний өвөө. Өвөөгийн ачаар Хөвсгөлийн, тэр дундаа Рэнчинлхүмбэ, Цагааннуурынхан оюутны тарчиг амьдрал гэж юу байдгийг мэдрэлгүй сур­гуулиа төгсөж, тал бүр тийш тарцгаасан байдаг. Үеэл охин, өвөө бид гурав амьдардаг байсан дөрвөн жил тэднийх хамгийн цөөхөн оюутантай байсан үе. Бид хоёрыг эгчийн минь хүүхдүүд гээд эрхлүүлэх шиг болно. Өвөөгийнх Нисэхийн эцэст амьдардаг болохоор өглөө 06:30 орчимд гэрээсээ гарна. Өглөө эртлэн босоод сүүтэй цай чанаад, идэж уухыг маань өрөөд тавьчихсан байдагсан. Өвөөгийн цайны үнэр, “цаг болохоо болилоо босоорой” гэх дуунаар сэрдэг байсан эрх үеэ айлын эхнэр албан ажилтан болчихсон хойноо ч үгүйлсээр. Орой ирэхэд сайхан хоол хийчихсэн хүлээж суух. Амралтын өдрөөрөө бид өвөөдөө дуртай хоолыг нь хийж өгөх ажилтай. Миний цуйванг, үеэлийн буузыг тэнгэрт тултал магтана.

Зун хөдөө очихдоо ч цуйвангаа л хийлгэж иднэ. Өвөөгийнх сургуулиас хол байна гэж шалтаглан үеийнхнийхээ дунд бужигнаж амьдрах гэсэндээ басхүү сурагч байхад кино мэт яригддаг байсан оюутны байранд сууж үзэх гэсэндээ үеэл охин бид хоёр дотуур байранд суух болов. Гэвч оюутны байранд сууж “амьдрал үзэх” гэсэн хоёр долоо ч хонолгүй өвөөгийнх рүүгээ гүйдэлтэй болсон юм. “Амралтын өдрөөрөө хааяа ирж байя” гэж томроод явсан хоёр хичээл тараад л Нисэхийн автобусанд сууж орхих. Өвөөгийн цай үнэртсэн өглөө биш сэрүүлэг хангинаж дор бүрнээ яарч тэвдсэн тухгүй орчинд сэрэх бодсон шиг хөгжилтэй байгаагүй болоод тэр л дээ. Яагаад ч юм ганцаархнаа амьдардаг өвөөгийн гэрээр оюутны хөл тасрахгүй. Дотуур байранд суудаг сумын оюутнууд  ирж түмпэн дүүрэн боорцог хийж авдаг учраас  амралтын хоёр өдөр хөл толгойгүй бужигнана. Тэдний дунд өвөөгийн садан гээд байх хүн бараг байхгүй ч хэнийг нь ч ялгахгүй ирэх тоолонд нь “эргэлт” бэлтгэж тавина. Ёстой юм шиг тэд эргэлтээ авчихаад л буцаад явна. Ийм байдлаар сүүлийн 20 орчим жил өвөөгийнхөөр оюутны хөл тасраагүй билээ.

С.Дүүжий өвөө хөгжилтэй, хүүхдэрхүү зантай хүн. Бас нэлээд шооч. Гэрээр нь бужигнадаг оюутнууддаа “мессеж Хамбай”, “Том аниа” гэх мэт нэр хоч өгчихнө. Биднийг нэрээр нь дуудна гэж бараг байхгүй. Хүн бүрт тохирсон нэр өгчихөөд түүгээрээ л дуудна. Бид ч бас бие биенээ нэрээр нь бус өвөөгийн өгсөн нэрээр дуудаад сурчихсан байдагсан. Бидэнд залуу насныхаа дурсамжийг хуучилна. Аглаг уулын тайгаасаа 17-той гарсан буурал өвгөний дурсамж үлгэр домог мэт сонихон. Уярмаар ч түүх их. Ухаажмаар ч явдал олон. Заримдаа бид нам гүм болчихсон өвөөгийн яриаг сонсож суух. Ихэнхдээ л  гэр дүүрэн мэтгэлцээн өрнөнө. С.Дүүжий өвөө хаа ч явсан үргэлж дуу аялдаг юм. Түүний хамгийн дуртай дуу нь “Цэнгэлтэй үдэш”. 
“...Ямар ч үдшээр солимооргүй энэ оройг
Яруухан бодолдоо энхрийлж явъя...” гээд л залуу насны гэрэлт өдрүүдээ өтөл буурал нэхэн дуулах нь яагаад ч юм сонсож суухад нэг л хөндүүр санагддагсан. Их сайхан дуулдаг болохоор заримдаа “Өвөө нөгөө дуугаа дуулаач” гэхээр тайзан дээр дуулж байгаа юм шиг сэтгэлээсээ, хичээнгүйлэн дуулна. Уртын дууг бол шар үс босмоор сайхан дуулна. Өвөөгийн байшинд дуу хуур, инээд наргиан, элдвийн хөгтэй явдал тасарна гэж үгүй. Өөрөө бага залуудаа хүний нутагт “тэнэсэн” болоод ч тэр үү танихгүй газар эрдмийн мөр хөөж, амьдрал тэмтэрч ирсэн залууст тэр их л элгэмсүү хандана. Гэгээн мөрөөдөл өвөрлөж ирсэн залуусын үүрээ засдаг өргөө байсан болоод ч тэр үү өвөөгийн гэр цаанаа л дулаахан, сайхан энергитэй. Өвөөгийн гэрт дандаа мөрөөдөл яригддаг. Өвөөгийн гэрээс дандаа тэмүүлэл ханхалдаг. Тэнд үргэлж инээд цалгидаг. Тэднийх үргэлж эзэнтэй байдаг. Өвөөг огт хараагүй мөртлөө олны сургаар зориод ирсэн оюутан олон. Тэднийхээс амьдрал зохиогоод гарсан айл ч бий. Олон арван оюутны тээж ирсэн мөрөөдлийг биелүүлчихээд, “энэ жил ямар хүүхэд ирэх бол” гэсээр бууриа сахиад үлддэг том сэтгэлтэй жижигхэн өвөө. Тэр бол монголын олон арван сэхээтнийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн буянтай буурал. Хүний, миний гэж ялгадаггүй оюутны өвөө, түмний өвөө юм.