ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Нохойн баас” минь нөхөн сэргээлтээ хийгээрэй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-27

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 22-ны өдөр болж, 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Тэр дундаа Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлож байсан 13 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Ашигт малтмал, газрын тосны газрын албан ёсны мэдээллээс харахад, хоёр тусгай зөвшөөрөл “Монгол газар” компанийн эзэмш­лийнх, бусад нь өөр албан байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан. Гэвч ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэрхүү 13 компани бүгдээрээ “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын эзэмш­лийнх. Хамаарал бүхий этгээдийнх нь гэж мэдээлж байлаа. Тусгай зөвшөөрлийг цуцалсан  шалтгаан нь мэдээж хууль, журам зөрчдөг, байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүйтэй холбоотой хэмээн албаныхан мэдээлж байсан. Бүр нарийн ярьвал, тэдгээр 13 компанийн  дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан. Хэдий тийм ч  үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчиж байж. Ингээд л бүгдийнх нь зөвшөөрлийг цуцалж, Цэнхэр сум алтны компаниудын “атга”-аас гарлаа. Цэнхэр сум гэхээсээ илүү Орхон гол улаанаар эргэдэг, шавар шламаар урсдаг цаг ард хоцрох нь. Энэ шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, хянаж, нөхөн сэргээлтийг нь хийлгэж, дахиад ухуулахгүй байж чадвал. Засгийн газраас шийдвэр гарсны дараа “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяртай холбоотой янз бүрийн мэдээлэл гарсан.

“Новотел” гэдэг зочид буудалд Ц.Мянганбаяр гэх мэт олон бизнесмэнүүд УИХ-ын зарим гишүүдтэй нууц уулзалт хийж байна. Ц.Мянганбаярын бие муудаж, эмнэлэгт хүргэгдлээ гэх мэт. Сүүлд түүнийг Засгийн газрыг шүүхэд өгч, хохирол нэхэмжилнэ гэсэн мэдээлэл ч гарсан юм. Энэ бүхэнд алтны магнат гэгдэх Ц.Мянганбаяр захирал хариулт өгч. “Над шиг муу нохойн баас төр, засгийг шүүхэд өгнө гэж бодох уу. Анхнаасаа л би Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцээгүй. Тийм ярилцлага ч өгөөгүй шүү дээ” хэмээн ярьсан байна билээ.  Зөв, юм үзсэн, нүд тайлсан, шийртэй эр юм. Нэгэнтээ алтыг нь ухаад дууссан, жаахан “хусам” л үлдсэн газрын тусгай зөвшөөрлийг цуцалсны төлөө ухаан алдаж унаад, шүүх яриад явах угаасаа утгагүй. Түүнийгээ ч Ц.Мянганбаяр гуай мэдэж байгаа байх. Харин Ц.Нямдорж сайдтан “Манайд зурагт байдаггүй. Би Н.Энхбаярыг баривчилсныг мэдээгүй” гэж хариулсантай ижилхэн зүйлс их ярьжээ. “Новотел” гэж зочид буудал хаана байдгийг мэдэхгүй. Б.Чойжилсүрэн, Д.Хаянхярваа гэдэг улстөрчдийг танихгүй” гэх мэтээр. Засгийн газрын цуцалсан 13 тусгай зөвшөөрлийн гурав нь “Монгол газар” компанитай хамааралтай гэдгийг Ц.Мянганбаяр захирал ярьж. Технологийн хувьд алт үлдчихсэн учраас Цэнхэрийг өдий болтол там болгож, хөрсийг нь хэд эргүүлж, голыг нь ширгээж ухсаар байсан юм байх аа. Архангайн Цэнхэрт “Шийрт”-ийн уурхай “нинжа” нарын очдог цөөн хэдэн газрын нэг байсан. Модыг нь огтолж, усыг нь эргүүлж хэн хүнгүй л дайрсан. 2000 оноос “Монгол газар” тусгай зөвшөөрөл аваад ухаж эхэлсэн түүхтэй.

Түүнээс хойш “нинжа” нартайгаа нийлээд орвонгоор нь эргүүлсэн. Одоо үлдээд байх алт байх уу. Ц.Мянганбаяр захирал Архангай аймгийн нутагт нийтдээ 8452 га газарт тусгай зөвшөөрлөөр алт ухаж байсан. Бараг хоёр сумын газар нутагтай дүйцэхүйц хэмээн зарим хэвлэл мэдээлсэн. Мань эр гуравхан тусгай зөвшөөрөл манайтай хамааралтай гэж байгаа ч зарим эх сурвалж эзэмшиж байсан талбайгаа жижиг компаниудад хуваагаад зарчихсан гэсэн мэдээллийг өгдөг.  Энэ мэдээлэл үнэний ортой. Цэнхэрт газар ухаж, байгаль дэлхий сүйтгэж байгаа компаниуд нь ганц  хоёрхон техниктэй жижиг, жижиг л компани. Компани нэртэй л болохоос бараг л хувь хүн гэсэн үг.  Тэд нэгэнт ухаад дууссан талбайн үлдэгдэл буюу шлам, өнгөний шороог л дахин дахин угааж, бага сага алт олборлож байгаа бол их юм.  Яг л Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байх Өлтийн уурхайг хувааж зарсантай адил технологи хэрэгжүүлсэн байх.  Үр дүнд нь Орхон голд цутгадаг хэд хэдэн цутгал гол ширгэчихлээ. “Ариун суварга хөдөлгөөн” ТББ-ийн тэргүүн Г.Чагнаадорж “Алтан Дорнод Монгол” компани алт олборлосноос болж Орхон гол бохирдож, урсац муудсан. Нуур цөөрөм булаг, шанд нь бохирдол ихтэй.

Энэ бохирдол одоо болтол нөлөөлсөөр байна. Загас жараахай нь үхсэн” хэмээн ярьсан байдаг.  Цаашлаад Цэнхэр сумын уул, ус, модыг сүйтгэснийг тооцвол мянган ширхэг Мянганбаяр байгаад ч төлж дийлэхгүй их хор хөнөөл байгальд учруулсан. Өнөөдөр Засгийн газар хэдэн тусгай зөвшөөрөл хураагаад зогсохгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан, нөхөн сэргээлт хийдэггүй аж ахуйн нэгжүүдээс, Ц.Мянганбаяраас хариуцлага нэхэж, нөхөн төлбөр шаардах ёстой. Өнөөдрийг болтол нөхөн сэргээлт хийлгүй орхисон байснаа Ц.Мянганбаяр захиралтан өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.  Хууль зөрчсөн нь үнэн байж.  Алт үлдсэн учраас нөхөн сэргээлт хийлгүй орхисон гэж тайлбарлаж.   Алтны нөөц дууссаны дараа нөхөн сэргээлтээ хийгээд, сайхан болгохоор бурхан сахиусаа дуудан ярьсан байна. Болж байна, сайхан амлалт. Хамгийн гол нь амалсандаа хүрээрэй дээ. Юм үзсэн хүн нэгэнт тусгай зөвшөөрлийг нь цуцалчихсан байхад алт нь дуусаагүй гээд гүрийгээд байхгүй байлгүй.