ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Үндэсний хэлэлцүүлэг” гэх нэр нь томдсон хэрүүлээс тодорхой үр дүн гарсангүй

O.Admin
2019-08-01

-Тост, Тосон бумбын нуруунд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд олборлолт явуулсаар байна-

Олон жил өмнийн говийн иргэдийн толгойн өвчин болоод буй Тост, Тосонбумбын нуруунд тулгамдаж буй асуудал, байгаль хамгааллын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 29-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Хөгжимт драмын театрт болов. “Сэтгүүлчид болон олон нийтэд нээлттэй болно” гэсэн зарын дагуу албан томилолт өвөртөлсөн бидний хэдэн сэтгүүлчид өмнийн говийн албан томилолтоо нэг хоногоор уртасган, хэлэлцүүлэгт суухаар очсон юм. Энэхүү хэлэлцүүлгийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Мандахбаяр зохион байгуулсан бөгөөд Тост, Тосонбумба орчмын газар нутгийн хилийн зурвасыг тэлэх, тэнд уул уурхайн олборлолт явуулж болохгүй хэмээн тэмцэж байгааг уншигч та мэдэх биз ээ. 

Гурвантэс суманд дахин таван компани олборлолт явуулахаар ханджээ 

Хэвлэлд нээлттэй гэсэн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн өргөн бүрэлдэхүүн, нутгийн иргэд, мөн тус газар нутгийн орчимд үйл ажиллагаа явуулж буй зарим компанийн төлөөлөл оролцохоор иржээ. Харин хэлэлцүүлэг эхэлсэн даруйд хэлэлцүүлгийг зохион байгуулж буй Х.Мандахбаяр “Энд олон хэвлэл мэдээллийн байгууллага иржээ. Та бүхэнд баярлалаа. Гэхдээ битгий худалдагдаарай гэж хэлье” хэмээн “тэнэглэж”, тэнд сурвалжлахаар очсон 20 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн зэвүүцэл, дургүйцлийг төрүүлэх нь тэр. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат, нутгийн иргэн, Тост, Тосонбумбын нурууг хамгаалах талаар 10 гаруй жил тэмцэж яваа Б.Дэжид, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох, “Сауд Гоби Коал Транс” компанийн захирал Д.Буянбат болон төслийн менежер Д.Сүхтулга, мөн судлаач Х.Түмэндэлгэр, хуульч Б.Долгор нарын албаны хүмүүс оролцохоор иржээ. Харин Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хэд хэдэн компанийн төлөөллөөс нэг нь ч ирээгүй байсан юм. Хэлэлцүүлгийн эхэнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар тус аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын талаарх тоон мэдээллийг өгөв. Өмнөговь аймгийн тухайд нийт газар нутгийн 8.8 хувь нь тусгай хэрэгцээнд байдаг бол, 3.3 хувийг ашиглалтын лицензтэй талбай эзэлдэг аж. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын 99 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд цаашдаа энэ тоог нэмэгдүүлэхгүй гэсэн бодлого баримтлан ажиллаж байгаа гэлээ. Мөн аймгийн тулгамдсан асуудал нь усны асуудал байгаа бөгөөд тоосжилт, бэлчээрийн асуудал ч хүнд байна гэв. Мөн Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох Тост, Тосонбумбын нуруу орчимд, Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгаас бусад хэсгүүдэд ашигт малтмал олборлох, хайгуул хийхээр дахиад таван компани хүсэлтээ гаргаад байгаа талаар илтгэлдээ танилцуулав. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй компаниудын асуудлыг цэгцэлж, дуусаагүй байхад дахиад таван компани нэмж, оруулах боломжгүй учраас энэхүү асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд хүргэж, компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ гэдгээ УИХ-ын гишүүдэд хэлж байлаа. Гурвантэс суманд 2019 оны зургаадугаар сарын байдлаар 35 тусгай зөвшөөрөл байгаа аж. Үүнээс 28 нь ашиглалтын зөвшөөрөл юм. Аймгийн хэмжээнд 40 гаруй ашиглалтын лиценз бийгийн 28 нь Гурвантэс суманд байна.

Энэхүү хэлэлцүүлэг уг нь Тост, Тосонбумба орчмын газар нутгийн хамгаалалтын асуудал, байгаль орчны асуудлыг хэлэлцэх учиртай байжээ. Ийм ойлголттой очсон хүмүүс ч олон байв. Гэтэл хэлэлцүүлэг эхэлсэн даруйдаа л тусгай хамгаалалтын гадна бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Сауд Гоби Коэл Транс” компани руу чиглэсэн дайралт болж хувирсан юм. Нутгийн иргэд гэхээс илүү зохион байгуулалттай хурал үймүүлэх гэж ирсэн хүмүүс ч цөөнгүй харагдав. Нутгийн иргэн гэх "танхай" этгээд мэдээлэл бэлтгэж байсан сэтгүүлчийг “Ална шүү. Нутгийн уул ус нүдтэй шүү, араа мэдэж яваарай” хэмээн заналхийлж, сүрдүүлэх асуудал ч гарлаа. Уг нь энэ хэлэлцүүлгийн үеэр олон ч чухал асуудал яригдсан. Тэр дундаа эрдэмтэн судлаач Х.Түмэндэлгэр Тост, Тосонбумбын нуруу орчмын байгаль хамгаалал, тоорой мод, байгалийн давтагдашгүй өв соёлын талаар маш сонирхолтой илтгэл тавьсан бөгөөд байгаль хамгаалал, ан амьтныг хэрхэн хамгаалах талаар тоон баримттай, тодорхой ул суурьтай мэдээлэл өгсөн нь нутгийн иргэдэд таалагдав. 

“Сауд Гоби Коал Транс”: Бид нийт ашиглалтын талбайн 51 хувийг орон нутагт буцааж өгсөн 

Хэлэлцүүлгийн үеэр “Сауд Гоби Коал Транс” компанийн төлөөлөл ч мөн илтгэл тавилаа. Ингэхдээ Засгийн газрын гаргасан тусгай зөвшөөрлийн бүсээс ангид үйл ажиллагаа явуулж буй гэдгээ мэдэгдэж, мөн нутгийн иргэдийн тавьсан, хүсэлт, аймаг, орон нутгийн иргэдээс ирүүлсэн усны хагалбар, байгалийн дахин давтагдашгүй газар нутгийг хамгаалах хүсэлт ёсоор нийт тусгай зөвшөөрөл авсан газар нутгийнхаа 51 хувийг орон нутагт нь буцаан өгч, харин 49 хувьд нь үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ. Мөн гол, мөрний урсацаас хол байгаа бөгөөд уурхайн олборлолт явуулж байгаа учраас газрын гүний ус ил гарсныг гол, горхи, булаг шанд мэтээр мушгиж, нийгэмд буруу мэдээлэл өгч байгааг залруулсан юм. Засгийн газраас 2017 онд гаргасан 91 дүгээр тогтоолд заасан улсын тусгай хамгаалалттай бүсийн газар нутагт хамаарахгүй бүсэд үйл ажиллагаа явуулж буй монгол эзэнтэй, стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтад багтсан ордод үйл ажиллагаа явуулж байгаа компани ажээ. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийн 100 гаруй иргэдийг ажлын байраар хангаж, мэргэшүүлэх талаар ажиллаж эхэлжээ. Мөн 300 гаруй сая төгрөгөөр сумын төвд зам барихаар орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн ч энэ мэт үл ойлголцсон асуудлаас үүдэн хойшилсоор байна гэв. Тост, Тосон бумбын нурууны 568 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах хүсэлтийг Засгийн газарт анх 2011 онд өргөн барьж байжээ. 

Үүнээс өмнө буюу 2005 онд орон нутгийн тогтоолоор тусгай хамгаалалтын бүс нутгийг тогтоосон ч гадны компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авчихсан байсан учраас шүүхэд дуудагдаж, олон сая төгрөгийн торгуульд унах асуудал үүссэн аж. Гэсэн ч сайн хуульчдын үр дүнд төлбөр төлөөгүй бөгөөд тус гадны компанийн лицензийг “Сауд Гоби Коал Транс” компанихудалдан авч, монгол ажилчид, монгол эзэдтэй хуулийн дагуу олборлолт явуулж байгаа хэмээн шат, шатны шүүхийн шийдвэрийг үзүүлэв. Харин судлаачдын тухайд Засгийн газар тусгай хамгаалалтад авахдаа хилийн бүсийг буруу тогтоосон гэж үзжээ. Тиймдээ ч удаа дараа Засгийн газарт шаардлага хүргүүлж ирсэн байна. УИХ-аас тусгай хамгаалалтад зайлшгүй авах ёстой гэж тогтоосон 896 мянган га газрын хилийн заагийг тогтоохдоо 153 мянган га газрыг хамгаалалтаас гадуур үлдээж тогтоосон аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан 91 дүгээр тогтоол болон хамгаалалтын бүсээс өөр газарт үйл ажиллагаа явуулж буй дээрх нэр дурьдсан компани хууль зөрчсөн эсэх талаар санал асуулга тавьжээ. Засгийн газрын тэргүүн асуулгын хариуг ирүүлэхдээ “Тус компани нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Засгийн газар аймаг, орон нутгийн иргэд, удирдлагуудаас ирүүлсэн хүсэлт ёсоор тусгай хамгаалалтын бүсийг тогтоож, авагдаагүй байсан зарим газар нутгийг нэмж оруулсан” гэх тайлбар ирүүлжээ. Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд үүнтэй санал нийлэхгүй байгаа учраас илүү тодорхой тайлбар авахаар дахин хүсэлтээ явуулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр тэр энэ талаар ярьж, мөн говийн бүсийн хамгийн тулгамдсан асуудал болоод буй усны асуудлаар хуулийн төсөл боловсруулж байгаагаа хэллээ. Гүний усны ашиглалт, хамгаалалтын талаар УИХ дотроо лобби бүлэг байгуулж, хуулийн төсөл боловсруулж эхэлсэн бөгөөд батлагдсан тохиолдолд говьд уул уурхайн олборлолт багасч, тэр хэрээр байгаль хамгаалах боломж нээгдэнэ гэв. Элдвийн эрх ашиг, нэр хүндээ өсгөх гэсэн хувийн пиар биш нутаг усныхаа төлөө тэмцэж буй хэнтэй ч хамтран тэмцэж, говийн онгон дагшин байгаль, ан амьтныг хамгаалахын төлөө тэмцэхээ хэлэв. Харин энэ үеэр Гурвантэс сумыг төлөөлж, УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяад нутгийн иргэд тун ч шүүмжлэлтэй хандав. Харин Н.Амарзаяа гишүүний тухайд сонгогдсоноосоо хойш энэ асуудлаар гурван ч удаа УИХ-ын болон байгаль орчны, ашигт малтмалын мэргэжилтнүүдтэй газар дээр нь очиж ажиллан, тусгай хамгаалалтын хилийн зурвасыг өөрчлөх талаар байр сууриа илэрхийлсэн гэж мэдэгдлээ. 

Тост, Тосонбумбын нуруунд хятад эзэдтэй компаниуд үйл ажиллагаа явуулсаар байгаа, гэвч...

Өмнийн говийн иргэдийг төлөөлж буй хоёр улстөрч тодорхой байр суурь гэхээс илүү тойруулж, бултаж, тэнд үйл ажиллагаа явуулж буй хятад эзэдтэй компаниудтай тэмцэхгүй байгааг нутгийн иргэд шүүмжиллээ. Тодруулбал, “Баатарван”, “Жавхлант орд”гэх хятад эзэдтэй компаниуд мөн л Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Тост, Тосонбумбын нуруунд ямар ч хяналтгүй олборлолт явуулж, байгаль газар нутгийг сүйдэлсээр байгаа аж. Гэтэл эдгээр компаниудын талаар хэлэлцүүлгийн үеэр огтхон ч яригдсангүй. Тиймдээ ч эдгээр компаниудтай яагаад тэмцэхгүй байгаа талаар Х.Мандахбаяраас нутгийн иргэд, сэтгүүлчдийн төлөөлөл асуув. Харин тэрбээр нутгийн иргэн болон сэтгүүлчийн асуултад “Эхлээд энэ компанийн ажлыг зогсооно. Дараа нь тэр компаниудтай тэмцэж болох байх. Энд ганц улстөрчийн бус байгаль хамгаалах, говийн ан амьтдыг хамгаалах асуудал явж байгаа. Засгийн газар шийдвэрээ эргэж харж, энэ компанийг хохиролгүй болгож, нөхөн төлбөрийг нь буцаан өгч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой. Намайг нэр дэвших гэж олонд танигдах гэж ийм зүйл яриад байна гэсэн. Би нэр дэвшихгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Харин түүнийг үг хэлсний дараа компанийн Гүйцэтгэх захирал Д.Буянбат “Уг нь энэ хэлэлцүүлгийг би Тост, Тосонбумбын нурууны байгаль хамгаалал, ан амьтдыг хэрхэн хамгаалах талаар өргөн хүрээнд хэлэлцэх болов уу хэмээн бодож, зорьж ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид ч оролцоход бэлэн байгаа.  Гэтэл нэгхэн компанийг онилсон, нэг хүний сонгуулийн шоу болно гэж төсөөлсөнгүй. Зохион байгуулалттай дайралтууд ирж байгаа. Х.Мандахбаяр гэх энэ залуу манай компаниас их хэмжээний мөнгө нэхсэн. Би өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Бид хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Нэг шантаажлагчийн үгнээс айж, үйл ажиллагаагаа зогсоож чадахгүй. Бид нутгийн иргэдтэй ойлголцолд хүрч, байгалийн өв соёл, гол горхийг хөндөхгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн бүс нутагт байгаа малчин өрхүүдэд нөхөн төлбөрийг нь олгосон. Манайх стратегийн орд газруудын нэг гэдгийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар мэдээгүй орхисон уу, эсвэл мэдэн будилаад орхисон уу гэдгийг мэдэхгүй юм” хэмээлээ. Хятадын хөрөнгө оруулалттай, хятад эзэнтэй Баатарван гэхэд л өнөөх хэлэлцүүлгийн сэдэв болоод буй Тост, Тосонбумбын нуруунд олборлолт явуулж байгаа атал “тэр талаар дараа ярина” хэмээн орхих нь гайхалтай. Уг нь яг энэ сэдвийг ярьж байгаа бол тэнд үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг сүйдэлж буй бүх компанийн төлөөллийг дуудан ирүүлж, асуулт асууж, харилцан хэлэлцэж, мэтгэлцэж байж л хэлэлцүүлэг үр дүнтэй болох ч тийм зүйл болсонгүй. Өөрөөр хэлбэл, Өмнөговийн Гурвантэс суманд “Баянтэс”-ээс өмнө есөн уурхай үйл ажиллагаа явуулж байгаа аж. Арав дахь нь “Сауд Гоби Коал транс”-ын Баянтэсийн уурхай байжээ. Одоо таван уурхай үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байгаа бөгөөд байгаль орчноо хамгаалах гээд байгаа юм бол бусад 14 уурхайг ярих ёстой гэсэн нутгийн иргэдийн зүй ёсны шаардлага яригдах учиртай сэдэв байв. 

Хэлэлцүүлгийн үеэр компанийн удирдлага болон тус компанийн талаар байр сууриа илэрхийлэх гэсэн нутгийн иргэдийг эсэргүүцэн болиулж, тайлбар ч хэлүүлэхгүй шуугилдах аж. Хэлэлцүүлэг 14.00 цагт эхэлж, үдшийн 22.00 цаг хүргэж өндөрлөсөн. Найман цагийн хугацаанд нутгийн иргэдийн зүгээс олон янзын санал гаргав. Улмаар, Засгийн газарт дахин шаардлага хүргүүлэхээр болж, уриалга гаргаснаар өндөрлөсөн юм. Тост, Тосонбумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй бүх компанийг дараагийн хэлэлцүүлэгт ирүүлэх ёстой, тэдгээр компанийг ч адилхан ярьж хэлэлцэх хүсэлтийг ч иргэд тавьж байлаа. Хоёрдугаар хэлэлцүүлэг Төрийн ордонд ирэх сарын 9-нд болох бөгөөд тэнд эдгээр компанийн төлөөлөл болон төрийн албан хаагчид, тушаал шийдвэр гаргасан хууль хяналтынхан, Засгийн газар, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны яамны төлөөлөл ч ирэх ёстойг хэлж байв. Учир нь эхний хэлэлцүүлэг тойрч хэрэлдсэн, тодрох гэж оролдсон пиарт хэтэрхий анхаарсан үр дүн муутай байв. Хэлэлцүүлгийн төгсгөлд бид зохион байгуулагч Х.Мандахбаяраас үр дүнгийн талаар яриа авах хүсэлт тавьсан ч татгалзсан хариу авлаа. Харин “Сауд Гоби Коал Транс” компанийн төслийн менежер Д.Сүхтулга хэлэлцүүлгийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.  

Д.Сүхтулга: Байгаль орчны төлөө хийх ёстойгоо хийж, хариуцлагаа хүлээхэд бэлэн

-Нарийн сухайтын бүлэг ордод хэд хэдэн  компани үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, “ЭсЖиЭс”, “Мак”, “Чинхуа мак нарийн сухайт”, “ИЕэАй” болон манай  компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нь Тост, Тосон бумбын нурууны гадна талд бүгд зэргэлдээ байрлаж,  үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн үг. Харин “Баатар  ван” компани нь яг Тосон бумбын нуруунд, харин тухайн уулыг даваад “Жавхлант орд” гэх компани үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл  эдгээр нь гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдал ийм байхад Тост, Тосон бумба гэж байгаад манай компанийг чичлээд байна. Гэтэл яг энэ  тусгай хамгаалалттай ууланд үйл ажиллагаа явуулаад байгаа дээрх компаниудыг огт дурддаггүй. Тиймээс үүнийг ганц компани руу чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж харахаас аргагүй юм. Үүндээ маш их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацааг зарцуулж байгаа нь цаанаа ямар нэг эрх ашиг байна гэсэн үг биз дээ. Биднийг төдийгөөс өдий хүртэл баалж ирсэн Х.Мандахбаяр гэдэг хүн тодорхой эрх ашгийн үүднээс ийм кампанит ажиллагаа явуулж байгаа. Бид анх “Саус гоби сэндс” компаниас хайгуулын лиценз худалдаж авсан. Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцөө батлуулаад холбогдох бүх баримт сэлтийг бүрдүүлээд л бүх үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд эхлүүлсэн компани. Эхний хөрөнгө оруулалтаа хийгээд хайгуулын ажлаа явуулаад лицензээ ашиглалтынх болгоход тухайн үед  Урт нэртэй гэх хуулийг баталсан байдаг. Ингэснээр уг хуулийн хүрээнд нийт талбайдаа  хасалт хийсэн. Анх авсан талбайд тэр чигт нь хайгуул хийгээд ашиглаад явах боломжтой байсан. Гэвч бидний бүх үйл ажиллагаа хуулийн дагуу байх ёстой гэдэг  үүднээс шинээр баталсан хуульд нийцүүлж хассан гэсэн үг л дээ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, нийт талбайгаасаа хасалт хийхдээ БОАЖЯ-наас  хамгаалалтын бүс нь хаана байгааг лавлаж тодорхойлуулснаар хассан байдаг. Яамнаас авсан лавлагаагаар булаг шанд манай талбайд байгаагүй. Гэсэн ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд талбайн хэмжээгээ хассан. Ингэхдээ нэлээд нарийн зурвас хэлбэрээр хассан. Тооройн төгөл, Загийн ой зэрэг нь манай талбайд байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Мэргэжлийнхэн шалгаад тогтоочих учраас үүнийг нууж хаах юм уу, худлаа ярих шаардлагагүй. Цаашдаа ч байгаль орчныхоо төлөө хийх ёстойгоо хийж, хариуцлагаа хүлээхэд бэлэн. Бид аймгийн төв дээр хэлэлцүүлэг гэх найруулгатай жүжигт оролцоод хэвлэлийнхэнд тайлбар өгөөд зогсохын оронд ажлаа хиймээр байна шүү дээ.  Тухайн  газар нутагт ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй олон компани бий. Манайхыг бодвол цөөнгүй жил үйл ажиллагаа явуулчихсан, тогтвортой компаниуд. Тэдний хувьд дандаа гаднын  хөрөнгө оруулалттай. Гэсэн ч гаднаас нь харахад тэднийх рүү аливаа дарамт шахалт  ирээд байдаггүй. Сэтгүүлч та бүхэн ч анзаарсан  байх. Тодорхой эрх ашгийн үүднээс л биднийг онилчихоод нийгэмд ийм бухимдал стресс үүсгээд байна шүү дээ.Хятадын хөрөнгө оруулаттай компаниуд руу ямар ч асуудлын хандуулдаггүй, тэд  тайван амгалан ажлаа хийгээд байхад дотоодын бид л элдэв хэл ам, дарамт шахалтын бай болоод ажлаа ч явуулж чаддаггүй байдалтай л байна. Энэ бол цэвэр ашиг сонирхлын зөрчилтэй гэж харахаас аргагүй.

Б.Тогтох