ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрхүү мужийн хүүхдүүд Монголд амрахаар иржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-18

Зургадугаар сарын сүүл болон долдугаар сарын эхээр ОХУ-ын Эрхүү мужид үер бууж, 10 мянган байшин усанд автаж, 25 хүн амиа алдаж, олон айл эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Монгол Улсын зүгээс энэхүү гамшигт явдалд эмгэнэл илэрхийлж, эд материалын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн.

Энэ дагуу ЕТГ-ын дарга З.Энхболдоор ахлуулсан тусламжийн цуваа Эрхүү мужийг зорьсон байдаг. Мөн Засгийн газрын хуралдаанаар Эрхүү мужид тусламж үзүүлэх хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргах шийдвэр гарсан юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрхүү мужийн удирдлага болон ОХУ-ын Төрийн тэргүүнд эмгэнэл илэрхийлэх үедээ сэтгэл санаа болон эд материалын хохирол амссан Эрхүү мужийн хүүхдүүдийг Монголд амраах талаар дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл энэхүү ажлыг санаачилж, үерт гэр орноо алдсан 9-17 насны 42 хүүхдийг Монголд амраахаар болжээ.

Хүүхдүүдийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг болох Улаанбаатар Төмөр Зам хүүхдүүдийг үнэгүй тээвэрлэсэн аж. Хүүхдүүд энэ сарын 16-наас ирэх наймдугаар сарын 25 хүртэл нийтдээ 40 хоног амрах бөгөөд “Найрамдал” олон улсын цогцолбор мөн Эрдэнэт хотын “Найрамдлын эрдэнэс” зусланд тус тус амрах юм байна.