ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Манайхан байгальдаа хаяж, тэднийхэн мөнгө бас медаль хийж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-17

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны олимп яг нэг жилийн дараа буюу 2020 онд Токио хотноо зохион байгуулагдах гэж байна. Олимпын эрхээ авсан даруйдаа л япончууд бэлтгэл ажилдаа гарч, хоёр том нисэх онгоцны буудлаа өргөтгөх, нисэх буудлаас спортын наадам зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэн хүртэл төмөр замын шинэ шугам барьсан гээд их бүтээн байгуулалт өрнөж байх аж. Хамгийн сонирхолтой нь тус улс энэ жилийн олимпын наадмынхаа бүх медалийг хуучин гар утас, нөүтбүүк зэрэг электрон хог хаягдлыг дахин боловсруулж бүтээжээ.

Гайхалтай биш гэж үү. Нийтдээ 30.3 кг алт, 4100 кг мөнгө, 2700 кг хүрэл цуглуулах ажлыг маш богино хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд бүх дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраар хуучин электрон хог хаягдал цуглуулах ажлыг зохион байгуулж, япончууд ч нэгдэж чаджээ. 50 мянга орчин тонн хог хаягдлыг маш богино хугацаанд цуглуулж, чадсанаар медаль хийх ажлаа ч дуусгах шатандаа ороод байгаа гэнэ лээ. Үүнээс гадна олимпын бамбараа ч тэд хог хаягдлаар хийх гэнэ. Иватэ мужид 2011 онд болсон газар хөдлөлт, цунамид өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн гамшигт өртөгсдийг байрлуулах түр орон сууц барихад ашигласан 10 мянган хэсэг хөнгөн цагааны хаягдлыг дахин боловсруулж, бамбараа хийжээ. Бусдын төлөө цохилох зүрхтэй, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухаан гэдэг ийм агуу. Ерөөс Японы аль ч хотод очсон та ширхэг бохь, тамхины иш олж харахгүй. Гудамжаар нь хог хаягдлыг ангилан ялгах зориулалттай сав байдаг учраас тав алхаад л та хогоо хийх боломжтой учраас хүн амьдрахад хамгийн тохиромжтой газраар дандаа Япон улсыг нэрлэдэг нь зүгээр ч нэг тохиолдол биш ажээ.

 

Хогоор мөнгө хийж байна

“Хаана” хэмээн асуух хүн олон гарах байх. Сэтгүүлч миний бие 2014 онд БНСУ-д Төв банкны шугамаар томилолтоор ажиллах завшаан тохиож билээ. Тэр үедээ хэзээ ч хог хаягдал гэж байдаггүй гэдгийг ганц сайн ухаараад гарснаа 2015 онд нийтлэл болгон бичиж байлаа. “Хөгжингүй орнууд хогоор мөнгө үйлдвэрлэж байна, харин манайх” гэсэн нийтлэлийг одоогоос дөрвөн жилийн өмнө бичиж байсан гэсэн үг. Тухайн үед хөндөж байсан олон ч сэдэв өнөөдөр ч хуучраагүй сэдэв хэвээр байх юм. Улсын хэмжээнд цөөхөн байгаа хог дахин боловсруулах үйлдвэр нь ажиллахгүй, нохойн арьсаа нөгөө л шатааж устгадаг, эсвэл булдаг хуучирсан арга барилаасаа салсангүй. Улсын хэмжээнд байгаа хоёр том хогийн цэг дээр нь иргэд хуванцар савны төлөө “зодолдож” байгаа дүр зураг хэвээр. Дөрвөн жилийн өмнө сэтгэл эмзэглүүлж байсан тэр олон сэдэв өнөөдөр ч бахь байдгаараа байгаа учраас бидний сэтгэхүйд огтхон ч өөрчлөлт гараагүй гэсэн үг.

Хатан Туул нь “хавх”-аар урсаж, байгалийн үзэсгэлэнт газрууд нь хогондоо дарагдаж гүйцжээ. Иргэд нь хаа таарсан газраа бие засч, замын хоёр талаар дүүрэн бохир үнэртэх болов. Гэтэл өмнө бичсэнчлэн одоогоос таван жилийн өмнө БНСУ хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэж, бүр цаасан мөнгө хийж байлаа. Тус улсын мөнгөн тэмдэгт нь 1000 воноос эхлээд цаас байдаг. Тэгвэл эдгээр бүх цаасан мөнгөө хогоо дахин боловсруулж хийдэг бөгөөд ингэснээр ой модоо хамгаалах, хоггүй орчныг бүрдүүлэхэд том алхам хийжээ. Бидэнд хог байснаа хэрхэн мөнгө болж байгаа бичлэгийг нэгбүрчлэн үзүүлсэн бөгөөд бүр тухайн хогийг үйлдвэрлэж, мөнгө болгодог үйлдвэрийнхээ зургийг ч харуулж байж билээ. Үүнээс гадна тухайн улсад хогийн сав тийм ч олон харагдахгүй. Япон улс шиг ангилан ялгах сав олноор байрлуулсан байхыг олж харсангүй. Харин тусгай зориулалтын сав үүрчихсэн ажилчид олноор явах бөгөөд ундаа уусан бол саваа босгож тавиад л явчихдаг юм билээ. Түүнийг нь нөгөө сав үүрсэн ажилчид нь ирээд аваад явчихдаг талаар орчуулагч бүсгүй маань бидэнд тайлбарласан юм. Энэ ажилд тэтгэвэртээ суучихсан, мөн ажил олдохгүй байгаа 40-60 насныхныг хамруулдаг юм билээ. Одоо мэдээж энэ бүхэн нь илүү дэвшилтэд болж, өөрчлөлт ирсэн нь тодорхой. Гэтэл Монгол Улс яагаад энэ мэт жишээнээс суралцаж болохгүй байна вэ. БНСУ-аас бид олон талаар тусламж гуйдаг. 2014 онд гэхэд л тус улсын хөрөнгө оруулалтаар буюу 1.5 сая ам.долларын өртгөөр Улаанчулуутын хогийн цэгт барилгын хог дахин боловсруулах үйлдвэр боссон. Гэвч тухайн үед тог цахилгааны асуудалтай, тоног төхөөрөмжүүд нь Монголын нөхцөлд ажиллах боломжгүй хэмээн шалтаг тоочин суусансан. Гэтэл тэр үйлдвэр ашиглалтад орчихвол Улаанчулуутад ирж буй 390 гаруй тонн барилгын хог хаягдлын 100-г хоногт боловсруулж, замын бордюр, хавтан хийх боломжтой хэмээн амлаж байлаа. Манайд ийм үйлдвэр тав байхад л бид барилгын хог хаягдлын асуудлаа 100 хувь шийдчихнэ гэсэн үг. Харин тэр үйлдвэр өнөөдөр үлгэн салган ажиллаж байгаа.

Нарангийн энгэрт мөн л “Койка”-гийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хогийг дахин боловсруулж, хатуу түлш үйлдвэрлэх үйлдвэр босч байв. Үндсэндээ манайд огт байхгүй биш байгаа юм. Гэтэл эдгээр үйлдвэрүүдээ түшиглэж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, хогийг мөнгө болгож болдог гэсэн сурталчилгаа хэтэрхий сул байгаа юм. Монгол Улсын мөнгөн тэмдэгт тэр чигээрээ цаасан мөнгө. Тиймдээ ч БНСУ-тай ярилцаад туршлага судлаад ганц том үйлдвэр оруулаад ирэхэд болохгүй зүйл алга, бас гарц ч байгаа. 

 

Монголд “Соёлын хувьсгал” хэрэгтэй байна

Харин Монгол Улс энэ бүхний хаана явна вэ. Бид түрүү бөхийнхөө цомыг хогоор хийж чадсангүй. Үндэсний мөнгөн тэмдэгтээ ч хог хаягдлыг ашиглаж хийгээгүй. Цаасаа ангилах байтугай устгаж ч чадахгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд хог хаягдлын асуудлаар гарсан ахиц дэвшил гэвэл гялгар уутыг хориглох шийдвэр л байлаа. Гэвч энэ шийдвэр нь гуравхан хоногийн настай байв. Томоохон худалдааны төвүүд нь илүү зузааныг гаргаад л иргэдэд тараагаад эхэлчихлээ. Даавуун уут үйлдвэрлэх зах зээл нь өөрөө хумигдмал байсан учраас хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих хүн олдсонгүй, тэгсхийгээд мартагджээ. 2003 оны үед баталсан хог хаягдлын тухай хуулиа 2017 онд шинэчлэн баталсан ч энэ хууль цаасан дээр үлдэж байна. Харин ганц ахицтай зүйл нь иргэд аж ахуйн нэгжүүд болон Байгаль орчны яам нь иргэдийн сэтгэхүйд нөлөөлөх, соён гэгээрүүлэх чиглэлд илүү анхаардаг болов. Сайхан аян хэрэгжүүлж байна. Хотол олноороо цэнгэн наадаж, аялж зугаалсан эдгээр өдрүүдэд БОАЖ-ын яам “Цэвэрхэн наадацгаая” гэсэн аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулав. Энэ аяны үр дүнд залуус Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Горхи-Тэрэлжид тав хоног ажиллаж, 100 орчим тонн хог түүж цэвэрлэжээ. Даанч дээ, монголчууд минь. Арай л гутамшигтай тоо биш гэж үү. Энд ганцхан яам дангаараа зүтгээд барах ажил огт биш. Хүн бүхэн дор бүрнээ ухамсартай байж яагаад болохгүй байна вэ.

Өнгөрсөн жил тус аяныхан 30 гаруй тонн хог цэвэрлэж байсан бол энэ жил бүр тоо нь гурав дахин өссөн байх юм. Зөвхөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас гэхэд л 46 тонн хог түүжээ. Горхи-Тэрэлж орчмын Туул голын эрэг бол ярих ч юм биш. Тэр чигээрээ хүний өтгөн, шингэн болчихсон. Яг ийм жишээ хэдхэн жилийн өмнө Хөвсгөл нуурын орчимд бий болж байсан юмдаг. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гэдэг шиг л засмал замтай болсны дараа хүн бүхэн Хөвсгөл нуурыг зорьсон. Үр дүнд нь харин хог, бохир хоёроо дийлэхээ больсон. Ганцхан байгаль хамгаалагч хаана нь ч хүрч чадахгүй учраас мөнгө хураадаг хэсэгт ажиллаж буй хүмүүс нь хогийн сав тарааж эхэлсэн байдаг юм. Том, том уут өгч явуулдаг бөгөөд “Хэрвээ та бүхэн наанаа хогоо хийж ирээд энд өгөхгүй бол торгоно шүү” хэмээн захиж явуулдаг байлаа. Аргаа барсан мэт боловч тухайн үед авч болох хамгийн зөв арга хэмжээ байж билээ. Үр дүнд нь аялагчид хогоо уутлаад гараад ирдэг болсон. Хог ч тэр хэрээр багасч байсан жишээ бий. Одоо харин амралтын газар бүр нь дэргэдээ хогийн цэгтээ болсон байна лээ. Тэгвэл энэ жишээг яагаад Горхи-Тэрэлжийн амралтын бүсэд хэрэгжүүлж болохгүй байна вэ. Хөвсгөл нууртай яг л адилхан ганц хаалгаар мөнгөө төлөөд орж байгаа. Тэнд зогсож байгаа хүн нь хогийн уут өгөөд оруулдаг, эргээд гарч ирэхэд нь хогийг нь аваад үлддэг болчихвол хог бага ч гэсэн багасахсан. Нэгэнт уулын ам, голын хөвөө бүрээр майхнаа барьж байгааг нь зогсоож чадахгүйгээс хойш энэ мэт энгийн шийдэл эрэх шаардлагатай болчихоод байгаа юм. Мөн ажилгүй байгаа иргэдээ дайчилж болж байна.

Энэ мэтээр Монгол Улс хог хаягдлын бизнесээс асар их мөнгө алдаж байна. Ганцхан байгалийн хог хаягдал ч бус төвлөрсөн хогийн цэгүүд дээрээ үйлдвэр байхгүйгээс хэдхэн хятадуудад хуванцар савны бизнесээ атгуулчихсан суугаа нь худлаа биш. Хог хаягдлаа дахин боловсруулж, урд хөрш рүү гаргаж байж л үйлдвэрт ажилладаг хэдэн ажилчдаа цалинжуулах хэрэг гардаг. Гэтэл өмнөд хөршийн энэ зах зээлийг атгаж буй бизнес эрхлэгчид танайд ажиллаж байгаа хятадын бизнесмэнүүдээрээ дамжуулна хэмээн халгаадаггүй тухай боловсруулах үйлдвэрийн захирал ярьж байсан. Энэ бүхнийг засч залруулах асуудлыг 2017 онд баталсан хуульдаа тусгасан хэмээж байгаа ч үр дүнтэй шийдэл гарсангүй. Үүнээс гадна хогийн цэгүүдэд давхар хог болж буй золбин нохойн арьс, ширийг дахин боловсруулах гэх мэтээр хог хаягдлын салбарт маш олон гарц шийдэл өнөө хэр үгүйлэгдсээр байх аж.

Хүн бүхэн дор бүрнээ хичээж чадсан цагт л бид хогноосоо ангижирна. Орцондоо хогоо хаядаг, хаа таарсан газраа хогоо орхиод аялдаг, уусан ундааны сав, татсан тамхины ишээ гудамжинд хаясаар байгаа цагт бид хэзээ ч урагшлахгүй. Ухамсраа өөрчилж чадахгүй л бол мянга түмэн шил толь шиг байранд амьдраад ч нэмэргүй билээ. Тиймээс соц нийгмийн үед явж байсан “Соёлын хувьсгал” Монгол Улсад хэрэгтэй байна. Ганц манайх ч бус БНХАУ ч гэсэн “Ядуурлаас ангижрах” гэсэн том хөтөлбөрөө 2020 он хүртэл хэрэгжүүлж дууссаны дараа орон байрандаа хэрхэн соёлч амьдрах талаар хувьсгал эхлүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа. Бидэнд ч яг энэ хувьсгал хэрэгтэй байна. Хаа таарсан газраа бие засдаг, хогоо хаядаг, найрлаж наадамлаж чадахгүй байгаа нийт массын эсрэг нэг яам ганцаараа тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс төрийн бодлого энэ чиглэлд ажиллаж, хатуу хууль журмаар ч болов зохицуулах шаардлага байсаар. Өнгөрсөнд байсан толгойн өвчнөөсөө өнөөдөр бид салаагүй байна. Харин ирээдүйд салахын тулд иргэн бүхэн дор бүрнээ хичээгээрэй.