Хоолгүй хонож буй хүүхдүүд рүү зардлаа бариад оч, Ц.Магалжав аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-04

"Монголын үндэсний бөхийн холбоо" гэж асуудал тарьж, хэрүүл удахаас өөр шидгүй байгууллага болов. Нэг хэсэг холбоогоо булаацалдан хоёр талд гарч хэрэлдсэн удаатай. Бөхийн өргөөндөө монголчууд бөхөө барилдахыг ч үзэж чадахгүй, бөхчүүд нь байсхийгээд л хэрүүл маргаан тарьж хэвлэлийн хурал хийж байсан нь саяхных. Энэ маргаан нь арайхийж дууссан ч бөхчүүдийн шээсийг сольсон, албаар допинг хэрэглэсэн болгож нийгэмд харуулсан гэх мэтээр асуудлууд ар, араасаа гарч ирж байлаа.

Тэгвэл энэ удаа МҮБХ буюу Ц.Магалжав тэргүүтэй бөхчүүд өвчин тахалтай зэрэгцэн цагаан сарын бөхийг барилдуулна хэмээн улайрч байх юм. Тэд өнгөрөгч долоо хоногт УОК болон НОК-т сар шинийн барилдаанаар 128 бөхийг үзэгчгүй барилдуулах хүсэлт хүргүүлсэн байдаг. Гэвч улсын өндөр цолтой бөхчүүд үүнд нь дургүйцэн, өвчин тахалтай үед төрийн шийдвэрээ дагаад барилдахыг хүсэхгүй байна гэдгээ мэдэгдэж байлаа.

Энэ барилдааныг зохиох болсон шалтгаан нь "МАН-ын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан ирэх сард болох учраас тэр үед гарах хэл амыг намжаах үүднээс УОК-ын зүгээс зөвшөөрсөн" гэх асуудлыг манай сайт хөндөж тавьсны дараа УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийх үедээ “Бөхийн барилдааныг зохион байгуулахгүй. Зөвшөөрөх боломжгүй” хэмээн мэдэгдсэн билээ.

Гэвч тэд бууж өгсөнгүй. Бүр “Говь-Алтай аймаг руу битүүний өдөр онгоцоор нисэж очиж барилдчихаад орой хүрээд ирнэ” гэсэн хүсэлтийг НОК-т гаргажээ. Бөхчүүд ээ, та нараас ард түмэн ичиж байна. Ард түмэн өвчин тахалд нэрвэгдэж, ажилгүйдэлд туйлдаж, ар араасаа үхэл бүртгэгдэж эхэллээ. Дэлхий нийтээрээ айн түгшиж, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпын наадмаа хүртэл хойшлуулчхаад байхад “жижигхэн” Монголдоо л данстай бөхчүүд амбийцаа барьж дийлэхгүй аархаж байгаа нь ичгэвтэр байна. “Улс орон минь өвчний өмнө туйлдаж байна. Монгол бөхийн буян шүү” хэмээн МҮБХ өнөөдрийг хүртэл нэг ч удаа хандив өгч байсныг бид санахгүй юм.

Улсын цолтой ганц нэг бөхчүүд л хувиараа хандив өгч байсан. Гэтэл Жүдо бөхийн холбоо олсон хэдээсээ илүүчлэн өгч байсныг харин санаж байна шүү. Тийн атал “Бид та нараас мөнгө гаргуулахгүй. Бидэнд өөрсдөө зардлаа гаргаад яваад ирэх чадал байна. Онгоцоор яваад ирнэ гэхэд сүртэй юм бэ” хэмээн аархаж буй нь өнөөх жудгандаа захирагдаж, зодгондоо чангарсан монгол бөхийн гаргадаг хүнлэг, жудагтай үйлдэл хэрхэвч биш байна.

Хүний нутагт эх нутаг руугаа буцахыг хүлээсээр олон иргэн амиа алдаж байгаа. Бидэнд тийшээ нисгэх онгоц ч алга. Хөөрхий хүүхдүүд өвчиндөө өдөр бүхэн шаналж, хавдраар өвдөж байна. Тэдэнд наад илүү гарч халгиж цалгиж буй мөнгөө өгчих. Хоногийн хоолгүй жаалууд гэртээ өлбөрч байна. Багтаж ядсан аархал, онгоцны зардлаа бариад очооч бөхчүүд ээ, Ц.Магалжав аа. Яаж ийм тэнэг, ухамсаргүй, увайгүй байж чаддаг юм бэ. Яагаад ийм болчихсон юм бэ, бөхчүүд ээ.

УОК, НОК хэрвээ энэ шийдвэрийг дэмжиж гэмээнэ намынхаа ойд зориулсан бөх барилдуулах гэж замаа засаж буй үйлдэл хэмээн дүгнэж болох нь ээ. Эрүүл мэндийн яамнаас нэг удаагийн шинжилгээгээр илрэхгүй гэдгийг хэлчихээд байна. 128 бөх, хөлийн цэц, засуул, дагалдаж явах хүмүүсийн хэн нь ч далд үедээ яваа хавьтагч байх эрсдэлтэй. Нийслэлд маш олон голомт байхад хэн ч хавьтагч байх эрсдэлтэй болсон цаг үе.  Тийм учраас энэ хүсэлтийг дэмжинэ гэдэг эрүүл бүс рүүгээ шууд болон шууд бусаар өвчин тээвэрлэж буйтай агаар нэгэн билээ. Бөхчүүд ээ, та нараас ичиж байна. Битгий ийм жудаггүй бай, Ц.Магалжав аа.