Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан хойшиллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-14

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт товлогдсон боловч шүүгдэгч Э.Өлзийбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Г.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Батхуяг нар нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа талаарх нотлох баримт болон тус шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хангаж, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч О.Бямбажав нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулав.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 3 жил хорих ял, Ү.Отгонбаярт 2 жил хорих ял, Э.Өлзийбаярт 1 жил хорих ял, О.Бямбажавт 2 жил хорих ял тус тус оногдуулсан билээ. Харин шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан юм.