ТЭРҮНОФҮЖИГИЙН ТЭСВЭР ТЭВЧЭЭР, АМЖИЛТ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-08-03

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Митакеүмаг давснаар 13 даваа хоёр унаатайгаар дээд зиндаанд түрүүлэв. Цагтаа озэки цол хүртэн, башёгийн тэргүүн бөхөөр тодорч, аварга болох бөх хэмээгдэж байсан Г.Ган-Эрдэнэ бэртэл гэмтэл, хүнд өвчний улмаас жонидан зиндааны 48 хүртэл чансаа буураад байв.

Тэрбээр таван жилийн өмнө дээд зиндаанд анх удаа түрүүлж байсан бол ийнхүү дээд зиндааны хоёр дахь түрүүгээ хүртсэнээс жүрёогоос дээд зиндаанд дэвшсэн башёдоо түрүүлсэн сүмогийн түүхэн дэх гурав дахь бөх, макүүчи зиндаанаас чансаа буурч Жонидан зиндаанаас эргэж дээд зиндаандаа гарч ирж түрүүлсэн цорын ганц сүмоч болж байгаа аж. Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд хоёр дахиа түрүүлснээр Монгол бөхчүүд Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндааны 88 дахь түрүүгээ хүртээд байна.