ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Их нь ичиж, бага нь уйлах вий

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-26

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хоёрт энэхүү зүйр үгийг зориулмаар санагдав. Учир нь, УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зүгээс Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг яаралтай өөрчлөх санал тавьсан юм. Тодруулбал, Мэргэжлийн 450 гаруй хуульчид цуглаад Эрүүгийн хууль хэрэгжиж эхлээд зургаан сар болсны дараа ямар өөрчлөлт гарсан, алдаа дутагдал юу байсан талаар зөвлөлдөж, улмаар хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ёстой гэсэн зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлжээ. 

Харин яагаад УИХ-д болон Засгийн газарт оруулж хэлэлцэхгүй байгааг Ц.Нямдорж сайдаас асуусан юм. Олон хүн ял завшиж байгаа нь тодорхой байхад гацааж буй нь албан тушаал, авлигатай холбоотой цагаан захтнуудын хэргийг хэрэгсэхгүй болохыг хүлээж байгаа үйлдэл гэх хардлага байгаа ч Х.Нямбаатар гишүүн нуусангүй. Хэнд ч хардах эрх бий. Тэр дундаа олон нийтийн дунд хардлага дагуулж, тэр хэрээр шүүмжлэлийн сэдэв болсон асуудлыг УИХ-ын гишүүний хувиар асуух нь зүйн хэрэг байв.

Харин түүний хариуд Ц.Нямдорж сайд бухимдаж “Болохгүй гэж хэлсээр байтал зүтгэсээр байгаад энэ хуулийг баталсан. Зөрчлийн хуулийг 2017 онд яг ингэж баталсан. Энэ зах замбараагүй асуудлуудыг та нар л хийсэн шүү дээ, Х.Нямбаатар аа. Одоо болохоор надаас шаардаад байх юм. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд хариуцлагыг нь тэр галзуу хүмүүсээсээ бус надаас асуудгаа болиорой, та нар.

Эрүүгийн хуулийн шинэчлэлийг сайн хийсэн гээд яриад байсан биз дээ. 400 гаруй хуульч хуралдаад Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцсэн гэдэг чинь худлаа. Буруу зүйл хийчихээд буруутан хайж давхидгаа боль, Х.Нямбаатар аа. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү” хэмээн загналаа. Эндээс л хоёр улстөрч “тэнэг, зөнөг хоёр” гэдгээ нотлон харуулчихсан гэхэд болно.

Ахмад улстөрч нь залуугаа тодрох өвчтэй гэх мэтээр загнаж, бүр заналхийлээд амжлаа. Харин залуу улстөрч нь ахмад улстөрчийгөө тэнэг, зөнөгөөр нь дуудаад хэвлэлд ярилцлага өгчихөж. Бүр “Ц.Нямдорж сайд чиний амь насанд халдана. Хохь чинь шүү гэж хэллээ. Надад айдас төрж байна. Бас гайхах зэрэгцэж байна. Энэ хүн бол хүнийг их гүтгэдэг хүн шүү дээ” гэх мэтээр сүржигнэжээ. Гээндээ ч, гоондоо ч бий гэгчээр энэ маргаанд хоёр улстөрч хоёулаа л буруутай. Тэд хоёулаа хуульч.

Шударга нийгмийн төлөө явж байгаа юу гэвэл хүмүүс адилхан л үнэлгээ өгнө. Үнэлэхгүй гэвэл адилхан л үнэлэхгүй. Нэг нь залуу, нөгөө нь ахмад гэдгээрээ л ялгаатай юу гэхээс хууль зүйн салбарт бий болсон алдаа, оноог адилхан л үүрээд явж байгаа хүмүүс. Нэг нь орондоо хууль зассан гэж адлуулж, нөгөө нь Зөрчлийн хуулиар багагүй шүүмжлүүлээд амжсан. Гэлээ гэхдээ яах аргагүй л энэ салбарт өөрчлөлт хийх гэж, хуулийн салбарын алдаа завхралыг арилгах гэж сайн, муугаараа дуудуулж яваа улстөрчид юм. Магадгүй 20 жилийн дараа Х.Нямбаатар Ц.Нямдорж сайдын замналаар урагшилж, түүн шиг чадварлаг хуульч, туршлагатай парламентч болчихсон суухыг хэн ч хэлж мэдэхгүй.

Ярьсан зүйл, хийх гэж оролдож явааг нь харахаар Х.Нямбаатарыг үнэлэх үнэлэмж тэр хэрээр л нэмэгдэх үе олон бий. Тэр шинэ улстөрчдөөс арай дөнгүүр, уншиж судалсан гэдэг нь харагддаг. Гэлээ гэхдээ Х.Нямбаатар гишүүн ч гэсэн Монголын хууль шүүхийн салбарын алдаа, оноог хангалттай үзэж, парламентын “амьд архив” болж яваа туршлагатай улстөрчийг хүндлэх л ёстой байсан юм. Түүнийг үгийг сонсож, ширүүхэн хэлчихсэн үгийг нь дуугүй тэвчээд өнгөрөх байлаа. Гэтэл “зөнөсөн” гэх мэтээр доромжилж байгаа нь дэндүү муухай байлаа. Манай залуу улстөрчдөд этик, ухамсар байхгүй гэдгийг харуулсанд олон нийт шүүмжлэлтэй хандав.

Ц.Нямдорж сайд ч гэсэн арай л хэрээс хэтэрч байна. Энэ хүнд мэдлэг туршлага, чадвар байгаа гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Хуульзүйн салбарт өөрчлөлт хийх гэж явааг нь олон нийт үнэлдэг. Гэвч “Би л мундаг. Та нар бол хэн ч биш” гэсэн сэтгэхүйгээр асуудалд хандаж, юм болгоныг загнаад байж боломгүй байна, сайд аа. Хөгшин хүн үхэхээрээ айлгадаг гэдэг шиг залуу үеийгээ үл тоож, нулимж, муу муухай үгээр харааж доромжлох нь арай л хэрээс хэтэрлээ гэж бодогдохгүй байна уу. Бүр “аминд чинь хүрч мэднэ шүү” гэдэг үгийг чуулганы индрээс хэлнэ гэдэг ахмад улстөрчийн хувьд арай л увайгүй үйлдэл байлаа.

Дан ганц залуу улстөрчдийг ч бус Төрийн ордонд ажлаа хийгээд явж байгаа сэтгүүлчдийг ч хүртэл хэлэх, хэлэхгүй үгээр загнадаг, доромжилдог. Өөрийнх нь эрх ашигт нийцсэн асуултад хариулдаг, алдаа мадгийг нь асуусан сэтгүүлчийг загнаж, зандарч, муу муухай үгээр “утдаг” нь худлаа биш. Гэсэн ч сэтгүүлчид түүнд гомдоллож байсан удаагүй. Төдийгөөс өдийг хүртэл түүний үгийг олон нийтэд хүргэж, хатуу үгтэй ч шударга улстөрч гэсэн үнэлэлт өгч ирсэн. Гэтэл энэ хүн улам бүр л зөрүүд, гөжүүд аашлах болов. Муу муухайгаас хамгийн хол явах ёстой атал муу муухайтай нэр холбогдож, хүүгээ элчинд суулгаж, дүүдээ төрөөс байр бэлэглээд явж байх юм.

Түүнийг нь асуусан сэтгүүлчийг “Чамд ямар хамаатай юм” хэмээн загнаж байлаа. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ёстой. Энэ хуулиар авлигачид л ял завшиж байгааг олон нийт шүүмжилж байна. Түүнийг нь сануулж, асуулт асуусан улстөрчийг “Аминд чинь хүрч мэднэ шүү” гэж заналхийлж байгаа нь олон хүнд таалагдсангүй. “Их нь ичиж, бага нь уйлах” гэдэг л болох вий, эцэстээ. Ерөөс Төрийн ордонд ах захаа хүндлэх, ахмад, дунд, залуу үеэ хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл байхгүй болсон.

Аав шигээ улстөрчийг залуус нь авлигач, худалч хулгайчаар нь дуудаж, даапаалж инээнэ. Бүр зөнөсөн гэж хэлэхдээ ч тэд ичихгүй байна. Ийм замаар тодорч, ингэж ч улстөрч болдоггүй байх.

Ах захаа мэдэхгүй увайгүй зан эцэстээ юунд хүргэх бол, тэднийг. Монголын мянга, мянган жилийн түүхийн хуудсанд ч “Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл”, “Хүн ахтай, дээл захтай” гэсэн энгийн улс төрийн соёл бат бөх тогтож ирсэн. Харин өнөө цагт л поп улстөрчдийн хар гайгаар энэ соёл, энэ түүх мартагдаж байх юм. Ахмадууд нь ч залуучуудынхаа үгийг сонсч, дуулна гэж байхгүй. “Би ахмад, туршлагатай, энэ муу бол шинэков, юу ч мэдэхгүй” гэсэн дээрэнгүй өнгө аясаар хандах юм.

Тэр дундаа Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар шиг туршлагатай улстөрчид залуу үеэ сургах, тэднийг сайн улстөрч болгох гэж бэлтгэдэг байх ёстой биз дээ. Тэднийг загнаж, зандарч, шоолж, өөрсдөө буруу үлгэр дууриалал үзүүлэх бус зөвөөр үлгэрлэвэл хүндлэл ч аяндаа дагаад ирэх билээ. Эцэст нь хэлэхэд баасан гарагт болсон энэ хэрүүлд ялагч гэж байсангүй. Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар хоёулаа муухай харагдав.