ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МҮХАҮТ улс төрийн намын халаасанд орох, орохгүйг гишүүд шийднэ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-02-24

Суурь гэдэг аливаа зүйлийн эхлэл гэхэд болно. Суурь сайтай байх нь чанар, амжилтын эхлэл гэдэгт маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл манай улсад бүртгэлтэй 18727 төрийн бус байгууллага бий. Энэ дотроос хамгийн сайн суурьтай ууган төрийн бус байгууллагын нэг нь МҮХАҮТ /Монголын үндэсний худал­даа аж үйлдвэрийн танхим/. Анх 1960 онд Аж үйлдвэрийн яамны /тухайн үеийн нэрээр/ дэргэд “Худалдааны танхим” нэртэй байгуулагдаж өнөөдрийг хүр­тэл нэр статусаа өөрчлөн үйл ажиллагаа явуулж ирсэн. УИХ-аас 1995 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг баталснаар ашгийн бус тус байгууллагын статус тодорхой болсон юм. 

Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагын эрх үүрэгтэй, гишүүнчлэлтэй. Төр, хувийн хэвшлийг холбох, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, гадаад, дотоодод аж ахуйн нэгжүүдийг сурталчлах, улс орны хөгжил, эдийн засагт нэмэр болох гэсэн үндсэн үүргийг хүлээж ажиллаж ирсэн. Танхимыг эдийн засагч С.Дэмбэрэл таван жил удирдсан билээ. Түүний үед төрийн байгууллагын халаасны өрөөнд толгой хоргодож байсан МҮХАҮТ өөрийн гэсэн байртай болж, нэр нөлөө нь нэмэгдсэн. Хэн ч мэддэггүй байсан танхимын үйл ажиллагаа бараг төрийн байгууллагын хэмжээнд очих хүртлээ өргөжиж, нэр хүнд нь өссөн юм. Яг энэ үеэс МҮХАҮТ-ын дарга болох гэсэн сонирхол олон хүнд бий болсон нь худлаа биш. Ийм өрсөл­дөөн сонирхол байна гэдэг тухай байгууллага хөгжихийн эхлэл гэж хардаг. МҮХАҮТ-ын даргын төлөөх өрсөлдөөнийг ч ингэж л харж байсан. 

Гэтэл С.Дэмбэрэл УИХ-ын гишүүн болж, Б.Лхагважавт хүрд эргүүлэх боломж гарсан юм. Түүнийг бизнес эрхлэгчид танхимыг “унтуулсан” гэж дүгнэдэг юм билээ. Аж ахуйн нэгжийн удирдлагууд танхим бол Монголын бизнесийн орчинг эрүүлжүүлж, таатай нөхцлийг бүрдүүлж, төртэй холбох гүүр нь байх ёстой гэж үздэг. Дөрвөн жил юу ч хийсэнгүй гэх үнэлгээ авсан одоогийн удирдлагын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа юм байна. Удахгүй МҮХАҮТ-ын 20 дугаар Их хурал энэ сарын 28-ны өдөр болох сураг гарлаа. Тус хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, хяналтын зөвлөлийн тайлан, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, даргын сонгууль явагдах юм байна.

Одоогоор тус байгууллагын Ерөнхийлөгчид дөрвөн хүн нэр дэвшиж байгаа ажээ. Одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “UFC” группын ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нар нэр дэвшихээр хүсэлтээ гаргажээ. Бизнесийн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тог­тол­цоог бүрдүүлэх, бизнесийн хол­бог­дол­той хууль тогтоомж, бодлогын бичиг баримтыг боловс­руулах, шийдвэрлэх, хэрэг­жүү­лэх, сайжруулах бүх шатанд бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах үндсэн үүрэгтэй төрийн бус байгууллагын дарга болох сонирхол ид асч буй нь энэ. Тус байгуулагыг хөгжүүлэх гэсэн тэмүүлэл үү. Эсвэл улс төрийн намууд төрийн бус байгууллагыг халааслах гэсэн тэмцэл үү гэдэг хоёр асуулт олны анхаарлыг татаж эхэллээ. С.Дэмбэрэл даргын үед МҮХАҮТ аль нэг намын халаасанд багтаагүй олон жил болсон. Тэрбээр намын гишүүнчлэлгүй байсан болохоор ингэж хэлж байгаа юм биш. Харин аль ч нам ялж, төрийн эрх барих үед бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж, Засгийн газартай хамтран ажиллаж, олон асуудлын ард гарч байсан.

Тэгвэл одоо болох сонгуульд хэн дарга болохоос шалтгаалж, МҮХАҮТ аль нэг намын халаасанд орохгүй гэх баталгаа бага байна гэдгийг олон бизнесменүүд ярьж байх юм. Бизнест популизм биш прагматизм ноёрхдог гэсэн зарчмыг олон улсад баримтладаг юм билээ. Энэ нь улс төрөөс ангид байна гэсэн үг ажээ. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага маань улс төрөөс ангид байна гэдэг зарчим энэ удаагийн сонгуульд үйлчлэх үү, үгүй юу гэдэг сонин байна. МҮХАҮТ-ын дарга гэдэг бол эрх мэдэл биш, их хариуцлага, Монголын бизнесийн ертөнцийг гадаадад төлөөлөх нүүр царай байх ёстой.

Монголын худалдаа хамтын ажиллагааны нэгэн хэсгийг төрийн өмнөөс төлөөлөх эрхтэй энэ хүн улс төрөөс хараат байх нь хэдэн бизнес эрхлэгчдэд биш, эх орны хөгжилд хэрэгтэй гэдгийг бизнесийн хүрээнийхэн мэдэрдэг. Тус сонгуулиар  Ч.Ганхуяг сонгогдвол МАН, Б.Жаргалсайхан ялчихвал БНН-ын мэдэлд очихгүй гэх баталгаа байхгүй гэж харж байна. Үнэхээр улс төрөөс ангид үлдсэн цөөхөн төрийн бус байгууллагын нэг нь МҮХАҮТ. Эрх мэдлийн бус эрх ашгийн төлөөх тэмцэл хэрхэн дуусах нь одоогоор тодорхой бус байна. МҮХАҮТ аль нэг улс төрийн намын халаасан орох орохгүйг гишүүд нь шийдэх ганц гарц үлдлээ.