ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Доржзодовыг сайн, муугаар бодоод үзье

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-25

Сэтгүүлч миний хувьд Г.Доржзодов гэдэг хүнийг танихгүй, уулзаж учирч явсангүй. Бусдын адилаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд байгаа л мэдээлэлтэй нэгэн. Тиймээс энд түүний талаар бичиж буй зүйл бол зүгээр л таамаглал төдий бодомж, үзэл бодол гэж хэлж болно. Өөрт байгаа мэдээлэлдээ үндэслээд учир шалтгааныг хөөгөөд үзье л дээ, хэдүүлээ.

Эхний хувилбарыг М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын ярьдаг шиг Г.Доржзодовыг муу талаас нь харъя. Тэрбээр бага залуу даа багтай дээрэм хийж байж. Цуг хэрэг хийсэн найз нь ял аваад, шүүгч аавынхаа ачаар өөрөө ялгүй хоцорчээ. Өнөөгийн УИХ-ын гишүүн М.Энхболдын хүн Д.Хаянхярваагийн сонгуулийн менежерээр ажиллаж байсан нэгэн аж. Мөн АН-ын залуусын байдаг “Лектор” төвд ажиллаж байж. ХҮН намаас эхлэн энд тэндэхийн стратеги төлөвлөгөө зохиож өгнө хэмээн нам хэсэн хулхитаж явдаг хүн гэнэ. Мөн Болд гэдэг хуурамч нэртэй явж байсан гэж бодъё. Мөнгө олох, Ц.Сандуйтай ойртохын тулд А.Ганбаатарын компанид ажилд орж, улмаар ойртож, сөрөг намынх нь бодож олсон, боловсруулсан “60 тэрбумын схем”-ийн автор нь хэмээн төсөөлье. Улмаар өнөөх төлөвлөгөөгөө танилцуулах явцдаа бичлэг хийж, бичлэгээ захиалсан намд нь зарсан хэмээн итгэе. Ц.Сандуйгийн хэлсэн шиг “нэг хачин үлбийсэн, нүдэнд хүйтэн залуу” хэмээн бас тодорхойлъё. Тэгээд тэр нь анхнаасаа төлөвлөсөн ёсоор бичлэгээ хийгээд, эвлүүлээд, өөрийнхөө дуу хоолойг хасаад, МАН-ын дарга М.Энхболд тэр уулзалтад байгаагүй байхад дуу хоолойг нэмээд, тэрхүү бичлэгээ олон нийтэд ил болгосон гэж бодъё. Мөн Ц.Сандуй “М.Энхболд дарга 60 тэрбумыг сонсоогүй. Харин ч У.Хүрэлсүх, л.Оюун-эрдэнэ нар бол сонсоод сайшааж байсан гэж бодьё. Ингээд 100 жилийн түүхтэй нам Г.Доржзодов гэдэг зальтай залуугийн урхинд орж, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нь ажлаа өгч, өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгөх дээрээ тулаад, МАН хохирч яваа гэж төсөөлье.

Хоёр дахь хувилбар нь Г.Доржзодовийн өөрийнх нь хэлснээр, тэрбээр “шүгэл үлээсэн, баатар” хэмээн авч үзье. Анхлан “Шинэ Монгол хаад групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганбаатар Г.Доржзодовыг тус компанид Стратеги хариуцсан захирлаар ажиллуулжээ. Улмаар  Нийслэлийн МАН дарга Ц.Сандуйтай танилцуулж. Ц.Сандуй, А.Ганбаатар нар 60 тэрбумын санхүүгийн схемийг хамтдаа санаачлан зохиогоод, өнөөх зохиосон схемээ 2014 оны есдүгээр сард “Шинэ Монгол хаад групп” ХХК-ийн байрны дөрөвдүгээр давхарт танил­цуул­сан. Тэнд М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон гэж бодъё. Уулзалтын дараа эд мөрийн баримтуудыг бүгдийг устган, улмаар А.Ганбаатар  Г.Доржзодовтой байгуулсан аман гэрээнээсээ буцаж түүний ажилласан 40 гаруй хоногийн ажлын хөлсөнд тавин мянган төгрөг өгчээ. Харин Г.Доржзодов намуудын муу муухайг жигшиж, олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс өөрт байсан 90 минутын бичлэгээс гурван хэсгийг тасдан www.soundcloud.com-д ил нээлттэй байршуулж хүргэснээр хамаг хэрэг мандсан гэж ойлгоё. Ц.Сандуй, А.Ганбаатар нар холбогдож, бичлэгийг устгахыг Г.Доржзодовоос шаардаж, 2014 онд олгоогүй ажлын хөлсийг нөхөн олгож, байршуулсан бичлэгийг устгажээ. Улмаар хэд хэдэн удаа хуулийн байгууллагыг ашиглан Г.Доржзодовийг хууль бусаар баривчилжээ. Мөн А.Ганбаатар “Хэрэв ДАРГА зөв­шөө­рөх юм бол БИД чамайг устгачихад ядах юм байхгүй”, “Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг бол­го­чихож чадна шүү” гэж заналхийлжээ. Мөн сүүлд “Хоёр өрөө байр өгье, гадагшаа гарах юм бол дуртай улс руу чинь явуулж өгье” гэж санал тавьж байж. Энэ мэт хоёр сонгууль, гур­ван жил дамнасан асууудлын дунд Г.Доржзодов гэдэг “шүгэл үлээгч” 60 тэрбумын хэргийг мухарлахаар хууль хянал­тын байгууллагад хандан явж байна хэмээн түүний үгэнд итгэе.

Мэдээж дээрх хоёр хувилбараар бол нэг бол Г.Доржзодов новш, удаахаар нь бодох юм бол шүгэл үлээгч баатар болж буй хэрэг. Гэхдээ л Г.Доржзодов гэдэг залуу новш, баатар гэж аль нэг нь рүү нь туйлшрахаас урьтаад ард түмэнд, тухайлбал бидэнд юу нь чухал вэ гэдэг нь гол асуудал юм. Г.Доржзодов хэчнээн новш байсан ч бид энэ хүний гаргаж буй баримтаар  өнөөгийн манай намууд ямар их ялзарсан, авлигын үүр уурхай болсныг олж мэдлээ. Ийн хэлдгийн учир нь дээрх хоёр тал өнөөдөр аль аль тал нь “60 тэрбумын схем” гэдэг зүйл байсан. Тухайн уулзалт болсон гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Өнөөдөр харин хэрэгжсэн үгүй дээр л маргаж байгаа билээ. Уг асуудлыг Ерөнхийлөгч, ерөнхий сайдаасаа эхлээд 60 тэрбумын хэргийг шалгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Тэр бүү хэл нэр холбогдсон одоогийн УИХ-ын дарга нь ч “Сонгуулийн үеэр өчнөөн төлөвлөгөө ярьж орж ирдэг хүмүүс байдаг. 60 тэрбумын схем бодит амьдрал дээр хэрэгжээгүй” гээд батлах гэж оролдож байна. Үүгээрээ нэг талаар энэ төлөвлөгөө хэрэгжээгүй гэж хэлж байгаа ч нөгөө талаар энэ талаар яриа болсон гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө гэсэн үг. Тиймээс Г.Доржзодов хэчнээн новш, баг зүүсэн дээрэмчин, нам хэсдэг тэнүүлчин, мөнгө нэхдэг шантаажчин байсан ч гаргаж ирсэн мэдээлэл нь л бидэнд чухал юм. Намаар дамжуулж төрийн эрхийг хууль бусаар авч болох (авсан ч байж болох), тэгээд төрийн албыг хэрхэн наймаалцаж болох (наймаалцсан ч байж болох), авлига хээл хахууль хэрхэн явдаг, дарга нар хэрхэн баяждаг талаар хангалттай мэдээлэл өглөө. Эцэст нь хэлэхэд, энэ “60 тэрбум”-ын гэх хэрэг хэрэгжсэн ч, хэрэгжээгүй ч бай. Төрийн албыг зарах тухай ярьсан өндөр албан тушаалтан хэн ч бай өнөөдөр төрд ажиллах эрхгүй билээ.