ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ямаанд мөнгө, нохойнд спираль

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-24

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 онд УИХ-ын гишүүд ямааны ноолуурын нөхөн олговор болгож малчдад Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 30.5 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргаж байлаа. Төд удалгүй хүүхдэд өгөх мөнгөгүй болсон учраас ямаанд өгч байсан мөнгөө цуцлахаар ярилцаж, тогтоолыг цуцлах шийдвэрийг ямаагүй сонгог­чидтой хэсэг буюу нийслэлээс сонгогдсон гишүүдээр гар­гуулахаар ярилцаж байсан билээ. Тэр ч байтугай “Сонгогчийн санаа гишүүнд, гишүүний санаа ямаанд” гэсэн марзан үг хүртэл гарч, хүүхэд, ямаа хоёрын хэн нь хүчтэй талаар шүүн тунгааж байсан түүх бий. Тэгвэл 2016 онд “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэсэн Су.Батболд дарга таван тэрбумаар золбин нохойд спираль тавихаар шийдсэн гэдгээ мэдэгдэж мөн л дуулиан тарьж байлаа. Шүүмжлэл гарч эхлэхтэй зэрэгцэн золбин нохойн савыг тайрах мэс засал хийхээр болсон хэмээн эерүүлсэн. Дахиад эзэнтэй нохойн үржил тасална гэсэн утга авцалдаагүй мэдээлэл хийж байсныг эргэн сануулъя. Харин энэ шийдвэр хэрхэн хэрэгжиж, үр дүн гарсан уу гэдгийг хэн ч эргэн санаагүй.

Таван тэрбум нь ташаа юм билээ хэмээн шуугиад өнгөрснөөс биш спиралийн үр дүнгийн талаар хэн ч сөхөөгүй юм даг. Улстөрчдийн мэргэн ухаанаар гаргасан “гайхамшигтай” олон санаануудаас зөвхөн хоёрыг дурдахад л ийм байна. Тэгвэл, энэ мэт мэргэн санааг Н.Цэрэнбат сайд үргэлжлүүлж, айлуудын янданд шүүлтүүр байршуулах санаа гаргав. Тэнэглэл өнөө хэр үргэлжилсээр байгааг тэр баталчихлаа. Улсын төсвийн 54 тэрбумаар янданд шүүлтүүр тавьж, агаарын бохирдлыг бууруулна гэж зүтгэлээ. Буурахгүй бол “би хариуцлага хүлээнэ” хэмээн зоригтой мэдэгджээ. Бээжин хот нь агаарын бохирдлоороо дэлхий дахинд дээгүүр байранд эрэмбэлэгдэж байхад Хятадын “Haier” брэнд Монгол Улсыг утаагүй болгоно гэсэн үлгэрт нь ямаанд мөнгө өгч байсан 2008 онд бол итгэх байсан биз. Харин өнөө цагт үүнд итгэх хүн олдсонгүй. Тиймдээ ч янданг шүүнэ гэсэн сайдын шийдвэр дэмжлэг авч чадсангүй. Сураг сонсвол МАН-ын бүлэг энэ шийдвэрийг цуцлах талаар ярьж байгаа аж. Ардчилсан парламенттай болсон өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид ийм л тэнэглэл дунд “зүүлэгтэж” өнгөрөөжээ.

Туршилтын туулай болж, төрийн гаргасан мунхаг шийдвэрүүдийн золиос нь болсон байх юм. Хүүхэддээ өгөх 20 мянган төгрөг байхгүй гэх атлаа шүүлтүүрт зориулж мөнгө төсөвлөдөг “марзан” бодлоготой улстөрчдөөр удирдуулсаар энэ хүрчээ. Ноосонд урамшуулал өгдөг ч хүнээсээ мөнгө харамладаг улсад амьд явах ч баталгаа алга болчихож. Тангараг өргөсөн албан хаагч гэмт хэрэгтний машинд чирэгдэж амиа алдлаа. Өглөө ажилдаа гарсан төрийн албан хаагч үдэш нь албан өрөөндөө, төрийн яамны байранд амиа алдлаа. Төр харин хөдөлсөнгүй. Хүний амийг мөнгөөр үнэлж болохгүй ч зүтгэсэн хүнээ анхаарах ёстой юу гэвэл тийм. Албан үүргээ гүйцэтгэж явсан албан хаагчийн ар гэрт мөнгөн тэтгэмж олгож, ядахдаа л аав чинь төрийн төлөө зүтгэж яваад амиа алдсан юм гэдгийг ойлгуулах ёстой биз дээ.

Гэтэл ямаанд мөнгө өгдөг төр ядарсан албан хаагчаа харж хандсангүй. Яамны байрандаа амиа алдсан залуу ямар ч үнэ цэнэгүй нэгэн болоод дууслаа. Угтаа төр нь хүнээ тэтгэдэг, хүнээ анхаардаг байсан бол үлдэж хоцорсон үр хүүхдийг нь анхааралдаа авч, орон байр, өмсөх хувцасных нь мөнгийг нөхөн олгох учиртай юмсан. Хэвлэл мэдээллээр бичиж нийтлээгүй бол амиа алдсан цагдаагийн албан хаагч ч орон байргүй, тэтгэмжгүй хоцорч мэдэхээр байлаа. Төрд ажиллаж байхдаа хэзээ ч үхэж мэдэх ийм цөвүүн цагт төрөөс батлан даалт нэхсэн ч буруудах юун. Одоо хүнээ анхааръя, улстөрчид өө. Нохойгоо, ямаагаа бүр яндангаа ч тэтгэчихлээ. Харин хүнээ л хаячихаад байна.