ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БАЙНГЫН ХОРОО: Үндэсний аудитын газрын тайланг хаалттай сонсоно

O.Admin
2024-03-27

Өнөөдөр УИХ-ын дөрвөн Байнгын хороо хуралдана. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын тайланг хаалттай сонсох юм. 

Мөн Нийгмийн бодлогын байнгын хороо Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээлэл, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсоно. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх юм. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.