ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН: Малчдад урт хугацааны зээл олгоно

O.Admin
2024-03-25

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өвөлжилт хүндэрч, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нөхцөлийг сөрөн давах нэг удаагийн хуулийг гаргахаар намын бүлэгт танилцууллаа. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль юм.

Экологийн тэнцвэр алдагдалт буюу бэлчээрийн даац алдагдсан байна. Үүнээс болж бэлчээрийн мал бүрэн тарга тэвээргээ авдаггүй. Ирж байгаа зудыг даван туулах чадамж болсон гэж үзэж байгаа. Малчдын хувьд олон малтай байх хэд хэдэн шаардлага, нөхцөл тулгарсан байна.

Малчид зээл авахын тулд 500-аас дээш тооны малтай байх шаардлагатай. Үнийн өсөлтийг даван туулах буюу амьжиргаагаа баталгаатай залгуулахын тулд олон тооны малтай байх шаардлагатай. Малчин хотондоо мал нядаллаа. Гэтэл хамгийн тарган кг үхрийн махыг ченжүүд 7000 төгрөгөөр авч байна. Тэр нь Улаанбаатарт ирэхдээ 20 мянган төгрөг болж, гурав дахин нугарч байна. Үүнийг зөв болгохгүй бол малчид түүхий эд, мал махаа үнэд хүргэж чаддаггүй. Улаанбаатар хотын иргэд үнэтэй мах хэрэглэдэг байдал засрахгүй. Бидний тухайд зорьж буй нийлүүлэлтийн урсгалыг анхан шатны хоршоо буюу шинэ хөдөөгийн загварт оруулна. Дунд шатны хоршоо буюу үйлдвэрлэл, нэмүү өртөг шингээх боломжийг сум, багийн түвшинд хүргэнэ” гэсэн юм.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гурил 15 орчим хувийн гаалийн албан татвартай байгаа юм. Сүүлийн үед гурилын үнэ огцом нэмэгдэж, үйлдвэрлэгчид монопол эрх эдэлж байна гэж үзсэн учир гаалийн албан татварыг чөлөөлж, импортыг нээлттэй болгох саналыг Засгийн газраас оруулсан юм. МАН-ын бүлэг гурил, малын тэжээлийн импортын гаалийн албан татварыг тэглэх саналыг дэмжлээ. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Баялгийн сангийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг гишүүдэд танилцуулж, дэмжлээ. Хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзсэн" гэв.