ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын 76 гишүүн хадам ээжид мад тавиулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-12

-М.Энхболд дарга огцрох болзлоо хангачихлаа-  

Монголд хууль хэрэгждэг бол тэр огцрох болзлоо хэд дахин давуулан биелүүлчихлээ. Нэгдүгээрт, УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулах үүргээ биелүүлсэнгүй. Өнгөрөгч долдугаар сард УИХ-ын 26 гишүүн гарын үсэг зурж, ээлжит бус чуулган зарлах хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Гэвч М.Энхболд дарга энэ хугацаанд алдааг өөрөөсөө зайлуулж, Хуульзүйн байнгын хороонд бурууг тохож, “ирц бүрдэхгүй” гэсэн шалтгаанаар хоёр сар гүрийлээ. УИХ-ын гишүүдийн 3/1 нь буюу 25 гишүүний гарын үсгээр л ээлжит бус чуулган зарлаж ирсэн хуультай. Гэвч М.Энхболд даргын хүлээлт Үндсэн хуулиас давжээ. Тэр хуулийн хугацаанд хурлаа хийхийг хүсээгүй юм. Даргын дэргэдэх зөвлөлөө ч хуралдуулсангүй. Байнгын хорооны ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 25 улстөрчийн эрх ашгийг уландаа гишгэв. 

Арав гаруйхан хоногийн өмнө бид Хуульзүйн байнгын хороонд харьяалагддаг 18 гишүүнтэй утсаар холбогдож, “Та хурал зарлавал ирэх үү” гэсэн ганцхан асуулт тавихад 10 нь очих боломжтой гэсэн хариулт өгч байлаа. Нийт гишүүдийн 50-иас илүү хувь нь гэсэн үг. Утас нь холбогдох боломжгүй байсан гишүүдтэй холбогдсон бол энэ тоо бараг 100 хувьд хүрэх байлаа. Мөн эдгээр гишүүд рүү Хуульзүйн байнгын хорооны ажлын хэсэг болон УИХ-ын Тамгын газраас залгасан эсэхийг тодруулахад “Нэг л удаа залгасан” гэх хариулт өгсөн юм. Тэгэхээр Ш.Раднаасэд болон М.Энхболд даргад ирц бүрдүүлэх зорилго ерөөс байгаагүй гэдэг нь тодорхой.

Энэ бол М.Энхболд даргын гаргасан эхний алдаа юм. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын суудлыг орлох Хэнтий аймгийн нөхөн сонгууль нэг жилээр хойшлох нөхцөл байдал бий болоод байгаа. Хамгийн хөгтэй нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр нөхөн сонгуулийг хойшлуулчихав. МАХН-ын генсекийн хэлснээр Ерөнхий сайдын жолоочийн хадам ээж л монгол төрийн бодлогыг ацан шалаанд оруулчихлаа. Ийм гутамшигтай зүйл гэж байх уу. УИХ-д сууж буй 76 улстөрч “хадам ээж”-д мад тавиулав. Үндсэн хуулийн цэцийн гаргасан тогтоол өөрөө улс төрийн захиалгатай байсан уу гэдэг нь ч УИХ-ын ээлжит бус чуулганы ярих ёстой сэдэв байсан юм. Цэцийн шийдвэрийг хүлээж авах уу, эсвэл хүлээж авахаас татгалзах уу, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу гэдгээ байнгын хорооны 18 гишүүн хүлээж суухгүйгээр шийдэх ёстой ч тийм зүйл болохгүй нь. Үр дүнд нь Хэнтийн хэдэн мянган иргэн төрд төлөөлөх улстөрчгүй нэг жил, магадгүй 2020 оны сонгууль хүргэнэ. Эрх мэдлээ Цэцэд булаалгасан эрх баригчдын өмнөөс хадам ээж, цүнх барьсан туслахууд ажлыг нь хийж, харин улстөрчид нь энд тэнд бидон, шанага тараасан шиг зугаалж явах аж. Хөгтэй ч юм даа. М.Энхболд даргын хоёр дахь алдаа нь энэ юм.

Эсрэгээрээ ард түмний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж буй УИХ-ын хууль бус үйлдэлд Цэц хариуцлага ярьж, Үндсэн хууль зөрчиж буйг нь сануулах ёстой биз дээ. Үндсэн хуулийг хоёр ч удаа зөрчлөө. Учир мэддэг, ёсзүйтэй хүн бол ээлжит чуулган эхэлсэн даруйд ажлаа өгөөд, уучлал гуйгаад явна. Бүр УИХ-аа тараах хуулийн нөхцөл бүрдчихсэн. Гэвч “60 тэрбум бол эвлүүлэг шүү” гэж гүрийчихээд, жил хүрэхгүй хугацааны дараа “Нэр холбогдсондоо харамсч байна” гэж яриад сууж буй түүнээс алдаагаа хүлээн зөвшөөрөх ёсзүй, төлөвшил хүлээгээд ч нэмэргүй л дээ. Юм үнэнээрээ сайхан. Шударга ёсны талд зогсоно, 60 тэрбумын булхайг уудална хэмээн уулгалж буй МАН-ын 32-ын бүлэг, АН-ын есөн гишүүний хэр шударгыг, хуулиа дагаж мөрддөг эсэхийг тун удахгүй харах биз ээ. Даргыг огцруулах шиг амархан зүйл байдаггүйг тэд Н.Алтанхуягийг, Ж.Эрдэнэбатыг огцруулахдаа харуулж байсан. Бүр нэгхэн өдрийн дотор огцруулж, орны хүнийг томилж чаддаг гэдгээ харуулцгаасан. Тиймээс Үндсэн хуулийг хоёр удаа зөрчих шийдвэр гаргачихсан, ажлаа байнгын хороонд даатгачихаад ард нь нуугдаж суугаа даргадаа хариуцлага ярина гэж найдъя. Өөр юу хүсэх билээ. 

 

Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудал ганхав уу 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн л М.Энхболд даргаас дутахгүй алдаа гаргачихлаа. Тэр жил гаруйн хугацаанд хий гаргаагүй, хазгай ч гишгээгүй юм. Гэвч намын даргын хувиар нэр хүндээ хадгалж үлдэх гэсэн зан нь алдаа болоод эргэж ирлээ. Хэнтийн нөхөн сонгуульд ялах нь Ардын намын хамгийн том эрх ашиг байсан. Тэнд суудлаа алдчихвал нам нь нэгмөсөн нурж унана. Тэр тусмаа Н.Энхбаяр орж ирвэл улс төр ямархан замаар урагшилж, юу болж дуусахыг энд таашгүй. Тиймдээ ч намынхаа өмнө туг болохын тулд нөхөн сонгуулийг хойшлуулах захиалгыг хийсэн хэмээн хардуулж байгаа. Улстөрчид, улс төрийн намууд ч ар араасаа мэдэгдэл хийчихлээ.

Нөгөөтэйгүүр, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн шийдвэр хууль ёсных уу, хууль зөрчсөн үү гэдэг нь энэ өдрүүдэд өвсөнд ассан түймэр шиг тархаж байна. Ерөнхий сайдын тухайд яах аргагүй “Хариуцлага тооцож, ажлаас чөлөөллөө” гэсэн үг амнаасаа унагасан асуудал бий. Гэвч сайдыг чөлөөлөх эрх нь УИХ-д байдаг. Чуулганаар хэлэлцэж чөлөөлдөг хуультай. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ сайд нь ч ажлаа хийхгүй, энэ салбар эзэнгүй юм шиг 30 хонов. Харин энэ алдааг Ерөнхий сайдад тохох гэсэн санаархал, хүний, өөрийн улстөрчдийн сэтгэлд багтжээ. Михайльд нэг бодол бий гэдэг дээ. Саарал ордонд хэдийнэ дараагийн сайд нарын тухай яриа гарчихсан байгааг Ерөнхий сайд олж сонссон л байх даа. Сайдын суудлыг нь авах гэсэн улс төр эхэлсэн байгааг зөнгөөрөө мэдрээ байлгүй. Нөгөөтэйгүүр, “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ирчихлээ.

Гадаад дахь дансаа хаалгаж, гарах орох эрхгүй болж, тэр ч байтугай дансны гүйлгээг нь зогсоож магадгүй болсныг УИХ-аас томилсон ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав хэлж байна. “Эрдэнэт”-ийн хувь заяа Засгийн газрыг унагах хамгийн том чөдөр тушаа болох магадлал өндөрссөн гэсэн үг. Хэрвээ тэр асуудлыг шийдэж чадахгүй бол хүссэн ч, эс хүссэн ч урхинд орно. Яаманд хүн амины хэрэг гарсан нь нэмэр дээр нэрмээс болж өгөв. Хариуцлага ярьж чадахгүй бол ажлаа өгөх ёстой, намрын чуулган эхэлсэн даруйд Ерөнхий сайдыг огцруулна гэсэн сөрөг хүчний хатуухан сануулга уйдахаараа хийдэг улс төр биш болоод явчихлаа шүү. Сар хүрэхгүй хугацааны дараа нээлтээ хийх ээлжит чуулган М.Энхболд уу, У.Хүрэлсүх үү гэдгийг шийдэх, эс бөгөөс хоёулаа хөтлөлцөөд “лааз” өшиглөх хүндхэн сонголтын өмнө ирчихээд байна. Ийм том улс төр нам дотор нь өрнөчихөөд байхад тэнд багш, эмч ажлаа хаях, суулт зарлах ёстой л лөөлөө байлгүй.