ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэцийн гурван гишүүн Д.Сугартай хамт “сугарна”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-10

Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэл­дэ­хүүнээрээ ажиллаж чадахгүйд хүрэх нь. Цэц нийт есөн гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Д.Су­гар, Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхаг­ва нарын бүрэн эрхийн хугацаа дуусч, үүнтэй зэрэгцэн дараагийн то­милгоо яригдаж эхэллээ. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүү­хийн санал болгосноор УИХ зур­гаан жилийн хугацаагаар томилох эрхтэй байдаг.

Хамгийн хачирхалтай нь Д.Наранчимэг, Н.Жанцан нарын бү­рэн эрхийн хугацаа өнгөрсөн жи­лээр дуусгавар болсон байх юм. Тэг­вэл Т.Лхагва, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа өчигдөр дууслаа. Тэ­гэхээр Цэцийн дөрвөн гишүүний бү­рэн эрхийн хугацаа дууссан гэсэн үг. Өмнө нь Т.Лхагва, Д.Наранчимэг, Н.Жан­цан нарыг Ерөнхийлөгч нэр дэв­шүүлж байсан бол гишүүдийн бү­рэн эрхийн хугацаа дууссантай хол­бог­дуулан дараагийн томилгоог оруулж ирэх үлдлээ.

Д.На­ранчимэгийн оронд УИХ-ын ги­шүүн асан Р.Бурмааг Ерөнхийлөгч Х.Бат­тулгын зүгээс өнгөрөгч оны арав­дугаар саналд болгосон ч Хууль зүйн байн­гын хорооны хуралдаанаар хэлэл­цээд, дэмжихгүй гэх шийдвэрийг гаргаж байсан удаатай. Харин энэ удаа УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг дахин оруулж ирж магадгүй гэсэн таамаг хүртэл байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс хамгийн их хэл ам таталж, элдэв хар бараан зүйлд нэр нь холбогдож явдаг хүн бол Д.Сугар. Түүнийг УИХ-аас нэрийг дэвшүүлж, одоогоос зургаан жи­лийн өмнө томилж байсан юм. Түү­нийг ТӨХ-ны даргаар ажиллаж байх үедээ өмч хувьчлалыг гувчуулж их хэмжээний ашиг олсон, “МИАТ” ХК-ийн захирал асан Д.Эрдэнэбилэгтэй үгсэж “Дайны эрсдэлийн даатгал” гэх зүйлийг бий болгон их хэмжээний хөрөнгө завшсан хэмээн хэвлэлээр шуугиж байсан ч Цэц түүнийг хамгаалсаар өнөөд­рийг хүрсэн юм.

Мөн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Өм­нөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалахад оролцсон, Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгөөр, БНСУ-ын Чэжүд 600 сая воноор худалдаж авсан байраа ямар эх үүсвэрээр авсан зэргийг шалгах, тогтоох олон асуудлууд байсан хэдий ч Цэцийн гишүүн гэх үндэслэлээр шалгуулахгүй явсаар өнөөдрийг хүрсэн юм.

Одоо түүнийг шалгахад хуулийн талаас ямар ч саад тээг байхгүй бол­лоо. Түүнтэй холбоотой олон хэргүүдийг эрх бүхий байгууллага нь шалгаж гэм зэм байгаа бол ял шийтгэлийг нь оноох гүтгэсэн бол цагаатгах нөхцөл бүрдэв. Өөрөөр хэлбэл, түүнийг тойрсон оньсого мэт элдэв зүйлийн зангилаа тайлагдах нь ээ. Д.Сугарт одоо орогнох, нуугдах газар үлдсэнгүй. Тэр хаах халхавч бас бамбайгүй боллоо. Тиймээс өөрөө хэлсэн шигээ хууль хяналтын байгууллагын өмнө шал­гуулахаар гүйгээд очих биз ээ.