ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зам, тээврийн сайдууд бүрэн эрхийнхээ хугацаанд юу хийсэн бэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-23

-Шинэчлэлийн Засгийн газраас хойшхи зургаан жилийн хугацаанд зам тээврийн салбар таван сайдын нүүр үзжээ-

 

Засгийн газрын хамгийн чухал яамдын нэг болох зам тээврийн салбар эзэнгүй болоод 14 хонолоо. Зам тээврийн салбарт хийх ажил олон бий. Өнөө маргаашгүй ашиглалтад орох Олон улсын нисэх буудал Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтаас эхлээд олон зуун хүний амь авч буй Дархан, Эрдэнэтийн замыг шинэчлэх, төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд ар араасаа хүлээгдэж байх юм. Тиймдээ ч энэ салбар нэг өдөр ч эзэнгүй байх учиргүй. Улс төрийн намууд зам тээврийн салбарыг улс төрийн ашиг олох салбар болгосноос сахилга хариуцлага, дэг журам алдагдлаа. Ардчиллын жилүүд дэх Засгийн газруудаас хамгийн сайн ажилласан нь Н.Алтанхуягийн танхимынхан байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Мөнгөтэй ч байсан, чадвартай ч  байсан. Шинэчлэлийн Засгийн газрын үеэс хойш тоолбол зургаан жилийн хугацаанд зам тээврийн салбар таван сайдын нүүр үзжээ. Одоо зургаа дахь сайд нь томилогдож ирнэ. Энэ салбарт 2012 оноос хойш ажилласан таван сайд бүгд өөр өөрийн хэмжээнд ажлаа хийсэн. Тэдгээр сайдуудын хийсэн ажлыг харьцуулсан байдлаар  хүргэе. Харин шинээр томилогдох сайд төрийн ажлын залгамж чанарыг хадгалж, өмнөх сайдуудын хийсэн, санаачилсан, эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэх үү, эсвэл ирэх сонгуулийн шоу болгоод өнгөрөх үү гэдгийг хэлэхэд эрт байна. 

А.Гансүх 
/2012-2014/

-Хоёр хөршийн нутгаар дамжин өнгөрөх тээврийн асуудлаар 2008 онд ЗТБХБЯ-ны дэд сайдаар ажиллаж байхаасаа эхлэн ажлын хэсгийг ахалж хэлэлцээр хийсэн. Монгол Улс зөвхөн Тяньжин боомтыг ашиглаж байсан бол нэмж Бохайн тэнгисийн зургаан далайн боомтыг ашиглах, эдгээр далайн боомтоор дамжуулан гуравдагч оронд бүтээгдэхүүнээ экспортлох квот, төмөр замын тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг бусад нөхцлүүдийг тохирч, БНХАУ-ын дарга Си Жинпинтэй хэлэлцээрт гарын үсэг зурав. 
-2014 оны наймдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр “УБТЗ” ХНН болон ОХУ-ын “РЖД” компанийн хооронд Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. 
-Хөвсгөл, Дорнод, Дорно­говь, Дундговь, Өмнөговь, Баян­хонгор гэсэн зургаан аймгийг нийслэлтэй хатуу ху­чилттай автозамаар хол­бох ажлыг гардан зохион бай­гуулж хяналт тавьж ажил­ласан нь авто замын салбарын түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт болсон. 
Энэ хоёр жилийн хугацаанд нийт 1561 км хатуу хучилттай автозам ашиглалтад орж байжээ.
-Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Төмөр замын салбарт баримтлах бодлогын баримт бичгүүдийг УИХ-аар батлуулж, “МИАТ” компани “Үндэсний агаарын тээвэрлэгч” статустай болж байв. 
-Дээрх хугацаа зам тээврийн салбарт “цус сэлбэлт” хийсэн он жилүүд байлаа. ОХУ-ын галт тэргэнд суурилсан “Хоёр загал” илчит галт тэрэг, ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын 15 вагон Монголд ирэв. 
-“МИАТ” компани 2013 оны тавдугаар сард “Боинг”-ийн үйлдвэрт захиалж хийлгэсэн “Боинг-767-300ER” онгоц эх орондоо газардав. 
-Xолбооны хиймэл дагуулын системд суурилсан, зам, тээврийн байршил тогтоох дэвшилтэт технологи бүхий “Тээврийн удирдлага, хяналтын шинэ төв” шинээр ашиглалтад орсон. 
-“МИАТ”-ийн онгоцны нэг тонн шатахууны үнийг 237 ам.доллараар хямдруулав. Түүнчлэн онгоцны шатахууны хувьд Монгол Улс дан ганц ОХУ-аас хараат байсныг өөрчилж, БНСУ-ын “SK” корпорацитай хамтын ажиллагааны гэрээ зурж, шатахуунаа тус улсаас авч эхэлсэн. 
-Агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” компани Парис руу шууд нислэг үйлдэж эхлэв. Олон улсын нислэгийн тавдугаар эрхийг авахын тулд олон улсын агаарын тээврийн компаниудтай амжилттай хэлэлцээр хийж, “МИАТ” компани Сингапур, мөн ХБНГУ-ын Франкфурт хот руу шууд нислэг үйлдэж эхэлжээ. 
-2012 оны тавдугаар сард Олон улсын шинэ нисэх буудал болох Хөшигийн хөндийн нисэх буудлыг Япон улсын хөрөнгө оруулалтаар барих ажлын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, ажлыг эхлүүлжээ. 
-Төмөр замын дэрийг модоор хийж байсныг болиулж, төмөр бетон дэртэй болгох ажлыг эхлүүлсэн байна. 

Н.Төмөрхүү 
/2014-2015/

-Нислэгийн талаар мэдээлэл хүргэх цогц үйлчилгээ нээлтээ хийж байв. 
-Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, нэмэлт зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. 
-БНХАУ-ын зургаан боомтыг ашиглах яриа хэлцлийг үргэлжлүүлэв. 

М.Зоригт 
/2015-2016/

-Хөшигийн хөндийн нисэх буудалд Монгол Улсын талаас барих үүрэг хүлээсэн нисэх буудлын захиргааны байшин, газрын тоног төхөөрөмжийн байр, ачааны терминалын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.  
-Ховд аймгийн Алтай сумаас Манхан сумын чиглэлийн 214.1 км хатуу хучилттай авто замыг нээв. 
-Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын нээлт болов. 
-Хөшигийн хөндийн хурдны замын шавыг тавив. 

Д.Ганбат 
/2016-2017/

-Тяньжин боомт-Улаан­баатар хот-Улаан-Үд хот хоо­ронд олон улсын ачаа тээвэрлэлтийг туршилтаар зохион байгуулсан. 
-Дорноговь аймгийн Олон-Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг эхлүүлжээ. 
  -Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээ эхэлсэн байна. Мөн Дорнодоос Манжуурын чиглэлд автобус үйлчилж эхлэв. 

Ж.Бат-Эрдэнэ  
/2017-2018/

-Монгол Улс ОХУ-аар дамжуулах нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд авах боллоо. 
-Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Авто зог­соолын цогцолбор” байгуулах шийдвэр гаргав. 
-Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засварын ажлыг эрчимжүүлэв.