ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүн хулгайлж, төрийн албан хаагч амиа алдсан ч УИХ хуралдсангүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-21

Гүйцэтгэх засаг­лалын тэргүүнд эрх мэдлээ алдсан улстөрчид хаврын чуулган завсарласнаас хойш тойргоо тойглож, найр наадам хэсч, зарим нь шанага, данх тараасаар зуныг өнгөрүүллээ. Хэлэлцэх хуулийн төсөл, хийх ажил нь овоорчихсон байхад овооны наадам хийж, түрүүлсэн бөх байлах гээд завгүй явж байлаа. Наадамд түрүүлсэн нутгийн бөхдөө “Ланд-200” машин бэлэглэх, уясан хүлгээ уралдуулж хултай айраг зооглох ажлаа УИХ-ын гишүүд маань харин хамгийн сайн гүйцэтгэсэн шүү. Харин төрийн ажил огт ахисангүй. Бүр хөлбөмбөг өшиглөж, морь унаж ч үзлээ, тэд. Хийх юм аа олж ядаж байна. Харин УИХ-ын хийх ёстой ажлыг Ерөнхий сайд өмнөөс нь хийж, хууль зөрчсөн шийдвэр гаргаад сууж байгаа. УИХ-аар хэлэлцэж чөлөөлөх ёстой сайдыг Ерөнхий сайд нь дур мэдэн албан тушаалаас нь огцруулж, Монгол Улсын нэг чухал яам хариуцах эзэнгүй хагас сар болов.

Орны хүнийг хэлэлцэж томилох хуулиар хүлээсэн үүрэгтэй УИХ-ын чуулганы сураг өнөө хэр дуулдсангүй. Албан үүргээ гүйцэтгэж байсан төрийн албан хаагчийг гурван цаг зодож хөнөөдөг хариуц­лагагүйн зуд төрд нүүр­лэв. 300 гаруй зорчигч тээвэр­лэж явсан вагон осол­дож, хүний амь эрсдэх шахсан байхад “Надаас болоогүй, үерээс болсон” гэсэн хачин жигтэй тайлбар хийчихээд сууж байна, хурган дарга нар нь. Сонгогчдын итгэлийг хүлээж 65-уулаа үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн атлаа дотооддоо хоёр, гурав хуваагдсаны гор ийнхүү хүний алтан амиар төлөгдлөө. Ийм байхад УИХ хийх ажилгүй, хэлэлцэх хуульгүй гэсэн ядмагхан тайлбар өгчихөөд сууж огтхон ч боломгүй санагдах юм. Бүр ирц хүрэхгүй байх гэсэн тайлбарыг ч албаны хүн өгсөн удаатай. Зам тээвэр, хөгжлийн яаманд гарсан энэ харамсалтай хэрэг МАН-ын дотоодын зөрчил хэрхэн туйлдаа хүрснийг гэрчиллээ. Ам дамжсан ярианаас сонсоход талийгаачийг ажлаас нь халах шийдвэр гаргаж, албан өрөөндөө дуудаж ирүүлээд зодож эхэлсэн гэх яриа ч байна. Эндээс л төрийн бүх шатанд бий болсон 32, 33-ын бүлгийн зөрчлийг яруу тодоор харж болно. Харин МАН-ынхан алдааг өөрсдөөсөө холдуулахын тулд амиа алдсан залуугийн талаар санаанд оромгүй яриа гаргаж, гэмт хэрэгтнийг сөрөг намын гар хөл байсан мэтээр цуурч, бичиж эхлэв.

Хүнээ барсан, жудгаа алдсан ийм арчаагүй пиар явуулах хүртлээ МАН-ынхан зөрчилджээ. Дэгсдүүлж хэлбэл, эрх баригчдын зөрчил төрийн албыг сөхрүүлэв. Төрийн албаны завхарлыг яруу тодоор харуулав. Дахиад хэдэн хүний амийг авч одох ёстой юм бол. Эдийн засгийн хувьд өсөлт нэмэгдэж, өмнөх онуудаас өр шир нь багассан хэмээн Ерөнхий сайд нь эмгэнэл унших зууртаа мэдэгдсэн байлаа ч түүнээс илүүтэй энэ улсын толгойн өвчин болсон засаглалын хямрал гэгч нь жинхэнэ утгаараа бий болсныг найр наадамтай давхацсан хэд хэдэн ноцтой үйлдлүүд баталчихлаа. Туурга тусгаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр Туркийн тагнуулын онгоц нисч орж ирээд хүн хулгайлахыг завдлаа. Аанай л улстөрчид таг чиг. Үндэсний аюулгүй байдал ямар төвшинд хүрснийг энэ үйл явдал батлан харуулж байхад “хэлэлцэх асуудал байхгүй ээ” гэсэн тайлбартаа бат үнэмшилтэй зогссоор байх юм. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг үерийн гамшигт өртөж, хэдэн тэрбумын хохирол амсчихаад байхад ч УИХ-ын гишүүдэд найр наадам л чухал байсан юм. Ядарсан ард түмнээ харин шанага, данх, орос гутлаар хуурчихаад л “улсын ажил унаагүй, улстөрчид бид чинь завгүй ажиллаж байна” гэсэн пиараа хийсээр л байлаа.

Ард түмнээс үнэмлэхүй олонхийн эрх авч, 65 суудал авсан тэдний бүрэн эрхийн хугацаа талдаа орчихож. Гэвч амласан мөрийн хөтөлбөр нь хэрэгжсэнгүй. Сургууль, цэцэрлэг барина, намар гэхэд нэг ч хүүхэд цэцэрлэг, сургуульгүй үлдэхгүй гэсэн амлалт өгсөн ч нээлт ойртож, бүртгэл эхлэхтэй зэрэгцэн аанай л сугалаа, бүртгэл гэсэн арга ядсан зүйлсээр аргацааж эхлэв. 35 хүүхэд багтаах ёстой цэцэрлэгийн бага ангид гэхэд л 160 хүүхэд бүртгүүлж байна, улстөрчид өө. Энэ хэдхэн шалтгаан л УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах хангалттай том шалтгаан баймаар санагдана. Хаврын чуулган завсарласны дараахан нэр бүхий гишүүд ээлжит бус чуулган зарлах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод хүр­гүүлж байлаа. Тэд тө­рийн албан тушаалыг хууль бусаар зарсан гэх 60 тэр­бумын асуудлаар нээлттэй сонс­гол хийх шаардлага хүр­гүүлж байсан удаатай. Гэвч Хуульзүйн байнгын хо­роо нь хуралд, Тагнуулын бай­гуул­лага нь мэдэгдэл хий гэх мэтээр аргацааж суусаар өнөөд­рийг хүрлээ. Үнэхээр л 60 тэр­бумын наймаа явсан уу, хэн ямар албан тушаалыг хэдэн төг­рө­гөөр худалдаж авсныг то­дор­хой болгохгүй бол улс­төрч­дийн попордог, оноо ав­даг сэдэв болж хувирчээ. Үүнийг сэтгүүлчид ч бус сөрөг хүч­ний зүгээс ч удаа дараа мэ­дэгд­сэн. Ерөнхийлөгч ч хэд хэдэн удаа УИХ-ын даргад албан тоот илгээлээ. Дээрх бичсэн хэд хэдэн ноцтой асуудлыг УИХ нэн яаралтай хэлэлцэж, ээлжит бус чуулган зарлах ёстой гэдгийг хэдхэн өдрийн өмнө АН-ын бүлгээс мэдэгдсэн удаатай. Гэвч сөрөг хүчнийхээ үгийг тэд нохой хуцаж буйн чинээ ч тоосонгүй.

“Жингийн тэмээ явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг” гэгчээр төр чинь болохгүй байна, Гүйцэтгэх засаглалдаа хариуцлага тооц, чадахгүй бол УИХ-аа тарааж, шинээр бүтцээ зур хэмээн мянга түм мэдэгдэл гаргаж, хүний өөрийн улстөрчид нь албан тоот илгээгээд ч аядуу зөөлөн дарга “хэлэлцэх асуудал байхгүй” гэсэн шалтгаан тоочоод нам гүмхэн суучихлаа. Харин 32, 33-ын бүлгийн санаа чилээж буй ганц асуудал нь Хэнтийн нөхөн сонгуульд хэрхэн ялах вэ гэдэг асуудал. Тооны харьцаа нь тэнцэж, төр самрах шийдвэр гаргахад хэцүү болсон учраас нөхөн сонгуулийн суудлыг ямар ч хамаагүй үнээр авахаар улайрч байх юм. Нөгөөтэйгүүр, Тусгаар тогтнолын ордонд зам тээврийн салбарыг удирдах гэсэн ил далд марафон өрнөж, үерийн гамшиг, үхэл хагацал, үндэсний аюулгүй байдлаа ч үл тоон хэмлэлдэж буйг нуугаад яахав. Ийм УИХ-аас юу ч хүлээх хэрэггүй нь тодорхой. Хууль зөрчсөн сайддаа хариуцлага ярьж чадахгүй, хүн хөнөөх хүртлээ зөрчилдсөн төрөө цэвэрлэж чадахгүй л бол УИХ-аа тараахад ч буруудах зүйл алга. Намрын чуулганы нээлт хүлээхгүй нэн яаралтай чуулганаа хуралдуулах цөөхөн хэдхэн шалтгааныг энд дурдая. 
 

1.Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар барьцаанд тавьсан асуудлыг цэгцлэх. /Тус үйлдвэр Арбитрын шүүхэд ялагдаж үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг царцаах, эрх бүхий албан тушаалтныг хилээр гарахыг хориглоод байгаа/
2. 60 тэрбумын наймааг эцэслэх /Төрийн албан тушаалыг хууль бусаар арилжаалсан гэх хэргийг эцэслэхгүй бол МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд үүнийг бодит хэмээн мэдэгдсэн удаатай/ 
3. Хүний амь үрэгдсэн шалтгаан нөхцлийг тодруулах /Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач олон ч ноцтой баримтуудад хяналт шалгалт хийж, зөрчилтэй байсан гэх яриа бий/
4. Зам тээврийн сайдын томилгоог хийх /Дархан, Эрдэнэтийн замд өдөр бүр хүний алтан амь үрэгдэж байна. Энэ салбарыг эзэнтэй болгох, хийх ёстой, хүлээгдэж буй олон ажлыг хийлгэх нь чухал/
5.Төмөр замын асуудлаар ярилцах /Хугацаа дууссан 1000 вагон, 16 вагоныг шинийг авах мөнгөөр засуулсан асуудал, мөн зам засварын вагон байсаар байхад дахин оруулж ирсэн зэрэг ноцтой асуудлыг хэлэлцэх, нээлттэй сонсгол явуулах/
6. Турк улсын иргэнийг хулгайлахыг завдсан /Энэ талаар Засгийн газрын нэг ч сайд мэдэгдэл хийгээгүй. Харин сөрөг хүчний зүгээс Засгийн газартай зөвшилцсөн гэх тайлбар өгч буй/ 
7. Засгийн газрын алдаа оноог хэлэлцэх, албан тушаалтнуудад хариуцлага ярих /Засаглалын хямралгүй, хариуцлагагүйн зудгүй төрийг бий болгоно хэмээсэн ч сахилга, хариуцлага бүх шатанд алдагдлаа/ 

...Энэ хэдэн шалтгаан ээлжит бус чуулган хуралдуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг батлан харуулна. Эрх баригчид үүнийг мэдэж буй ч мэдэн будилж, чихээ бөглөн суусаар байна. Тэд нүдээ таглаж, чихээ бөглөж болох ч маргааш ард түмэн ямар дүн тавьж, хэрхэн тэмцэхийг энд сануулах нь илүүц билээ.