ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Одонтуяа: Вакциныг яаж тасалдуулсан гэдгийг тогтоолгох болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-10

УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг цар тахлын эсрэг вакцинжуулалтыг улстөржүүлсэн  гэдэг мэдээлэл гарсан билээ. Энэ талаар тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлаа танилцуулах үеэрээ маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Би вакцины асуудалд ямар ч байдлаар нөлөөлөх боломжгүй бөгөөд энэ бол цэвэр Засгийн газрын ажил гэдгийг хэлье. Миний хувьд, УИХ-ын чуулганаар төсөв батлах үеэс л вакцины мөнгийг төсөвт суулгах нь илүү найдвартай гэдгийг маш олон удаа хэлж байсан.

 Мөн иргэдэд вакциныг сонголттой хийх боломжийг олгох тал дээр шүүмжлэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр Засгийн газар 100 дахь хоногоо 45 мянга гаруй хүн өвчилсөн, 170 хүн амиа алдсан үед угтаж байна гэж хэлж шүүмжилсний минь төлөө үндэслэлгүй, нотолгоогүй зүйлээр гүтгэж байна.Үүнийг би хуулийн байгууллагад хандаж, шалгуулна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа вакциныг яаж тасалдуулсан гэдгийг  тогтоолгох болно" гэж мэдэгдлээ.