ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.ТУВААН: Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэл явж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-08

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр,  “Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэл явж байна. Энэ хүнийг муулах ажлыг хэвлэл мэдээлэл гээд бүх газраар явуулж байгаа. Өөр муулах зүйл зөндөө байна. Гэтэл нэг хүн рүү дайрдаг асуудал бий боллоо. Сонгуульд бөхөөр бол хоёр гарыг нь хөлтэй нь хүлж байгаад барилдуулах гээд байгаа юм уу. Аль эсвэл бүр өрсөлдүүлэхгүй гээд байгаа юм уу. Хэн ч нэр дэвшиж болдог Ардчилсан улс. Энэ асуудалд үнэхээр сэтгэл гутарч байна.

Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй, эрхгүй гээд хууль мэддэг гишүүд нь ярих юм. Ерөнхийлөгч бүх асуудлаар хориг тавьж болохоор болсон. Үүнийг хэдхэн сарын өмнө хийснийг мартчихаа юу. Ард түмнийг төөрөгдүүлсэн зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Монголын ард түмэн тэнэг биш. Хэн рүү хэн дайрч байгааг хараад мэдэж байгаа” гэв.