ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн тавьсан ХОРИГИЙГ хэлэлцэж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-08

УИХ –ын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар өнөөдөр  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Цар тахлын үед бид шахуу ажиллах ёстой. Үдээс өмнө ганцхан асуудал хэлэлцэхээр байна. Хуурамч шатахууны асуудлыг хэлэлцмээр байна. Хэлэлцэх асуудал бага байгаа тул Хуурамч шатахууны хуулийг даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцэж өгөөч гэж хүсмээр байна. Дараа нь НӨАТ-ын хууль байгаа. Орлого багассан энэ үед төрөөс явуулах хамгийн хүртээмжтэй бодлого бол НӨАТ-ын татварыг 5 хувь болгох юм. Сая төгрөгөөс дооших бараанд 5 хувь, сая төгрөгөөс дээших бараанд 10 хувь хэвээр нь үлдээж болно. Энэ мэтчилэн хэлэлцэх явцдаа өөрчилж болно. Энэ нь хүнд үед авах чухал арга хэмжээ.

Тиймээс НӨАТ-ын татварыг 5 хувь болгох хуулийг яаралтай хэлэлцэж өгөөч” гэж байлаа. Яг одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Тус хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулж байна.