ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Ирэх тавдугаар сарын 1-нээс хилээ нээх талаар судална

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-25

Засгийн газрын гишүүд болон аялал жуулчлалын салбарынхан өнөөдөр уулзаж, салбарт тулгамдсан асуудлаа хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.Уулзалтын үеэр аялал жуулчлалын салбарынхан хилээ нээх хугацаагаа тодорхой зарлаж, үйл ажиллагаанд баримтлах дүрэм журмыг шинэчлэх саналыг Засгийн газрын тэргүүнд уламжилсан. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ирэх тавдугаар сарын 1-нээс хилээ нээх талаар судална. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нухацтай ярилцъя. Энэ нь хоёр зүйлээс шалтгаална. Халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайтар баримталж, вакцинжуулалт тасалдахгүй явагдаж, богино хугацаанд иргэдийнхээ 50-аас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөгөө биелүүлж чадвал вакцинжуулсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна. Нөхцөл байдлыг таашгүй тул шууд амлаж чадахгүй ч үүний төлөө Засгийн газар чадах бүх зүйлээрээ хичээнгүйлэн ажиллах болно. Боломжтой гэж үзвэл нөхцөл байдлаа харгалзан тавдугаар сарын 1-нээс Монгол Улс хилээ нээх асуудлыг хөндөж үзнэ гэж зарлаж болно. Үүнд тулгуурлан та бүхэн төлөвлөлтөө хийх боломжтой. Мөн журмаа шинэчилнэ" гэв.