ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өмгөөлөгч Д.Баттулга: Эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр маш олон цагдаа нар гэрээс нь авч явж, дарамталсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-24

Өнгөрөгч нэгдүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Parkview” хотхонд нэр бүхий шүүгч нар буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар болон Улсын дээд шүүхийн Тамгын газрын ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, хуульч Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар хөл хорионы үеэр нэгнийдээ цуглан архидсан, мөн биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх мэдээлэл нийгэмд цацагдсан билээ.

Тэгвэл энэ бичлэгт гарч, биеэ үнэлэгч хэмээн яригдаж буй хохирогч охидын өмгөөлөгч нар Тагнуулын Ерөнхий газарт хандаж хүний эрхийг хамгаалах асуудлаар шаардлага хүргүүллээ. Хохирогч охидын өмгөөлөгч нь Д.Баттулга хэлэхдээ “Хүний эрхийн маш ноцтой зөрчил үүссэн учраас бид мэдээлэл хийх нь зөв гэж үзлээ. Манай үйлчлүүлэгч нарыг хууль бусаар тагнаж, чагнасан асуудал байх магадлалтай.

Учир нь бичлэг СӨХ-ноос алдагдаагүй, цоожтой байсан гэх мэдээлэл ирсэн. Мөн зөвхөн дансны гүйлгээг үндэслэн биеэ үнэлэгч гэж цагдаагийн байгууллага зарласан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Манай үйлчлүүлэгч хэлэхдээ Б.Баасанцогтоос өр авлагатай байсан, түүнийгээ авсан гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн олон хууль тогтоомжийг зөрчиж хууль бусаар тагнах, чагнах үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа.

Мөн хохирогч эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр маш олон цагдаа нар гэрээс нь авч явж, дарамталж байцаасан асуудал гарсан. Хохирогч эмэгтэйчүүдийг эрүүдэн шүүж, хүч хэрэглэсэн зэрэг ноцтой асуудал үүсгэсэн байж болзошгүй учраас шалгуулахаар ТЕГ-т хандлаа. Зарим нь гэр бүлийн хүмүүс байсан. Найз нөхдөөрөө уулзсан бичлэгийг цацаж биеэ үнэлэгч авсан гэх мэтээр шууд гүтгэж болохгүй” гэв. Тухайн бичлэг хийгдсэн өдөр буюу нэгдүгээр сарын 20-ны үед хөл хорио цуцлагдсан байсан учраас үүнийг төрийн байгууллагын дүрэм журам зөрчсөн гэж үзэхгүй гэлээ.