ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дахин нэг цэргийн албан хаагч амиа хорложээ

O.Admin
2021-02-19

Сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 07-ны өдөр Дундговь аймгийн 0129 дүгээр ангид Гэрээт цэргийн алба хааж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат 21 настай залуу боомилж амиа хорлосон хэрэг гарсан билээ.

Нутгийн иргэд эсэргүүцэл зарлаж, Шүүх шинжилгээний дүгнэлт, талийгаачийн утас зэргийг нэхэж, шарилыг нь хүргэж өгсөн цэргийн албан хаагчдыг нутгаасаа гаргахгүй хэмээн тэмцсэн. Гэвч энэ асуудлыг Хил хамгаалах Ерөнхий газар ихэд нууцлан, хэвлэл мэдээлэллийн “амыг барьж” асуудлыг нууцлаад өнгөрсөн нь саяхны үйл явдал билээ.

“Намайг эндээс аваач. Маш их дарамттай байна” хэмээн аав ээждээ, ахдаа мессеж илгээж байсан залуухан хүүгийн амиа хорлох шалтгааны учир олдоогүй, шүүх шинжилгээний дүгнэлт ч гараагүй байхад дахин нэг залуу харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа цэнхэр өнгийн хадгаар боомилон амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Талийгаачийн цогцсыг 0214 дүгээр ангийн буудлагын талбайгаас олсон бөгөөд гэр бүлийн тааламжгүй харилцаа гэсэн дүгнэлт гаргасан гэх. Он гарснаас хойш Хил хамгаалах албатай холбоотой гурван ч ноцтой асуудал бүртгэгдэв. Өмнөх гэрээт цэрэг амиа хорлосон 0129 дүгээр ангид гэхэд л алба хаагчид архидан согтуурсны улмаас нэг нь осгосон асуудал гарсан ч мөн нууцлаад өнгөрч байсан юм. Хил хамгаалах газрын удирдлагуудад хариуцлагын асуудал яригдах болжээ.