ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Иргэдийн анхааралд: Вакцины талаар сөрөг мэдээлэл түгээвэл ямар хариуцлага хүлээх вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-19

Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс иргэдийг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцинаар хоёр үе шаттай вакцинжуулах ажлыг энэ сарын 23-наас эхэлж, долдугаар сар гэхэд бүрэн дуусгана гэх мэдээллийг өгөөд байгаа билээ.  Коронавирусын эсрэг вакциныг дэлхийн 4 улс орон үйлдвэрлэснээс хоёрыг нь ДЭМБ өнөөдрийн байдлаар хүлээн зөвшөөрөөд байгаа.

Тодруулбал, АНУ, Германы хамтарсан “Pfizer”, Оксфордын их сургуулийн “AstraZeneca”-г хүлээн зөвшөөрсөн бол Хятадын Синофарм, Оросын "Спутник V" вакциныг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Гэсэн ч Монгол Улс эдгээр дөрвөн вакциныг иргэддээ сонголтоор нь хийх болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл олон нийтийн сүлжээнд иргэдийн зарим нь вакцин хийлгэхгүй, 10 жилийн дараа өрөөл татуу болно, маш сөрөг үр дагавартай гэх мэтээр ташаа мэдээлэл түгээж, иргэдийг талцуулж буй юм. Тэр тусмаа хятад вакцин маш хортой гэх мэдээллийг хяналтгүй тарааж байгаа.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Clubhouse чат өрөөнд сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ “Миний хувьд “Астразенека” вакцины эхний тунг тариулна. Вакциныг хүчээр албадаж хийхгүй. Гэхдээ вакцинжуулалтад хамрагдахаас татгалзсан иргэдээс бичгээр баталгаа авна. Харин вакцинд хамрагдсан иргэдэд сертификат олгоно. Энэ нь гадаад улс руу зорчиход албан ёсны баримт бичиг болно” хэмээн мэдэгджээ.

Учир нь Дархлаажуулалтын тухай хуулийн 6.2.2-т “Сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах” гэж заасан байдаг аж. Мөн дэлхийн улс орнууд вакцин хийлгэсэн гэсэн тусгай тэмдэглэгээ бүхий паспорттой иргэдэд хилээ нээнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Мөн вакцины талаар ташаа мэдээлэл түгээж буй иргэдэд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох боломж бий гэдгийг Шадар сайдын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс сануулжээ.

Тодруулбал, Зөрчлийн хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

“1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг аж.