ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төр хэмнэх шийдвэр гаргасан ч тэд машин, таблет авах тендер зарлажээ, Ерөнхий сайд аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-19

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ердөө хоёрхон хоногийн өмнө төсвийн хэмнэлт хийх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, тэвчиж болох зардлаа тэвчиж, төрийн байгууллагууд ажилтнуудынхаа нэмэлт урамшуулал, цалин зэргийг он дуустал олгохгүй байх, мөн байгууллагын мөнгөөр ой тэмдэглэхгүй, тавилга, эд хогшил худалдан авахгүй байх чиглэл хүргүүлсэн билээ. Гэвч Ерөнхий сайдынх нь шийдвэр гараад амнаас нь унасан шүлс нь хатаж ч амжаагүй байхад хоёр ч аймаг төсвийн мөнгөөр таблет, "Lexus 570" автомашин худалдан авах тендер зарлажээ

Тодруулбал, сар шинийн баярын өмнөхөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тамгын газрынхаа хэлтсийн дарга нарын унаж байсан “Land-200” автомашинуудыг сумдад шилжүүлэн ард түмнээр алга ташуулж байлаа.

Төрийн мөнгийг хэмнэж, одоо л эгэл ардтайгаа ойрхон ажиллах нь ээ хэмээн баярлах хүн олон байсан. Гэтэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа 257.000.000 төгрөгөөр "Lexus 570" автомашин худалдан авах тендер зарлажээ. 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн бол давуу тал болно хэмээн уг тендерт тусгасан байх бөгөөд сарын өмнө зарласан тендер учраас хэдийнэ худалдаад авчихсан байх магадлал өндөр байгаа юм. Харин Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ мөн л 210 сая төгрөгөөр Ланд-200 автомашин худалдан авах тендер зарласан байна. 

 Тэгвэл сошиал орчинд мөн л Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар 80 сая төгрөгөөр санал хураалтын программ хангамж бүхий таблет худалдан авах тендер зарлажээ. Орон нутгийн хэдхэн төлөөлөгч нэг өрөөнд орж хуралдаад асуудлаа гар өргөөд шийдчих шиг амархан зүйл үгүй. УИХ-ын гишүүд шиг заавал таблет ашиглаж, санал өгөх шаардлагагүй билээ. Гэвч орон нутагт хуулиас гадуур дураар дургиж буй эдгээр албан тушаалтнууд Ерөнхий сайдынхаа гаргасан шийдвэрийг үл тоож, хэмнэлтийн цаг үед дураар дургисаар байх ажээ. Тэдэнд ямар хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа.