ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Аж ахуйн нэгжүүдийн баримтлах түр журмыг бямба гарагт танилцуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 23-наас хөл хорио тавигдах үед аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ гэдгийг мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ орчныг бүрдүүлэхийн тулд УОК-ын дэд дарга Г.Сайханбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан аж.

Уг ажлын хэсэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш үйл ажиллагаандаа мөрдөх түр журмыг боловсруулж дууссан бөгөөд ирэх бямба гарагт олон нийтэд хандан мэдээлэх юм байна. Тухайлбал, кино театрууд танхимынхаа багтаамжаас хамааран хүн хоорондын зайг баримтлан 20-50 хувийн дүүргэлттэй үйл ажиллаагаа явуулах бол фитнесс төвүүдэд ч мөн адил шалгуур тавих аж.

Өөрөөр хэлбэл, “13 төрлийн 57 үйл ажиллагааны онцлогоос хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж байна. Тийм болохоор 100 хувь бүх ААН-ийг нээх эрсдэлтэй байгаа. 23-наас дийлэнх бизнесүүдийг нээнэ” хэмээн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ.