ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: 1.000.000 төгрөгийн дэмжлэгийг авахгүй гэж хэлэх өрх Монголд байхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-26


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор “Өрх бүрд сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл”-ийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Учир нь улсын хэмжээнд гурван сар гаруйн хугацаанд хатуу хөл хорио тогтоож, айл өрхийн орлого тасалдаж,  үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэхэд чиглэнэ хэмээн хуулийн төслийн зорилгоо тодорхойлсон байдаг. Тэгэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, 800  мянгад нь  зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татаж орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан юм. Энэ асуудлыг МАН-ын бүлэг Чуулган болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй юм хэмээсэн ч хэлэлцүүлэг өнөөдрийг болтол эхэлсэнгүй. Тэгвэл өргөн барьсан хуулийн төсөл болон Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгын талаар иргэд  ямар байр суурьтай байгааг сонирхлоо.


 

Баянзүрх дүүргийн иргэн С.Батмөнх:

-Хувь хүний хувьд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Өндөр настай хүмүүсийн тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй хүнд байна. Түүнээс гадна цар тахлын үед бүх зүйл хумигдаж, таксинд явж олдог таван төгрөг бүр тасалдчихсан. Хаа сайгүй цаг хүндэрч,  өвлийн идшиндээ ч явж чадаагүй. Одоогоор хоолны махаа хэд  хоногоор худалдан авч байна. Хэдийгээр төрөөс арга хэмжээ авч байгаа ч бүх зүйл санаснаар болохгүй юм. Тиймээс Ерөнхийлөгчийн саналыг УИХ-аар хэлэлцэн дэмжиж, өрх бүрд сая төгрөгийн дэмжлэг үзүүсэй. Ингэж чадвал олон хүүхэд, аав, ээж, өрх гэр бүлийг санхүүгийн гачигдлаас бага ч гэсэн аварч чадна. Үүнийг битгий улстөржүүлээсэй.

Баянзүрх дүүргийн иргэн Г.Билгүүн:  

-Залуу хүний хувьд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Өнөөдөр өрх бүр л санхүүгийн асуудалтай байгаа. Улс орон ч ялгаагүй ийм л байна. Гэхдээ нийгэмд улам их ядуурал авчрахгүйн тулд ийм шийдэлд хүрэх нь зөв. Давхар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажлын байраа ч авч үлдэх байх. Тиймээс ийм санаачилга гаргасан болов уу. Төрийн албан хаагч, тогтсон цалинтай хүмүүст цар тахлын нөлөөлөл хүнд тусахгүй байгааг үгүйсгэхгүй. Харин өдөр тутмын орлоготой, хувиараа бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид халдвар хамгаалал, хорио цээр маш хүнд тусаж байна. Ашиг, орлогогүй, үйл ажиллагаа нь бүгд зогссон. Тун удахгүй дахиад л хааж, хөл хорио сунгах юм гэсэн. Тэгэхээр иргэд яах вэ. Мөн монголчуудын ихэнх нь зээлтэй. Тэр хүмүүст ч илүү дэмжлэг болно. Ямар энх цагт төрөөс тусламж хүсэж байгаа биш. Онцгой цаг үе тул анхаарч үзэх байх аа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Нарангэрэл:

-Би өрх толгойлсон ээж. Цар тахлын үед хүндхэн байна шүү дээ. Өмнө нь хэнээс ч гуйхгүй ажил, амьдралаа зохицуулаад явдаг байлаа. Харин энэ удаа бол илүү хүндхэн цаг үеийг давж байна. Ерөнхийлөгчийн саналыг дэмжээд, сая төгрөгийн урамшуулал олгоосой гэж эгэл иргэн болон ээж хүний хувьд гуйж байна. Манайд л гэхэд сая төгрөгөөр хамгийн багадаа 2-3 сарын хүнсээ базаачихна. Мэдээж  гамнана, хэмнэнэ. Энэ хугацаанд өвчний тархалт буурч, хэвийн амьдрал эхэлтэл санхүү, мөнгөний эрсдэлд орохгүй байх, үр хүүхдээ ч хоолтой суулгачихна шүү дээ. Над шиг бодолтой мянга, мянган ээж Монголд бий. Тэр ч бүү хэл, идэх хоолгүй өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрүүлж буй өрх айл захын хорооллуудаар өчнөөн бий. Бодит амьдрал дээр нөхцөл байдал ийм л байна.

Баянзүрх дүүргийн иргэн Т.Төрсайхан:

-Цар тахал, халдвар гээд дэлхийн улс орнууд манайтай ижил төстэй арга хэмжээ авч байгаа юм билээ. Гэхдээ тэдгээр улс орнууд иргэд, аж ахуйн нэгжээ эдийн засгийн хүнд нөхцөл рүү чирчихгүй гэсэн том бодлого барьж байна. Тиймээс манай улс аргалаад, нөөцөө ашиглаад өрх бүрд боломж олгоосой. Хоногийн хоолгүй, түлэх түлшгүй өчнөөн өрх гэр бүл бий. Цаашид хөл хориогоо чангалж, хоног сунгавал бүр ч хүнд болно. Өдөр тутмын орлоготой, түүгээр амь зуудаг хүмүүст хэцүү байна шүү дээ. Төр засаг маань хардаг ч юм уу. Төр нүдтэй, чихтэй бол харж л байгаа байх. Иймээс өрх бүрд сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, хүнд нөхцөлөөс авраасай.

Чингэлтэй дүүргийн иргэн Л.Даваасүрэн:

-Хөл хорио сунгаж, аж ахуйн нэгжийн ажиллах боломжийг хязгаарлах юм бол коронавирусийн халдвараар бус өлсгөлөнгөөр үхэх болчхоод байна. Идэх хоолгүй, олсон орлогогүй хүмүүст хулгай хийх сонголт тулгарч байгааг нуугаад яах вэ. Иймд хулгай хийж, бусдад хохирол учруулж байснаас гээд үхэх сонголт л тулгарах биз. Ядуурал, ажилгүйдлээс сэргийлэхийн тулд төр иргэдээ сонсож, өрх бүрд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Үүнийг иргэд ч шаардах учиртай юм. Бид гуйж авах гээд байгаа зүйл огт биш. Дэлхий дахинд ийм арга хэмжээ авч байна шүү дээ. Тиймээс өрх бүрд сая төгрөг өгөхийг шаардаж байна.

Баянзүрх дүүргийн иргэн И.Лувсан:

-Улс төрд сонгогдсон хүмүүс хулгай хийж, хэдэн үеэрээ баяжиж, цөлмөж байгаа. Дансан дахь мөнгө нь багтахгүй, гадны улс оронд хадгалуулж, оффшор үүсгэсэн гэж хаа сайгүй ярьж, хэлж байна шүү дээ. Бүр оффшорчид чинь төрөө самарчихлаа. Тийм байхад цөөхөн хэдхэн гэр бүлээс 1.000.000 төгрөг харамлаж суугаад ичиж байна. Иргэн бүхэнд биш өрх бүрд гэсэн шүү дээ. Өнөөдөр дэлхий дахинд тодорхойгүй асуудал үүсэж, бүгд л иргэнээ, аж ахуйн нэгжээ хамгаалж байгаа. Дэлхийн улс орнууд халдварын эсрэг халамж тараах зэргээр арга хэмжээ авч байна. Манай улсын бүх хүн цалингаа цагтаа авч байдаг төрийн алба хаагч биш. Хувиараа бизнес эрхэлж, цөөн хэдэн хүн цалинжуулдаг газрууд дампуурч, хаалгаа барьж байна шүү дээ. Иргэд нь идэх хоолгүй өлсөж, цангаж байна. Тиймээс луйварчид, авлигачдынхаа хөрөнгийг хурааж, энх цагт иртэл иргэд, аж ахуйн нэгжээ тодорхой хэмжээнд санхүүгээр дэмжээсэй гэж УИХ-ын 76 гишүүнээс хүсэж байна.

Баянзүрх дүүргийн иргэн Ө.Наран:

-МАН-д ард түмэн итгэж, өнгөрсөн сонгуулиар саналаа өгсөн. Гэтэл иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих ганцхан сая төгрөгийг харамлаж суугаад нь эгдүүцэж байгаа. Өөрсдөө аж ахуйн нэгж, иргэнд хүргэх ёстой төрийн тусгай сангийн мөнгийг танил тал, ах дүүгээрээ хүртчихсэн шүү дээ. Санхүү, хөрөнгөний эргэлтгүй олон аж ахуйн нэгж,  хаалгаа барилаа. Олон зуун хүн ажилгүй боллоо. Хөдөлмөрийн зах зээл улам хумигдаж байна. Цар тахлын дараа биднийг ямаршуу амьдрал угтах нь тодорхой боллоо. Ядаж ийм нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд сая төгрөг, хүнсний ваучер авмаар байна, Ерөнхийлөгч өө. Бүү шантраарай. Улс төрийн дарамт, шахалт ирэх л байх. Тэгсэн ч ард түмнийхээ талд байгаарай гэж Төрийн тэргүүнд хэлье.

Баянзүрх дүүргийн иргэн Х.Жаргалгэрэл:

-Манай гэрийн бүлийн бүтэн хоёр сарын хэрэглээ шүү. Аль болох хэмнэж, зохистой хэрэглэж, өрхийнхөө эдийн засгийг зохицуулна. Манай гэр бүлд хэрэгтэй байна. Хүүхдүүдээ өлсөж, цангаж суухыг хармаагүй байна. Над шиг ээж олон бий. Орлогогүй болж, дан ганц хүүхдийнхээ мөнгөөр амьдарч чадахгүй шүү дээ. Хэдийгээр төрөөс тог, хогны мөнгө тэглэсэн ч орлогогүй болохоор байгаа хэд нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Олон өрхөд дэмжлэг болж, ядуурлаас аврах байх аа.

Сүхбаатар дүүргийн иргэн У.Батсайхан:

-Цар тахлын үед амьдралд үнэхээр туйлдлаа. Манай гэр бүл хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Аргагүй байдлаас болж ажлаа зогсоосон. Орлого ч байхгүй. Эсрэгээрээ өр л улам нэмэгдэж байна даа. Эрүүл саруул байвал мөнгө төгрөг нь болох байх гэж гурван сар гаруйн хугацаанд ямар нэгэн гомдол, цөхрөл байхгүй гэртээ суулаа. Гэвч болсонгүй, бүтсэнгүй. Харин ч нөхцөл байдал улам доройтож байна шүү дээ. Иймд Ерөнхийлөгчийн өрх бүрд сая төгрөг олгох саналыг дэмжихээс аргагүйд хүрлээ. Төсөв санхүү хэцүү байгаа ч оффшорчидтой яагаад тэмцэхгүй байна вэ. Яагаад эрх баригчид зугтаад байна дээ. Хүн бүр төрөөс мөнгө гуйхгүйг хичээж байгаа ч аргагүй байдалд хүрээд байгааг ойлгох байх. Үндэсний үйлдвэр, өрхийн амьжиргааг дэмжсэн энэхүү саналыг улс төр хийхгүй батлаасай.

Хан-Уул дүүргийн иргэн Х.Сүхболд:

-Эрх мэдэл, албан тушаалтай бүх хүнд боломж байдаг. Тэд төрийн сангаас зээл авчихдаг. Зарим нь банкнаас бага хүүтэй, их мөнгийг авч байна шүү дээ. Харин жирийн иргэн бидэнд тийм гоё, сайхан боломж алга. Банкны шалгуур өндөр учраас давж чадахгүйд хүрч байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд хязгаарлагдмал боллоо. Жирийн үед ийм л байсан. Цар тахлын үед ч улам хүндэрч, хэцүүдлээ. Тэгэхээр боломжийн амьдралтай, дарга нараасаа хасаад үнэхээр дэмжлэг хэрэгтэй өрхүүдэд тэр мөнгийг нь олгоосой. Энэ саналыг дэмжээсэй. Хэрвээ дэмжихгүй бол иргэд ч байр сууриа илэрхийлэх биз.  

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Туяа:

-Сая төгрөгийн дэмжлэг хэрэггүй гэж хэлэх гэр бүл Монголд цөөхөн байгаа шүү. Баян тансаг амьдардаг хэсэг нь л эсэргүүцэж, зөрүүдэлж магадгүй юм. Манайд ч гэсэн тэр мөнгө маш их дэмжлэг болно. Миний хувьд дэмжиж байгаа. Аль болох зөвөөр нь шийдэж олгоосой. Бид идэх хоолгүйдээ авах гээд байгаа юм биш. Дэлхий нийтэд тархсан цар тахал нь өөрөө эдийн засаг, өрхийн орлогын хумигдуулж байна шүү дээ. Одоо байгаагаас илүү дордохгүйн тулд ямар нэг байдлаар иргэнээ дэмжсэн арга хэмжээ авах нь зөв. Авахгүй нэг нь үнэнээ хэлээд л явчих байх аа.

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Оюунтуяа:

-Хэцүү цагт өгөх нь зөв. Өрх бүрд ганцхан ажилтай хүн ч байна. Бусад нь цар тахлаас үүдэж хөл хоригдсон, бизнес нь царцсан байдалтай. Хэдийгээр төрөөс тог, ус, түлшийг хөнгөлж байгаа ч өмнөх шиг айл өрхийн орлого амьдралд хангалттай хүрэлцэхгүй байна шүү дээ. Тиймээс дэмжлэг болгож сая төгрөгийн ваучер өгөх нь зүйтэй. Ямар энх цагт төрөөсөө дэмжлэг хүсэж, хэдэн сарынхаа хүнсний хэрэглээг даалгах гэж байгаа биш дээ. Үнэхээр аргагүй нөхцөл байдалтай байгааг ойлгох биз. Өвчний тархалт буурах болоогүй байна. Цаашдаа хаа хүрч, хэд болохыг таах ч аргагүй.

Чингэлтэй дүүргийн иргэн Л.Энхтуул:

-Иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож байгаа бол багахан хэмжээний дэмжлэг үзүүлэх нь зүйтэй юм. Хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэд ороод, орлого хаанаа ч хүрэлцэхгүй болсон. Иргэн бүрд биш өрх бүрд сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, цар тахлаас хүндрэл багатай гарах нь төрийн бодлого юм. Энд улстөржих шалтгаан огт байж болохгүй. Эсэргүүцэх хүн ч байхгүй шүү дээ. Олон нийт, ард түмэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа.

Сүхбаатар дүүргийн иргэн Х.Пүрэвдагва:

-Өрх бүрд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь энэ цаг үед хамгийн чухал. Цар тахалтай тэмцэж байгаа учир айл өрхийн орлого буурсан. Хэрэглээ нь улам нэмэгдсэн. Хэмнээд ч олигтой өөрчлөлт гарахгүй байгаа. Тэгэхээр төрөөс нэг их олон зүйл ярьж, тайлбар хэлэлгүй өрх бүрд дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэх байна. Магадгүй цар тахлыг аятайхан туулж гарвал улс орны эдийн засаг дээрдэх л байх. Ядаж ийм цаг үе иртэл өрхийн эдийн засгийг дэмжээрэй хэмээн УИХ-ын гишүүдийг, өөрийн сонгосон улстөрчдийгөө уриалж байна.