ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Мөнхсайханд төрийн шийдвэр тоглоом шиг санагддаг бололтой

O.Admin
2021-01-23

Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан улиран ажиллахаар болжээ гэх мэдээлэл цахим орчинд түгэв. Ерөнхий сайдаас урьтаж, мань хүн хэдийнэ албан тушаалтайгаа үлдэх шийдвэр гарсан мэт иргэдийн тархийг угаана. Түр хороо байгуулж, эмч, эмнэлгийн ажилчдын жагсаалаар бамбай хийн, сандал суудалтайгаа зууралдаж байгаа Т.Мөнхсайханд төрийн шийдвэр тоглоом шиг санагддаг бололтой юм.

Цахим орчинд чамгүй олон дагагчтай болж, өөрийгөө од гэх нөхдөөр сэтгэгдэл бичүүлж, сэтгүүлчдийг хөдөлгөх амархан гэж бодсон бололтой. Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байна гэх мэдэгдэлтэй нь зэрэгцэн “Битгий буулгаач” гэх гуйлгын үг тойрон хүрээлэгчдээс нь цахим орчинд өрнөсөн. Үүндээ хэд хэдэн хэвлэлийн байгууллагыг ашигласан нь ч үнэн. Тэрбээр арьсаа хамгаалж, албан тушаалтайгаа үлдэх ажиллагаанд олон сая төгрөгийг зарцуулсан гэх яриа ч сошиал орчинд гарсан. Цар тахлын эрсдэлтэй энэ үед эмч, эмнэлгийн ажилчдыг жагсаалд турхирч, зарим нэгийг нь өөрийнх нь төлөө эерэг сэтгэгдэл бичсэнгүй хэмээн бухимдсан гэх.

Гэвч салбарын сайдаар ажиллах хугацаандаа халдвар хамгааллын дэглэм алдсан, эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан, эх, хүүг гэрийн халад, тавчигтай зөөвөрлөсөн хариуцлагаас Т.Мөнхсайхан мултрах аргагүй. Тэр бусдын хэлдгээр сайн эмч байж болох ч салбар толгойлох хэмжээний менежер биш гэдгийг өнгөрсөн хугацаанд нийтээрээ харлаа. Эцэст нь дүнгээ ч тавилаа. Уг нь эрийн хуйх зааж, ирээдүйн зам мөрөө бодож эрх мэдэлтэй зууралдаж, эмч, эмнэлгийн ажилчдыг самрахгүй байх нь Т.Мөнхсайханд түүний ард үлдэх Монголын ард түмэнд ээлтэй сэн.