ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх суудлаасаа огцроход Х.Баттулга зөвхөн шалтаг байв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-22

“ЮУ БОЛЧХОВ”....Энэ асуултад хариулт олоогүй хүмүүс олон бий. 22-ын товчооны цаана хүний амь эрсдэхэд, хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байсаар охин үрээ алдчихсан ээж төрдөө гомдож уйлахад, хүний нутагт буй монголчууд эх орондоо буцахыг хүлээсээр амиа алдахад гарч ирээгүй, уучлал гуйж бөхийгөөгүй Ерөнхий сайд хүүхэд, ээж хоёрыг машин руу зөөхдөө дунд шатанд гаргасан “жижигхэн” алдааны төлөө танхимаа тэр чигээр нь огцруулна гэдэг нэг л үнэмшилгүй байв. Тийм ч учраас олон хүн "юу болчхов" хэмээх асуултад хариулт эрж байна. Ажлаа чин сэтгэлээсээ хийж чадаагүй хэдэн даргадаа хариуцлага тооцоод л асуудалд холбогдсон хоёр сайдыгаа огцруулаад цаашаа явчих байсан жижгийн жижиг улс төрийг тэр нэгхэн өдрийн дотор томоос том улс төр болгож, хоолой зангиран мэдэгдэл хийгээд гарч одсон нь хамгийн хачин жигтэй үйлдэл байлаа.

“Навчис модноос унахад намар зөвхөн шалтаг” гэдэгчлэн Ерөнхий сайдын танхим огцрох, У.Хүрэлсүх суудлаасаа буухад нярай үр, нялх биетэй ээжийг өмгөөлсөн жагсаал, түүнийг зохион байгуулсан хэмээн хардуулж буй Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн шалтаг л байв. Хэзээ мөдгүй тэсрэх байсан бөмбөгний цагийг УОК-т хариуцлага тооцно гэсэн жагсаал хурдасгачихаж.

Тэгээд ч нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн хариу өөрчлөгдөхгүй гэгчээр У.Хүрэлсүх суудлаасаа буусан ч арай залуухан “У.Хүрэлсүх” Ерөнхий сайдын суудалд очив. Улс төрд хөтлөн оруулж ирсэн нутгийн дүүгээ, гал тогоогоо базуулж байсан итгэлт нэгэнд танхимаа өгөөд, сайд нарынхаа 50-иас илүүг нь улираачхаад сул гишүүн болжээ, тэр. Хамгийн гайхмаар нь дөрвөн жилийн турш сайн муу, сайхан муухай аль ч цагт нэг завинд сууж байсан Ерөнхийлөгч Х.Баттулгыг завинаасаа түлхэн унагаж, “Энэ муу намайг огцруулна гэж жагссан. Энэнтэй би ясаа цайтал үзнэ” хэмээн хэнэггүйхэн “залах” шалтгаан юу байсан нь сонин. У.Хүрэлсүх улс төрийн дотны андаа түгжилдэв үү, эсвэл өөр нэгэнд түгжилдүүлчихэв үү.

Шударга ёсны төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хэмээн мэдэгдэж байсан атлаа шударга бус зүйл хийсэн гэж бодож буй Х.Баттулга найздаа “бууж өгөх” сонголтыг тэр хийчихлээ. Ийм жижигхэн улстөрч, тийм аймхай хүн лав У.Хүрэлсүх биш юмсан. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэнчлэн энэ бол Ерөнхийлөгч болох гэсэн хувь хүний амбийц лав биш. Нөхөрлөлөө дуусгах гомдол ч бас биш. Тэр тусмаа ээж, үр хоёрын төлөө хийсэн хариуцлага, ёсзүйтэй үйлдэл огтхон ч биш билээ. Илүү том эрх ашиг, хэзээ мөдгүй тэсрэх гэж байсан МАН-ын хагарал, бүлэглэлд “бөлдөгдүүлсэн” улстөрчийн эцсийн улс төр, айдас байжээ гэвэл үнэнд илүү ойрхон очно. Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхэд бүх талаар “бууж өгсөн”. Тэр хэмжээлшгүй эрх мэдэлтэй Ерөнхий сайдыг бий болгоход тусалсан. Шүүх, АТГ зэрэг олон ч эрх мэдлээ Ерөнхий сайд, дотны анд У.Хүрэлсүхдээ шилжүүлсэн. Гэтэл хийгээгүй жагсаалынх нь төлөө гүтгэж, чамтай “алалцана” хэмээн чуулганы индрээс шазуур зуух шалтгаан нь ээж, үр хоёрын төлөөх жагсаалыг санхүүжүүлсэн гэх хий дэмий хардлагаас илүү байсныг ард түмэн хоёр хоногт өрнөсөн тавилттай жүжгээс ялгаж харсан байх аа. Тийм ч учраас Х.Баттулгаар шалтаг хийсэн төрийн эргэлтийн цаана ямар улс төр явсныг дүгнэх гээд үзье.

Оффшор, Оюутолгой хоёр Ерөнхий сайдын хүзүүнд олс углав уу

“Монгол Улсын Засгийн газар хэзээ огцрох вэ” гэдэг зөвхөн цаг хугацааны асуудал байсан. Гишүүдийн санал тэрбумаар үнэлэгдэж буй тухай яриа саарал ордонд гарч эхэлснээс хойш л Ерөнхий сайд сандарч байсан нь үнэн. Нам дамжсан бүлэглэл, тэр дундаа М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Эрдэнэ гээд У.Хүрэлсүхийг Х.Баттулгатай хамт улс төрөөс зайлуулах асар их амбийцтай хүмүүс ч тэднийг анаж, алдаа хаана гаргахыг, ан цав яаж үүсгэж болохыг хүлээж, анхааралтай ажиглаж байв. Тиймдээ ч хазгай гишгэх, хальтрахгүй урагшлах сонголт дор Ерөнхий сайд ажилласан нь худлаа биш. Гэвч эцсийн бүлэгт Оюутолгой, оффшорын мөнгөний асуудал босож ирсэн даруйд маш хурдан суудлаасаа буучихлаа. Өөрийнх нь хэлсэнчлэн тулааны талбарт нөхрөө орхиж буйтай агаар нэг үйлдэл болов. “Би чамтай хамт бүлэглэлтэй тулалдаж чадахгүй. Наад мөнгөө өөрөө олж ир. Оюутолгойн Монголд ашиггүй гэрээг цуцлах хүсэл надад алга” хэмээгээд хамт шударга ёсыг сахиулъя гэж хичээсэн найзыгаа орхиж одсон хэрэг.

Ерөнхийлөгч оффшороос мөнгө оруулж ирнэ, Оюутолгойн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэнэ гэдгийг ч ил тод хэлчихсэн. Гэвч оффшор хөндөгдвөл МАН-ын олон улстөрч чирэгдэнэ. Оюутолгойн гэрээ зогсвол бүлэглэлийн эрх ашиг бас хөндөгдөнө. Тиймээс У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг салгах гэсэн бүлэглэл жагсаалыг Ерөнхийлөгч санхүүжүүлсэн мэт харагдах сценари зохион байгуулж, У.Хүрэлсүхэд харин “үүнийг чи ард түмэнд хэл” хэмээн тулгасан гэж олон хүн харж буй.

“Бид чамаар оролдохгүй. Чи Ерөнхийлөгч болоод яв. Бид тултал дэмжинэ. Харин чи явахдаа Х.Баттулгыг унагах, олон нийтэд муухай харагдуулах улс төр хий. Та хоёр нөхөрлөсөөр байвал чамайг зүгээр орхихгүй” гэх шантааж, сүрдүүлэг л андын нөхөрлөлөө дуусгаж, Х.Баттулгыг буланд шахах улс төр хийх сонголт руу түлхчихэв бололтой. Чуулганы танхимд орж ирэхдээ “Эхнэрийн бие өвдсөн учраас өмнө нь би УИХ-ын гишүүнээс татгалзсан юм шүү. Би зугтаагүй шүү” хэмээн байн, байн мэдэгдэж, гүйцэтгэх ажиллагааны талаар цухасхан дурдсан нь түүнийг шантаажлах том баримт бүлэглэлийн гарт орсныг илтгэх мессеж байсныг улс төр гадарладаг олон хүн ярилцаж байх ажээ. Харин шинэ танхимын тэргүүнээр Л.Оюун-Эрдэнийг тавьж буй нь “Оюутолгойгоор ахиж оролдохгүй шүү, энэ талаар дахиж дуугарахгүй шүү. Эхлүүлсэн бантангаа өөрөө эвтэйхэн дар” гэсэн тохироо болчихов. Мөн Ерөнхийлөгч жагсаалыг зохион байгуулсан гэх мессежийг нийгэмд хаясны дараа итгэл үзүүлэх эсэх асуудлыг Их хуралд оруулж ирэх шиг амар зүйл алга болчихлоо. УИХ-ын гишүүн ХҮН-ын дарга Т.Доржханд чуулганы танхимд хэлсэн үгэндээ “Танд баримт байвал надад өгчих. Би импичмент /итгэл үзүүлэх эсэх/ асуудлыг оруулж ирнэ” гэчихлээ. Эрх баригч намын ойр зуурын ажилд “зарагдах” болсон ХҮН-ынханд үүн шиг амархан зүйл үгүй. Мөн Хуульзүйн сайд нь ч импичментийн талаар дэмий нэг дуугараагүй биз. Угтаа, жагсаалыг Х.Баттулгын болгож харагдуулах бүх жүжгээ дэглэчихсэн учраас л Их хурлаар итгэл үзүүлэх асуудлыг ярьж, түүнийг улс төрөөс явуулах жүжиг амжилттай тоглогджээ. Өдөр тутмын сонингууд нэгэн зэрэг “”Eagle” телевизийг Х.Баттулга ээж, хүү хоёр руу явуулжээ. Энэ бол түүний дэглэсэн жүжиг байжээ” гэсэн утгатай нийтлэлийг эрэн сурвалжлах нэгдэл гэх “гоё” нэрийн дор нэгэн зэрэг цацаж байгаа нь хэний мөнгөөр хийгдсэн, хэчнээн том эрх ашиг хөндсөн ажил болохыг ч төвөггүйхэн танд ойлгуулсан болов уу.

Учиг эхнээсээ тайлагдаж эхэллээ

Биеийн хэлэмжээрээ гомдол, тунирхал, айдсаа илэрхийлсэн ч шударга ёсны тухай ярьсаар гарч одсон У.Хүрэлсүх огцрохоосоо хэдхэн өдрийн өмнө Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэхээ буцаан татсан гэх мэдээлэл сошиал орчинд явж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бүх нэхэмжлэхээсээ татгалзсан учраас хэргийг хэлэлцэх шаардлагагүй болов. Санаснаа ингэж биелүүлдэг юмсанж. Ерөнхийлөгчийн чуулганы индрээс хэлсэн үг ч худлаа биш байсныг энэхүү баримт нотлох биз ээ.

Монгол Улсын Засгийн газар оффшороос мөнгө оруулж ирэх хүсэлгүй, Оюутолгойн ашиггүй гэрээг цуцлах хүсэлгүй гэдгээ энэхүү үйлдлээрээ бүрэн дүүрэн нотлов. Ээж, хүүгийн төлөөх залуусын улс төр Монголын эсрэг чиглэчихжээ. Харамсалтай байна.

Тулааны талбарт нөхрөө орхиод зугтаж, Ерөнхийлөгчийг ганцаардуулж буланд шахах улс төр нь оффшор, Оюутолгойтой гүн сэжмээр холбогдсон гэх Н.Алтанхуягийн үг үнэн болж байна. Монголын төлөө биш Монгол Улсын эсрэг хийсэн улс төрийн нүүдэл дэндүү том үнэ цэнээр бидэнд ирэх нь ээ. Шинэ цагийн залуусын тэмцлийг овжноор ашиглаж, дайснаа зайлуулах эрх ашгийнхаа төлөө санаанд ч буухааргүй улс төр хийж чадсан бүлэглэл санаснаа гүйцээв. Цар тахалтай цаг үед унасан эдийн засагтай улс орныг хаяад зугтсан Ерөнхий сайд маань ч тэднээс сүнсээ зайлтал айжээ. Албан тушаалаа өгчихөөд, андыгаа “хутгалаад” зугтах том айдас байсныг бид харлаа, үзлээ. Өчигдөр Монголын улс төрд шинэ салхи сэвэлзээгүй юм. Харин ч бугширсан идээ бээр нь шударга ёсны төлөө хэмээн дөрөө нийлэн давхиж явсан нэг залууг нөгөөхөөс нь салгаад “залгиж” орхив. Бүлэглэл санаснаа гүйцээхэд жагсаал зөвхөн шалтаг болов. Ерөнхий сайдыг суудлаас нь огцруулахад Х.Баттулга гэх нэр зөвхөн шалтаг л байжээ.