ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар:Оффшор бүсээс ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-09

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өчигдөр өргөн барьсан билээ.  Тэрбээр “Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг есөн сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол хуульгүй, дүрэмгүй улс уу. диктатор гараад ирчихсэн юм уу” гэх тайлбарыг цахим хуудсандаа нийтэлжээ.