ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Шүүгчид хонгилын эзэнд захирагддаг

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-07

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Л.Энх-Амгалан: Шүүгчид хонгилын эзэнд захирагддаг. Мөн өөрийнхөө томилсон эзэнд үйлчилж, шийдвэрийг тэдэнд зориулж гаргадаг гэдэг хөндлөнгийн судалгаа байна. Түүнээс үзвэл шүүх шууд хараат байдалд шилжсэн гэдгийг нотолж байна. Бидний хэлэлцэж байгаа хууль бол Монголд байгаа 500 гаруй шүүгчийн асуудал бус нийгэмд шударга ёсыг тогтооход чиглэх юм. Хүн бүр хуулийн өмнө тэгш байх эрхийг хангаж чадах уу

С.Бямбацогт: Энх-Амгалан гишүүний асуулт нийт монголчуудын эрхийг хөндөж байна. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнгөрөгч онд хийсэн. Шударга ёсыг монголчуудын хүсэн хүлээсэн асуудал шүү дээ. Энэ хүрээнд Засгийн газраас Шүүхийн тухай хуулийг шинэчлэхээр оруулж ирсэн. Тиймээс нийт монголчуудын эрхийг хангахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчилж байна. Шүүхийг хэн нэгнээс хараат байлгах зорилгоор өөрчилж байгаа шүү дээ.

М.Оюунчимэг: УИХ-ын чуулганы танхимаас шүүхийг хэрхэн өөрчлөх вэ гэдгийг ард түмэн харж байна. Монголчуудын шударга ёсны хүсэмжлэл дан ганц өнөөдрийнх байгаагүй. Өмнө нь ч энэ байр сууриа илэрхийлж, хэдэн мянгаараа талбай дээр жагсаж байна. Тиймээс шударга шүүдэг тогтолцоог бий болгохын тулд хуульд өөрчлөлт оруулж байна. Тиймээс шүүхийн хараат бус байдал, бүх хүнд тэгш үйлчлэх нөхцөлийг хууль нь хангаж байна уу.

С.Бямбацогт: Шүүгчдийг хянах зорилгоор сахилгын хороо ажиллах юм. Шүүгчдийг хараат бусаар ажиллуулах, шударга шийдвэрийг гаргах гээд бүхий л нөхцөлийг хангаж өгсөн.

Б.Энхбаяр: шүүгчид хараат бус ажиллах нөхцөлийг өмнө нь хуулиудаар хангаж өгч байсан. Гэхдээ дагалдах хуулиудад шүүгчдийг томилсон хүндээ нөлөөлөх байдлыг тусгаж өгсөн нь алдаа юм. Үүнийг ердийн хуулиудаар засах ёстой юм. Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах асуудлыг дагалдах хуулиар шийднэ.

Г.Дамдинням: Шүүхийн тухай хууль нэлээд чангааж байж орж ирж байна. Шударга бусын хонгилыг нураах, шүүгчдийн хараат бус байдлыг хангасан ямар өөрчлөлт хуульд орсон бэ.

С.Бямбацогт: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн суурь зарчим бол эрх мэдлийг хуваахад чиглэсэн. Энэ хүрээнд тодорхой эрх үүргийг өгсөн байгаа. Шүүх, шүүгчдэд нөлөөлөхгүй байх заалтыг тусгаж өгсөн. Хэн нэгэн албан тушаалтан шүүгчид нөлөөлөх байдлыг хязгаарласан.