ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Сүхбаатар: Би цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-07

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Дараа нь Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

Т.Аюурсайхан: Хөөн хэлэлцэх хугацааг хуульд оруулснаар завхрал үүсгэж, олон хүнд ял завших боломж олгосон. Үүнийг засахын тулд дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ.  Энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлт гарч байна.  Үүнийг хэн хариуцах вэ. Бид өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байж болно. Тэгвэл цэц  хуралдаад  шийдвэрийг баталгаажуулах нь  яах вэ. Парламентыг  эвгүй байдалд оруулж байна гэж харж байгаа.

Ж.Сүхбаатар: Би цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй. Гэхдээ өмнөх алдаанаас болж ял завших боломж гарсан шүү дээ. Тэрийг нь 2020 онд засах алхамыг Г.Занданшатар дарга хийсэн байдаг юм. Гэмт хэрэг хийсэн бол хариуцлага хүлээх ёстой.

Б.Пүрэвдорж: Та нар наагуураа энэ нэг балагтай юмыг зохицуулаад өгөөч гэж захиалсны дагуу цэц ийм шийдвэр гаргаж байна шүү дээ. 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Мөн 1500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 400 гаруй гэмт хэрэг, түүнд холбогдох 700 гаруй гэмт хэрэгтэн цэцийн дүгнэлтийг хүлээж байна. Энэ гэмт хэргүүдийн улмаас 3.8 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний хохирол төрд болон иргэдэд учирсан байна шүү дээ. 2016 оноос төрд ажиллаж байгаа авилгачдыг ялаас чөлөөлөхийн тулд ийм зүйл хийсэн.