ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ялын тогтоолтой УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-06

УИХ-ын гишүүн  Ж.Эрдэнэбатад  холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх энэ сарын 8-ны өдөр хуралдахаар товложээ.

 Хэргийг сануулахад, УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр  МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг АТГ-аас баривчилж, хорьсон билээ. Тэгсэн ч сэлэнгэчүүд түүнийг УИХ-ын гишүүнээр сонгож, итгэл үзүүлсэн  байдаг. Халдашгүй бүрэн эрхтэй хэрнээ ял эдэлж байгаа цорын ганц УИХ-ын гишүүн бол Ж.Эрдэнэбат. Түүнийг шүүхээс  улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон байдаг. Тиймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  өнгөрөгч оны долдугаар сард нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулсан  билээ. Дараа нь давж заалдах шатны шүүхээс ялыг  хэвээр үлдээж байв. Тухайлбал, шүүхээс Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авсан гэх үндэслэлээр ялласан юм. Мөн  “Азаргын гол чонот” ХХК”-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон асуудлаар буруутгасан байдаг. Түүнчлэн  “Элбэг орд” ХХК-д холбогдох асуудлын тухайд өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал буй болгосон бөгөөд тухайн талбай нь УИХ-ын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад  тус компанид олгосон гэж буруутгагджээ. Харин “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.Отгонбаатартай урьдчилан тохиролцож,  тус компанид тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан гэж тайлбарласан байна. Тиймээс шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайг нотолсон  54 баримтыг шийдвэртээ нэрлэн заажээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: 2020 оны зургадугаар сард цахим  орчинд мэдээлэл гарсантай холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар, Булган аймгийн Тэшиг сумдын нутаг дээр улсын тусгай хамгаалалтай газарт лиценз эзэмшиж байсан компаниудыг зөвшөөрлийг цуцалж, өөр компанид нөхөн олговор байдлаар олгосон. Энэ тогтоолтой холбоотойгоор тодорхой хэмжээнд хамрагдсан нэгжээс өөрийнхөө эзэмшил бүхий компани дээр лиценз шилжүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ хүрээнд хуулийн байгууллага шалгаж байгаа. Би ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй, хэрэв буруутай үйлдэл хийсэн бол бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. “Хэрх элч” ХХК нь миний тодорхой хувь эзэмшдэг, миний дүүгийн компани” гэсэн тайлбарыг өгч байжээ.