ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Туваан: Японоос авах хөнгөлөлттэй зээлийг иргэдэд тараавал 800 мянга гаруй төгрөг оногдоно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-03

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад  байна.  Хуралдаанаар Япон улсаас авах хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ц.Цэрэнпунцаг нар Японоос авах 233 сая ам.долларын зээлээс тодорхой хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгөх санал гаргав.

УИХ-ын гишүүн Ц.Туваан энэ талаар хэлэхдээ, "Япон улсаас авах 233 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл гэдэг нь ойролцоогоор 700 тэрбум төгрөг болно. Үүнийг иргэдэд тараавал ойролцоогоор 800 мянга гаруй төгрөг оногдож байна. Энэ нь иргэдийн орлогыг дэмжихээс гадна үндэсний үйлдвэрлэлийг давхар дэмжих юм. Эсвэл  эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбарт зарцуулмаар байна. Төсвийн алдагдлыг нөхөж зээлийг үрэн таран хиймээргүй байна. Ерөнхий сайд мөнгө байвал хамаагүй иргэдээ тараана гэж хэлсэн. Хэлсэн амандаа хүрэх хэрэгтэй" гэв.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зээлийн талаар гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, "Энэхүү яаралтай тусламжийн зээлийг Засгийн газраа цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулна Зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа  шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байна" гэлээ.