ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Ганбатын зөв, Г.Дамдинням, Ц.Даваасүрэн нарын буруу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-19

УИХ-ын чуулган онлайнаар хуралдаж эхэлснээс хойш олон нийт ч уйдах завгүй болов. Булганаас нэр дэвшин сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн дотуур хувцастайгаа хуралдаанд суусан атлаа албаны хувцастай эхнэртэй хоол хийсэн дуулиан өнгөрөгч долоо хоногт цацагдаж байсан бол энэ долоо хоногт Г.Дамдинням, Д.Ганбат, Ц.Даваасүрэн нар олны анхаарлын төвд байлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат аюулт цар тахлаас урьдчилан сэргийлж, хамгаалж чадаагүй учраас ард түмнээсээ уучлалт гуйя хэмээн босож зогсоод уучлалт хүслээ. Хүн бүхэн энэ үйлдлийг хоёр талаас нь хүлээж авав. Нэг хэсэг нь поп улстөрчийн үйлдэл хэмээн хүлээж авсан бол нөгөө хэсэг нь зөв соёл хэмээн сайшаан дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын гаргасан энэ үйлдэл уг нь дэлхийн бүх л улс орны сайд дарга нарт байдаг улс төрийн соёл. Уг нь сөрөг хүчин биш эрх баригчдаас ийм үйлдэл гарсан бол үүнийг олон нийт алгаа ташин хүлээж авах байсан биз. Гэхдээ эрх баригчдаас ийм үйлдэл гараагүй учраас сөрөг хүчний гишүүн дохио мессеж өгсөн нь тийм ч буруутгаад байх зүйл биш билээ. Төмөр зам дагуу аравдугаар сард алдчихсан, төрийн буруу шийдвэрээс болж дээр, дооргүй бухимдаж байгаа цаг үед хариуцлага алдсан албан тушаалтан уучлалт гуйх нь тийм ч поп сэдэв биш билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням ард түмний төлөө ажиллаж байгаа намайг цагдаа таньсангүй хэмээн гомдоллов. Албан үүргээ гүйцэтгэж, дээрээс өгсөн тушаалыг биелүүлж байгаа цагдаа бүхэн Г.Дамдиннямыг таних албагүй. УИХ-ын гишүүн гэхээрээ хөл хориог зөрчиж давхих ч шаардлагагүй. Тиймээс өнөөдрийн бодит байдлаас харвал Г.Дамдинням гэх залуу улстөрчийн үг үйлдэл Д.Ганбатынхаас ч илүү поп байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Би Төрийн ордонд хуралдаанд орох байсан. Биднийг оруулахгүй мөртлөө өөрсдөө орж суулаа” хэмээн бухимджээ. Бид цар тахалтай тэмцэж байгаа. Дэлхий нийтийг айдаст автуулсан өвчинтэй тэмцэж байна. Тиймээс төрийн гаргасан тушаал шийдвэр Ц.Даваасүрэн гэж хэн бэ гэдгээс үл хамааран хэрэгжих учиртай юм.

Тиймдээ ч УИХ-ын даргын гаргасан шийдвэрийг хүндэтгэх нь улстөрчийн наад захын хийх ёстой ажил учраас намайг ордонд оруулсангүй гэх поп үг, үйлдэл нь буруу байлаа. Эрх барьж байгаа намынх нь гишүүд эрх жаал шиг туниж, гомдоллож, гаргасан шийдвэрээ буруу зөв хэмээн шүүцгээж байна. Гэтэл сөрөг хүчний улстөрчид нь харин зохион байгуулалтгүй шийдвэр, хариуцлага алдсан үйлдлийнх нь төлөө уучлалт гуйж буй нь шоглож, даапаалах зүйл огт биш билээ.