ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тахлын хөлд сүйдсэн боловсролын салбар хөөрхий

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-08-25

Дэлхий нийтэд тархсан цар тахал буюу  “COVID-19”-тэй  зэрэгцэж,   Монгол Улсад боловсролын салбар бүрэн утгаараа уналтад орлоо. Өөрөөр хэлбэл, ирээгүй аюулаас өрсөж, боловсролын салбар нь элгээрээ мөлхөв бололтой. Гэтэл унасан салбараа аврах  сэтгэл зүтгэл шинэхэн сайд Л.Цэдэвсүрэн болон түүний багийнханд түй ч  алга.  Төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдсээр өнөөдрийг хүрлээ.

Уг нь эмэгтэйчүүд шийдвэр гаргахдаа уян хатан, мэдрэмжтэй, айл гэрийн эзэгтэй хүний ёсоор асуудалд ханддаг байхад түүний сайд болгоод гаргасан шийдвэр нь өөх ч биш булчирхай ч биш бантан хутгасан асуудлыг тарьж эхлэх нь  тэр. Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө долоохон хоног үлдсэн байхад “УОК-ын шийдвэрт тулгуурлаж, ажлын хэсэг байгуулан,боловсролын үйл ажиллагааг тэгш хүртээмжтэй явуулах талаар нэгдсэн бодлогыг гаргаж, эцэслэнэ” гэж  сар гаруйн өмнө мэдэгдсэн Л.Цэдэвсүрэн сайдын мэдэгдлээс өөр ойлголтгүй эцэг, эхчүүд төөрч будилсан хэвээр. Салбарын сайдын нэгдсэн бодлогыг хүлээсээр хүүхэд хөгшидгүй үймж байх ажээ.

Цэцэрлэг, сургууль хэрхэн ажиллах, хүүхдүүдийн хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, танхимын сургалтаа хэрхэн хүртээмжтэй явуулах уу зэрэг олон асуултад эцэг, эхчүүд хариулт хайсаар. Багш нар ч учраа олохгүй төөрч яваа. Зарим нь хэдхэн сар хичээллэж, алсын зайн сургалтад хамрагдах юм бол дүрэмт хувцас  авах уу, байх уу гэдэгт ч эргэлзэж сууна. Үүний зэрэгцээ хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангахаа ч мэдэхгүй байгаа.

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн  анги дүүргэлтийг 20-25, хоёр настай хүүхдүүдийн сурах эрхийг хассан нь эцэг, эхчүүдэд хүндрэл учруулж байгааг салбарын сайд нь мэддэггүй бололтой.

Гайхалтай тэр вирус Л.Цэдэвсүрэн сайдынхаар бол хоёр настайд тусдаг, дөрвөн настайд тусдаггүй, 20 хүүхдэд тусахгүй 40 хүүхдэд тусдаг бололтой. Мөн гурав, дөрөв, таван настнууд цэцэрлэгт хамрагдвал халдвар авахгүй. Мөн хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд өдөр бүр танхимын сургалт явуулах юм бол халдвар тусахгүй. Харин улсын сургууль, цэцэрлэг бүрэн утгаараа ажиллаад эхэлбэл халдвар авах магадлалтай зэрэг уялдаа холбоогүй, ямар ч судалгаа тооцоогүй, мэдээлэлгүй, мэдрэмжгүй шийдвэрээс нь эцэг, эхчүүд, хүүхдүүд л өнөөдөр хохирч үлдэж байна.  Нийгэмд эргэлзээ төрүүлсэн олон салаа утгатай түүхий шийдвэрийнхээ араас санаа тавьдаггүй, салбарынхаа бодлогод анхаардаггүй сайд та түмний хүүхдийн сурах эрхийг хангах талаар бүрэн дүүрэн анхаарлаа хандуулна уу.

Хоёр настнаа цэцэрлэгт өгөхгүй харахаас гадна хоёрхон цаг хичээллээд тарах хүүхдээ хэн авах, хэн нь ажлаа хийж ар гэрийнхээ амьдралыг шийдэхээ ч мэдэхгүй төөрч будилсан эцэг эхчүүд учраа ойлгодоггүй, улсын ажил хийх гэж тарамдаж байгаа энэ мэт будилуу шийдвэрийн золиос болсоор байх уу.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр бол аравдугаар сар гарахтай зэрэгцэн улирлын томуутай хавсран энэ өвчний дэгдэлт гарч магадгүй хэмээн анхааруулж буй. Тэр тохиолдолд дахиад л сургууль, цэцэрлэгт тодорхойгүй хугацаагаар хаана. Тиймээс дүрэмт хувцас шаардахгүй, мөн хувийн сургуулиад төлбөрөө улирлаар нь авах зэргээр зохицуулалт хийх маш олон асуудал шийдлээ хүлээсээр. Харин эрхэм хатагтай ажлаа мэдэхгүйгээс үү, эсвэл мэдэхийг ч хүсэхгүй байна уу эргэлзээ төрүүлсэн хэвээр орхичихоод байна. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр сул сайдтай болсон гэдгээ мэдчихсэн боловсролын салбарынхан юу дуртайгаа хийж, хувийн сургуулиад цахимаар хичээл орсон учраас өмнөх жилийнхээ төлбөрийг төл, үгүй бол хүүхдийг чинь авахгүй хэмээн эцэг эхчүүдийг дарамталж байна. Энэ мэт тахлын хөлд сүйдсэн боловсролын салбар уналтад орж, арайхийж өндийж байсан нэр хүнд нь эргээд сэргэхгүйгээр дампуурах нь ээ.