ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Энхжаргал:"ХҮН" төвтэй бодлогыг явуулж чадвал Монгол Улс хөгжинө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-15

Хөгжлийн эдийн засагч Д.Энхжаргалыг монголчууд Монголбанкны анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч гэдгээр андахгүй. Тэрбээр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал болон үе үеийн Сангийн сайд нар, Монголын шилдэг банкир нарын сурч төгссөн ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн сургуулийг улаан дипломтой дүүргэсэн нэгэн. Д.Энхжаргал Монголбанкны тооцооны төвөөс Лондон хот дахь Төв банкны суурин төлөөлөгчөөр ажиллах хүртлээ амьдралынхаа  30 гаруй жилийг зөвхөн банк санхүүгийн салбарт зориулжээ. Ингээд түүнтэй Монгол Улсын хөгжлийн бодлого юу байх вэ. Бид юунд илүүтэй анхаарах вэ зэрэг асуултад шийдэл хайсан “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж ярилцлаа.

 

Бидэнд Англи, Сингапур шиг хөгжих боломж нь бий

 

-Та Монгол Улсын хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ. Бидний алдаа болон оноо нь юу вэ. Хаанаас, юунаас эхлэх ёстой вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Монгол Улсыг хэн хөгжүүлэх вэ гэдэг хамгийн түрүүнд урган гарч ирнэ. Хэн бэ, бид өөрсдөө хөгжүүлнэ. Монголчуудын мөрөөдөл, тэмүүлэл, үнэ цэн юу байх вэ  гэдэг нь хамгийн чухал асуудал. Монгол хүн мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй, алсын хараатай байх ёстой. Үүнээс үүдэж, Монгол Улсын алсын хараа юу вэ гэдгийг ярих ёстой. Бид ОХУ, АНУ, Герман, Франц зэрэг улс шиг хөгжих юм уу. Аль эсвэл Азийн бар улс буюу БНСУ, БНХАУ, Япон, Тайвань шиг хөгжих юм уу гэх мэт олон асуултад хөгжлийн эдийн засагч хариу өгөх ёстой. Нэн тэргүүнд Монгол Улс өөрийн гэсэн хөгжлийн загвартай болох хэрэгтэй байна. Манай улсын хөгжлийн загвар хүнийхээ төлөө буюу иргэддээ хүрсэн, өрх бүрийн хаалгаар хөгжил нь орж чаддаг байх ёстой юм. Хүндээ болон байгальдаа ээлтэй хүртээмжтэй хөгжлийн загвар бидэнд хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд, "ХҮН" төвтэй хөгжлийн бодлогыг явуулж чадвал Монгол Улс хөгжинө.

-Манай улс хэр зэрэг хүн төвтэй нийгмийг бүтээсэн бэ. Бид үнэлэхдээ хангалтгүй буюу тааруухан үнэлгээг өгдөг шүү дээ. Харин мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хүн гэдэг капитал байсан цагт аливаа үйлдвэрлэл, аж ахуйн нэгж ашиг орлоготой байна. Ийм бодлого хэрэгжүүлсэн улс хөгждөг. Харин энэхүү үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 150 орноос эхний 50  дотор багтаж байна. Хүн өөрөө баялаг, маш том капитал. Бид капиталаа зөв хөгжүүлж чадвал улс орон хөгжинө. Харин бид хүнээ хэр зэрэг хөгжүүлж чадсан юм бэ гэдэг үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас 90-100 дугаарт байрт эрэмбэлэгдэж байгаа. Дэлхийн бусад орнуудтай өрсөлдөх эдийн засгийн чадавхаар мөн л 90 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчууд боловсролтой  сайн  гэж үнэлэгдэж байгаа гэсэн үг. Гэхдээ иргэд нь хэдийгээр боловсролтой, сургууль соёл төгсөж, дээд боловсрол эзэмшсэн ч хөгжлийн үзүүлэлтээр тааруухан үнэлгээтэй байна. Тухайлбал, чанарын үзүүлэлт хангалтгүй байна гэсэн үг. Цаашид чанартай боловсрол, мэдлэг, мэргэжил болон  аз жаргалтай амьдралын төлөө бид зүтгэх, тэмүүлэх ёстой. Монгол хүний амьдралын чанар сайн, аз жаргал нь амттай байх ёстой юм.

Харин бид эсрэгээрээ хэт их эд баялгийг шүтсэн амьдрал руу илүүтэй тэмүүлж байна. Монгол хүний үнэ цэн, өв соёл, олон мянган жилийн түүхтэй бахархлууд минь эсрэгээ бүдгэрч байна шүү дээ. Нөгөөтээгүүр, монгол хүний хөгжлийн үзүүлэлт дэлхийн бусадтай орнуудтай харьцуулахад, хойгуур үнэлэгдэж байна. Бид яагаад бусдаас хойгуур үнэлэгдэж байна вэ.  Бид бараг бүгд  Их, дээд сургууль төгссөн. Бүгд дипломтой, мэргэжилтэй. Хамгийн хачирхалтай нь дээд боловсролтой хэрнээ ажилгүй, орлогогүй байна. Энэ нь манай улсад боловсролын чанар хэр байна вэ гэдгийг шууд  хэлээд өгнө. Тэгэхээр нэн тэргүүнд боловсролын чанарыг сайжруулах ёстой. Үүнтэй холбоотойгоор нэгэн сонирхолтой жишээ татахад, АНУ-ыг бий болгосон томоохон бизнесмэний нэг   Вандербильт  өөрийнхөө бий болгосон баялгаар “Вандербильтийн их сургууль”-д хөрөнгө оруулалт  хийсэн.

Тэрээр хөрөнгөө үр хүүхэддээ өвлүүлээгүй. Оронд нь өөрийн нэрэмжит Их сургуулийг байгуулсан байдаг. Дэлхий нийтээрээ яагаад Вандербильт, Оксфорд, Кембридж зэрэг сургуульд сурахын тулд зүтгээд, тэмүүлээд байна вэ. Учир нь эдгээр сургуулийг төгссөн хүн хэзээ ч ажилгүй, орлогогүй болдоггүй. Тэгэхээр манай улсын Их,  дээд сургуулиудын чанар болон өрсөлдөх чадвар дутагдалтай, хангалтгүй  байна. Тиймээс эдгээр үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, олсон мөнгөө арвиждаггүй, өсдөггүй, хөгждөггүй зүйлд зарцуулах бус хүндээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэр дундаа хүний хөгжлийг бий болгодог их, дээд сургуулиудын чанарыг дээшлүүлэх нэн шаардлагатай. Дэлхийн топ сургуулиудтай өрсөлдөхүйц боловсролын системийг бий болгосон цагт  Монгол Улс хөгжинө. Энэ бол хөгжлийн нэгдүгээр гарц юм. Тухайлбал, уул уурхайгаас олсон баялгаа боловсролын салбар руугаа хөрөнгө оруулалт  оруулж байж, бид хөгжинө. Мөн монгол хүний дундаж наслалт бусад орнуудтай харьцуулахад доогуур байгаа шүү дээ. Энэ бол хөгжлийн бас нэгэн үзүүлэлт.

Өнөөдөр Монгол Улс баян орон уу. Нэг хүнд оногдох ДНБ 4000 ам.доллар буюу буурай, ядуу орнуудаас арай дээр түвшинд байна. Тэгэхээр монгол хүн илүү урт удаан аз жаргалтай амьдрахын тулд эрүүл байх ёстой. Иргэд маань аль ч шатны эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, өвчний оношийг эрт илрүүлэх ёстой. Зөвхөн  эрүүл  хүнд саруул ухаан оршино шүү дээ. Эрүүл хүн та Монгол Улсаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Дахин хэлэхэд, хүн гэдэг капитал хамгийн үнэ цэнтэй. Капиталаа хөгжүүлж, өнгөлж тордохын тулд хөрөнгө оруулалтыг харамгүй хийх ёстой юм.  

-Боловсрол болон эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, олон улсад хүлээн зөвшөөрөхүйц үйлчилгээг үзүүлэх хүртэл шат дараалсан санхүүгийн тусламж шаардлагатай. Бидэнд боломж бий юу?

-Тийм ээ. Харин мөнгийг хаанаас босгох вэ гэдэг урган гарч ирнэ. Бид Монголбанкнаас мөнгө үйлдвэрлээд, хэвлээд гаргаад байвал үндэсний  мөнгөн тэмдэгт үнэгүйднэ. Хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна вэ. Тэр хэмжээгээрээ мөнгөө гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, тэнцвэртэй байдлаар хийх ёстой. Ямар улс орнууд илүүтэй хөгжөөд байна вэ гэхээр эрүүл, боловсролтой хүн дээр зөвхөн инновацийг нэмнэ. Шинжлэх ухааны дэвшил, хиймэл оюун ухаан, техник технологио нэмээд үйлдвэрлэл, бизнесээ эрхлэх юм бол улс хөгжинө. Манай улс одоогоор зэс, нүүрс, ноолуур, мах, алт зэргийг экспортод гаргаж байна.

Орж ирсэн валютаар гадаадын өндөр технологийг худалдаж авч байгаа. Тухайлбал, машин, тоног төхөөрөмж болон Монголд үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүн зэргийг худалдан авч байна. Үүнийг зөвхөн түүхий эдээрээ худалдан авч байгаа. Түүхий эдээ тэр чигээр гадагшаа гаргаж байгаа болохоор манай  улсад баялаг болж үлдэж чадахгүй. Тиймээс экспортод гаргадаг бүтээгдэхүүндээ  нэмүү өртөг шингээхийн тулд наад зах нь хагас боловсруулах нь зөв.  Ингэж чадвал хөгжилд ойртохын зэрэгцээ илүү их орлого олно. Өөрөөр хэлбэл, дахин боловсруулалт буюу  зэс, алт хайлуулах үйлдвэр барих хэрэгтэй. Нүүрс угаах үйлдвэрийг бий болгох ёстой. Ноос, ноолуураар дэлхийн стандартад нийцсэн шилдэг бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэж  чадвал бид илүү ашиг ашигтай, орлоготой байна.

-Хөгжлийг мөрөөдөөд 30 жил болж байна. Монголд байгалийн баялаг хангалттай байна. Газарт  нутгийн хэмжээ том, хүн ам цөөнтэй.  Манайд бүх боломж нь байна. Яагаад "хөгжил" гэсэн ганцхан үгэнд чөдөрлөгдөж, шийдлээ хайсаар байна вэ?

-Манай улс дөрөв дөрвөн жилээр эдийн засгаа төлөвлөдөгтэй шууд холбон тайлбарлаж болно. Тухайлбал, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жилээр хязгаарлагддаг учир алсын хараатай хэтийн төлөвлөгөө байдаггүй. Зөвхөн дөрвөн жилийн хугацаатай төлөвлөгөө хэрэгжүүлдгээс гадна уялдаа холбоо байдаггүйтэй холбоотой. Засгийн газраас саяхан “Алсын хараа -2050” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хөгжилд хүрэхийн тулд юу хийх вэ гэдэг алсын харааг 30 жилийн дараа  ярьж байна. Энэ нь хэдийгээр оройтсон ч мэргэжлийн хүний хувьд давуу тал гэж хэлнэ. Иргэдийн хувьд 2050 он гэхээр хол юм шиг санагдавч, хийгээд хэрэгжүүлээд, ажил болгоод явбал урт хугацаа биш. Тэгэхээр Монгол Улс Англи юм уу, Сингапур шиг хөгжих ёстой. Учир нь эдгээр улсад амьдарч байгаа иргэн амар амгалан, өөртөө итгэлтэй, найдвартай,  баталгаатай орлоготой байна.

Сонирхуулахад, Англид хууль дүрэм нь хаандаа ч, харц арддаа ч адил тэгш үйлчилдэг. Тус улсад дундаж давхарга нь илүү хөгжсөн. Баян, ядуугийн ялгааг арилгахын тулд бүх бодлого нь чиглэгдэж байгаа. Тэр бүү хэл, англичууд баячууд болон ядуучуудын хороолол байх нь буруу юм. Та хэдийгээр баян байлаа ч ядуу хүмүүсийн зовж, зүдэрч амьдарч байгааг хараад  аз жаргалтай байх уу гэж байна. Мэдээж байхгүй. Тиймээс бүгдээрээ нэг дэлхий, нэг газарт амьдарч байгаа учраас ижил, тэгш шударга амьдрахыг хүсэж байна. Английн Засгийн газраас компаниудад газар өмчилж өгөөд,  барилга бариулдаг. Гэхдээ зөвхөн нэг давхрыг улсынхаа орон сууцны фондод өгнө. Засгийн газраас үлдсэн давхруудаа “та зарж борлуулж ашиг ол” гэдэг бодлогыг хэрэгжүүлдэг. Улсын фондод ирсэн орон сууцыг бага орлоготой иргэдэд зориулж олгож байгаа. Туйлын ядуу хүмүүсийг үнэ төлбөргүй орон сууцанд амьдруулж байх жишээтэй. Тухайн иргэнийг нас барахаар  орон сууцаа эргээд улсын фондод буцааж авч байна. Залуу хүмүүст улс нь баталгаа гаргаж, орон сууцанд хамруулж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн давхарга бүрт тохирсон орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, аз жаргалтай, амгалан тайван, ажилтай орлоготой болох нөхцөлийг  Засгийн газраас нь бүрдүүлж өгч байна. Бид ч гэсэн ийм нөхцөл, ийм амьдралыг  хүсэж байгаа. Бидэнд бүх боломж нь бий. Гагцхүү хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

Хүүхдүүдийг багаас нь санхүүгийн боловсролтой болгох хэрэгтэй

 

-Гадны олон улсын хөгжлийн бодлогыг бид судалдаг, туршдаг хэдий ч өнөөг  хүртэл төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Харин бид өөрийн гэсэн хөгжлийн түлхүүртэй бодлоготой болохын тулд хамгийн тохиромжтой хувилбар, гарц, шийдэл нь юу  вэ?

-Бид өнөөдөр цар тахлаас үүдэлтэй асар их санхүүгийн дарамтад байна. Тиймээс нэн тэргүүнд санхүүгийн дархлааг яаж бэхжүүлэх ёстой вэ. Нэн тэргүүнд  иргэдийн бизнес эрхлэх боломжийг бий болгох ёстой. Хүүхдүүдийг багаас нь санхүүгийн боловсролтой болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, коронавирус шиг ийм эрсдэл ирэхэд үүнийг даваад гарах хэмжээний санхүүгийн дархлаатай, мэдлэгтэй болгох ёстой юм. Үүнийг багаас нь бэлдэх хэрэгтэй. Тухайлбал, мөнгө гэж юу вэ. Яаж мөнгөө хэмнэж, цомхон амьдарч болох вэ.  Хэт их материаллаг эд шүтэхгүй яаж амьдрах вэ гэдгийг багаас нь заах ёстой. Боловсролын системд багаас хэрэглээний математикийг хэрэгцээтэй байдлаар зааж сургах юм. Энэ бол маш энгийн зүйл. Эдийн засгийн дархлаатай байхын тулд хуримтлалыг бий болгох хэрэгтэй. Хуримтлалтай байхын тулд хэмнэж сурсан байх ёстой. Мэдээж хэмнэсэн мөнгөө гудсан доороо хийгээд хадгалаад байвал өсөхгүй, үржихгүй. Үүнийгээ өсгөхийн тулд хаана ямар зүйлд хөрөнгө оруулалт хийх вэ. Үнэт цаас, валют, банк зэргээс сонгоно. Энэ бүхний эрсдэлүүдийг тооцно. Тэгээд өөрт хэрэгтэй хамгийн зөв сонголтоо хийнэ. Ингэснээр мөнгөний үнэ цэнийг мэдэхээс гадна гэр бүлээрээ санхүүгийн боловсролд суралцана. Миний хувьд гэр бүлээрээ тойрч суугаад мөрөөдлөө бичээч  гэдгийг үргэлжид санал болгодог. Манай гэр бүлийн мөрөөдөл юу вэ. Тойрч суугаад хүслийн жагсаалтаа гаргаач ээ. Хүслээ биелүүлэхийн тулд хэчнээн төгрөг шаардлагатай вэ гэдгээ тооцно.  Та нарт  байгаа боломж хүслээ биелүүлэхэд хүрэлцэж байна уу. Хүслээ биелүүлэхийн тулд бүгд хичээж, зүтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, боломжгүй зүйлийг боломж болгож ашиглахын тулд хөдөлмөрлөх ёстой. Өрх гэр бүл аз жаргалтай байвал улс орон аз жаргалтай, баян  байна. Тиймээс боломжгүйг боломж болгох нь чухал.

-Өнөөгийн нөхцөлд хүн бүр боломжид тулгуурласан шийдлээ хайж байна?

-Тийм ээ. Хайхгүй, эрэлхийлэхгүй байхын нөхцөл дунд хүн төрөлхтөн оршиж байна. Дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор сая жуулчин хүлээж авч чадахгүй хэмжээнд хүрлээ.  Одоо бидэнд ямар боломж байна вэ. Манай улсын маш олон иргэн гадаадад ажиллаж амьдарч, аялж явдаг гэдгийг цар тахлын үеэр мэдэрлээ, харлаа. Бидэнд ямар гарц, шийдэл байгаа вэ. Тиймээс нэн тэргүүнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Гадаадад зараад, зарцуулаад байгаа мөнгөө дотооддоо зарцуулах, зориулах боломжийг бий болгох хэрэгтэй. Тухайлбал, иргэн бүр Монгол орныхоо онгон дагшин байгальтай танилцахын зэрэгцээ 21 аймгаараа аялах, зугаалах боломжийг бий болгоё. Үүнийг боломж гэж хэлээд байгаа юм. Бид тухайн цаг үедээ тохируулаад, өөрчлөгдөж, шинэчлэгдэж чаддаг байх ёстой. Энгийнээр хэлэхэд, маш хурдан хугацаанд хөрвөх чадварыг аж ахуйн нэгжүүд бий болгох хэрэгтэй.

-Манайхан өөрчлөлт шинэчлэлт маш дургүй. Тухайлбал, боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх гэхээр амьжиргааны эх үүсвэрээс минь салгах гэлээ гээд эсэргүүцэл үзүүлдэг. Ийм байхад  дэлхийн хэмжээний чанартай боловсрол эзэмшиж чадах юм уу?

-Дэлхийн хэмжээний сургуультай болохын тулд бид зэрэглэлийн үнэлгээ хийлгэдэг байх ёстой юм. Үүнтэй холбоотойгоор нэг сонирхолтой жишээг татъя. Би одоогоос арван жилийн өмнө Монголбанкинд ажиллаж байхдаа залуучуудаа банк санхүүгийн чиглэлээр Люксенбургийн их  сургуульд явуулах гээд хөөцөлдсөн. Гэтэл МУИС төгссөн хүүхдүүдийг тэнд дээд сургууль төгссөнөөр тооцохгүй гэсэн. Тэгээд  гайхаад асуутал, монгол сургуулиудад зэрэглэлийн үнэлгээ хийгээгүй байгаа юм. Тэгсэн чинь дэлхийн том сургуулиуд хөндлөнгийн бие даасан үнэлгээ хийлгэж,  олон улсын байгууллагаар зэрэглэл тогтоолгодог юм байна. Ингэхдээ тухайн сургуулийн төгсөгчид дэлхийн томоохон байгууллагуудад ажилд орсон байх ёстой. Үүгээр тухайн сургуулийн үнэлгээг хийдэг юм билээ. Төгсөгчид нь дээд зэрэглэлийн том компаниудад ажилд орсон бол сайн гэж үнэлэгддэг гэсэн үг. Түүнд багш, сурагчдын тоо огт хамаагүй. Гагцхүү үр дүн чухал. Бид ч гэсэн зэрэглэлийн үнэлгээ хийлгэж, дэлхийн стандартад нийцсэн жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн үг. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц боловсролыг олгохын тулд өөрчлөлтийг зоригтой эхлүүлэх ёстой.

 

Дэлхийн шилдэг банкирын ноу хауг Монголд нутагшуулсан

 

-Таныг банк санхүүгийн салбарыг өөрчилж, шинэчлэхийн тулд амьдралынхаа багагүй хугацааг зарцуулсныг мэднэ. Олон улсын хэмжээнд үнэлэгдэх хүртлээ банк санхүүгийн салбарт зүтгэнэ гэдэг амаргүй даваа шүү дээ. Тэр дундаа эмэгтэй хүнд хэтийдсэн мэт санагддаг?

-Би амьдралынхаа 30 гаруй  жилийг банк санхүүгийн салбарт зориулсан. Энэ хугацаанд олон өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн хэрэгжүүллээ. Миний хувьд дэлхийн том банк, хөрөнгө оруулагч харилцагчдыг Монголд авч ирэх, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг хийх хэрэгтэй гэдэг саналыг гаргаж, эхлүүлж байсан түүхтэй. Энэхүү чуулга уулзалтын ачаар гадны олон байгууллага манай улсад хөрөнгө оруулан ажиллаж байна. Түүнчлэн банк санхүүгийн салбартай хамааралтай нэгэн жишээг сонирхуулъя. Олон жилийн өмнөх асуудал болохоор ийнхүү илэн далангүй ярьж байгаа юм. Хаан банк санхүү төлбөрийн чадварт хоёр удаа унаж, татан буух хэмжээнд хүрсэн байдаг юм.

Би АНУ-д Вандербильтийн их сургуулийн төгсчихөөд,  Дэлхийн банкинд ажиллаж байхдаа Монголд ирж, банкны салбарыг эрүүлжүүлэх ажлыг хийсэн. Хүн өөрөө капитал. Тиймээс "ХААН" банкийг зөвхөн капиталууд  сэргээнэ. Тухайн үед мэргэшсэн, хараат бус мэргэжилтэй хүмүүс хэрэгтэй гэж үзээд АНУ-ын “Хөгжлийн агентлаг”-тай яриад Монгол руу мэргэшсэн шилдэг банкир явуулж туслаач ээ гэдэг саналыг тавьсан.  Тэгээд Ж.Питтер Морроу  болон Монголын талаас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны хяналт шалгалтын захирал Г.Дэлгэрмаа, н.Энхтөр зэрэг хүмүүсээр баг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хамтарсан баг болж ажилласан юм. АНУ-ын “Хөгжлийн агентлаг”-аас буцалтгүй тусламж хэлбэрээр зохион байгуулсан. Менежментийн удирдлагыг зохистой хэлбэрээр бүрдүүлсний үр дүнд өнөөдрийн “ХААН” банк бий болсон гэж ойлгож болно. Түүнээс хойш “Хаан” банк дахиж хэзээ ч хүндрэлд ороогүй.

Өөрөөр хэлбэл, дэлхийн шилдэг банкирын ноухауг Монголын банкирууд суралцаад үргэлжлүүлж байгаагийн үр дүн.  Мөн “Худалдаа хөгжил”-ийн банкийг нэрлэж болно. Дэлхийн олон оронтой гадаад худалдаа хийдэг компаниудын зээл нь төлөгдөхгүйгээс болж хүндрэл үүсэж байсан түүхтэй. Тэр үед бид хос удирдлага хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Тухайн үед “Азийн хөгжил”-ийн банкнаас буцалтгүй тусламж аваад, тендер зарлаж, олон улсын банкируудыг урьсан. Тэр үед Айнжи гэдэг банк орж ирсэн. Айнжигийн Копа захирлыг монгол захиралтай хамт хос удирдлагыг тавьсан. Мөн  хоёр санхүүгийн албаны дарга, хяналт шинжилгээний ажилтан гээд бүх зүйл нь хос хосоор нь ажилласан. Хамтдаа шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл, бие биеэсээ суралцсан. Энэхүү хөтөлбөр хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд өнөөгийн “Худалдаа хөгжил”-ийн банк бий болох эх суурь тавигдсан. Энэ нь бусдын туршлагыг өвлөж авах, нутагшуулах, ажиллагаа юм. Үүнтэй ижил их, дээд сургуулиудыг гадны  сургуулиудтай хослуулж, хамтын ажлын ажиллагааг эхлүүлэх бүрэн боломжтой.  Тэгэхээр бусдын туршлагыг зөв хэрэгжүүлж, ажил хэрэг болгож чадвал хөгжлийг авчирдаг юм байна. Түүнээс гадна амьдралынхаа ихэнх хугацаанд хяналт, шалгалтын ажлыг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нягтлан бодох гэдэг нь  нягтал, нягтал бод бод гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсад санхүүгийн ажилтнуудын үүрэг роль маш их.

-Өнөөдөр саарал жагсаалтаас хар руу орох гэдэг айдас олон нийтэд бий боллоо. Маш олон зөрүүтэй мэдээллээс болж төөрөгдөлд орж байна. Энэ талаар та үнэн бодит мэдээллийг өгөхгүй юу?

-Монгол Улсад саарал жагсаалтаас хар руу орчих вий дээ гэсэн болгоомжлол маш их байгаа. Миний хувьд "хар жагсаалт" руу арай ч орчихгүй байх гэж бодож байна. Учир нь яагаад өнөөдөр Европын холбооны хар жагсаалтын талаар ярих болсон бэ. Өөрөөр хэлбэл, Европын холбооны улс болгон өөр өөрийн гэсэн мөнгө угаах терроризмтой тэмцэх журмуудтай. Тиймээс улс болгон өөр өөрийн гэсэн журамтай байгааг нэгтгээд нэгдсэн нэг стандарт тогтооё гэдэг шаардлага тавьсан юм билээ. Мөн тэдний саарал болон хар жагсаалтад оруулах журам нь ФАТФ –аас зөрүүтэй байгаа юм. Тэгэхээр ФАТФ-ын жагсаалтад Монгол багтсан. Харин Европын холбоо  гаргаж байгаа дүрэм журмаа олон улсын стандарт руу дөхүүлье. Манай гаргаж байгаа журам, дүрэм ФАТФ-тай ижил байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд, хэлэлцэж байгаа юм билээ. Эцсийн шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нд гарна. Гэвч бид шийдэгдээгүй гээд тайван сууж болохгүй. Харин бид илүү их чармайж ажиллах ёстой болно. Энэ асуудалд улс төдийгүй иргэн бүрт хамааралтай гэж ойлгож болно.

-Яагаад бүх хүний хүчин зүтгэлээс хамааралтай болчихсон юм бэ. Үүний шалтгаан юу вэ. Бид зөвхөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны ажил гэж хараад байдаг шүү дээ?

-Монголд цахим, интернет сүлжээ хөгжсөн. Тиймээс иргэдийн санхүүгийн боловсрол муу байгааг ашиглаж байна. Энгийнээр хэлэхэд, миний нийтэлсэн зүйлийг бусдад түгээж, лайк дарвал тэдэн ам.доллар өгнө. Үүнийг авахын тулд дансны мэдээллээ өгөхийг иргэнээс хүсэж байгаа. Иргэд итгээд дансны мэдээллээ өгч байна. Мөнгө угаагчид эзэнд нь мэдэгдэхгүйгээр мэдээллийн технологийг ашиглан маш их хэмжээний мөнгө угаадаг. Энэ нь санхүүгийн боловсролгүй байдлаас болоод саарал жагсаалтад ороход нэг шалтгаан нь болж байгаа юм. Тэгэхээр үл хөдлөх зуучлалын компаниуд, үнэт зүйлс арилжаалдаг байгууллага, нотариатын байгууллагыг мөн нэрлэж байгаа. Мэргэжлийн байгууллагууд илүү хариуцлагатай ажиллахыг шаардаж байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагаас гадна иргэн бүр хариуцлагатай байх ёстойг цаг үе нь сануулж байна. Та мөнгө угаах терроризмын зохиос болж магадгүй. Тиймээс ингэж ажиллах ёстой. Бүгдээрээ хичээж чадвал хийж, хэрэгжүүлж чаддаг гэдгийг хорио цээрийн дэглэмээс харж болж байна. Дэлхийн 200 орон хүнд байдалтай байна. Олон мянган хүн амиа алдаж байна. Харин энэ вирусжэс болж нас баралтгүй таван улсад Монгол Улс багтсан байна. Энэ нь Монголчууд бид Засгийн газрынхаа шийдвэрийг дагаж, хэрэгжүүлж, мөрдөж чаддаг, эвтэй байхдаа монголчууд ямар хүчтэй вэ гэдгийг дэлхийд харуулж чадлаа. Үүнтэй адил саарал жагсаалтаас гарах, хар жагсаалтад багтахгүй байх боломж бий. Саарал жагсаалтаас гарах заавар журмаа мөрдүүлсэн байна. Хамгийн чухал нь биднээс үр дүнг шаардаж байна. Тиймээс нэн тэргүүний зүйл бол хэрэгжилт. Олон нийтэд ойлгуулах, мэдээлэл өгөх, санхүүгийн боловсролтой болгох хэрэгтэй байна. Хуурамч мэдээлэлд итгэж санхүүгийн мэдээллээ өгөхгүй байхыгЗасгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо аж ахуйн нэгжүүд, иргэдэд зөвлөж ажиллах ёстой.

 

 

Ярилцсанд баярлалаа